Өрхийн орлого 84.4 мянган төгрөгөөр буурчээ
- 2016-11-15
- Нийтлэл
- 0

Хөрөнгө оруулалт хомс, валют орж ирэх суваг “хаалттай” зэргээс шалтгаалсан эдийн засгийн таагүй цаг үед бид аж төрж байна. Энэ тухай саар мэдээлэл элбэг хэдий ч “Сайн” гэж онцлохоор мэдээлэл бас байна... Хэтрүүлж хэлбэл өдрөөр бус цагаар өсч байсан ам.долларын ханш өчигдөр бага зэрэг буурлаа. Ширхэг ч хуушуурын үнэ хүрэхгүй байсан хонины нэхий өдгөө 4000 төгрөг давж, малчдын орлогод дэм болж байна. Арьс, ширний үнэ ч өнгөрсөн жилтэй харьцуулахад бага хэмжээгээр өссөн тухай малчид өгүүлж байна. Мөн махны үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад 20, гурван жилийн өмнөх үетэй жишвэл даруй 50 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнийг олон нийт мичин жилийн хатуу өвлийн айдас хэмээн таамаглаж байгаа. Нээрээ ч малчид энэ өвлийг “Хүнд болно” гэсэн болгоомжлолтой байгаа. Ийм л учраас малаа цөөлөх бодлого барьжээ. Үүний үр дүнд малчдын орлого буурч, нийслэлчүүд хямд мах хүнсэндээ хэрэглэх боломж бүрдэж байна.
Энэ бүхний эсрэг талд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн хэвээр. Олон улсын санхүүгийн байгууллагууд энэ онд манай улсын эдийн засгийг 0-0,1 хувиар өснө гэж таамаглаад байгаа. Тухайлбал, ОУВС энэ онд манай улсын эдийн засгийг өсөхгүй гэж таамагласан. Харин Дэлхийн банк 0.1 хувиар өснө гэж таамагласан нь бий. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр нийгэм, эдийн засгийн гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 853.3 мянган төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 84.4 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт болж байна. Шалтгааныг авч үзвэл, цалин хөлсний орлого 28 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 37.7 мянган төгрөгөөр багассан нь голлон нөлөөлсөн байна. Мөн айл өрхийн сарын дундаж мөнгөн зарлага гуравдугаар улиралд 926.2 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.4 мянган төгрөгөөр буурчээ. Үүнээс үзэхэд нэг өрхийн сард зарцуулдаг мөнгөн дүн 74 мянган төгрөгөөр буурсан болж таарч байна.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 10 сард 258.0 мянган хүнд 125.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон байх юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 65.3 мянга буюу 30 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 2.1 тэрбум төгрөгөөр өсчээ. Хүний хөгжил сангаас энэ оны аравдугаар cард 18 хүртэлх насны 612.1 мянган хүүхдэд нийт 12.6 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгосон гэнэ. Харин өнгөрсөн сард 12.6 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулжээ. Тэгвэл Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 10 сард 1458.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 283.3 тэрбум төгрөг, зарлага 1418.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 137.5 тэрбум төгрөгөөр тус бүр өссөн байна.
ТӨСВИЙН АЛДАГДАЛ ХОЁР ИХ НАЯД ДАВЛАА
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ орлогоосоо давж, төсөв хоёр их наяд 320.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны эхний 10 сард зургаан их наяд 814.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд 400 тэрбум төгрөгөөр өсчээ. Улсын өр өнгөрсөн оноос илүү нэмэгдэх болсон шалтгаан нь урсгал зардал 758 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 442 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 138 тэрбумт хүрч өссөн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооны шинжээч тайлбарлалаа. Тус хорооноос гаргаж буй оны эхний 10 сарын төсвийн алдагдлын мэдээллийг өнгөрсөн есдүгээр сарынхтай харьцуулахад нэг сарын дотор 268.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 2016 оны эхний есөн сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ хоёр их наяд 51.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан юм.
ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 886.7 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭВ
Арилжааны банкуудын зээл олголтоо хумьсан байдал үргэлжилж байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 12.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 6.4 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 565.5 тэрбум төгрөгөөр өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдлийн тухайд өнгөрсөн сарын эцэст 886.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 97.6 тэрбум, өмнөх оны мөн үеэс 25.9 тэрбум төгрөгөөр өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 1136.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 16.9 тэрбум, өмнөх оны мөн үеэс 265.0 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээлийн тухайд энэ нь өнгөрсөн оноос 30.4 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
АЖИЛГҮЙДЭЛ ӨСЧЭЭ
Улсын хэмжээнд ажилгүйдлийн төвшин гуравдугаар улиралд 9.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар өсчээ. Тэр дундаа өмнөх улирлаас нэг хувиар өссөн байна. Ажиллах хүчний судалгааны энэ оны гуравдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам нэг сая 263.2 мянга болсны 681.4 мянга нь эрэгтэй, 581.8 мянга нь эмэгтэйчүүд байна. Харин улсын хэмжээнд ажилгүй иргэн 118.8 мянга болжээ. Тэдний 72.7 мянга буюу 61.2 хувь нь эрэгтэй, 46.1 мянга нь эмэгтэй байгаа юм.
Д.Ганбаатар
Монголын үнэн

Сэтгэгдэл (1)
(103.212.118.68)
ÐУУ ШҮҮ