Хийн түлшний үнэ литр тутамдаа 250-300 төгрөгөөр нэмэгдлээ

 

        Хийн түлш буюу газ түгээх станцууд жижиглэнгийн үнээ өсгөжээ. Тодруулбал, өнгөрсөн ням гаригаас эхлэн хий нийлүүлэгч компаниуд литр тутмыг 250-300 төгрөгөөр нэмээд байна. Үүнээс өмнө хийн түлш литр тутамдаа 850-900 байсан бол одоо 1200 төгрөг болжээ. 2014 оны байдлаар манай улсад бүртгэлтэй хийн түлш хөдөлгүүртэй автомашины тоо 7000 хол давжээ. Мөн тухайн жилийн тооцоогоор улсын хэмжээнд 15 мянга гаруй автомашинд хийн түлш хэрэглэдэг байж. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ тоо дахин өссөн байх магадлалтай гэж жолооч нар таамаглаж байна. Ямартай ч хийн түлшний үнэ ийнхүү огцом өссөнөөр нэг хэрэглэгчийн сарын хэрэглээний зардал 60 орчим мянган төгрөгөөр нэмэгдэхээр болж байна. Тодруулбал, “Юнигаз” компани 2015 оны тавдугаар сард авто хийн нэг литрийн үнийг 220-аар хямдруулж, 1100 төгрөг болгосноо мэдэгдэх үеэр нэг хэрэглэгч сарын хэрэглээндээ 30-60 мянган төгрөгийн бодит хэмнэлт хийх тооцоог гаргаад байсан юм. Амьжиргааны төвшин дунд буюу түүнээс доош өрх хийн хөдөлгүүртэй автомашин ашигладаг гэсэн албан бус судалгаа ч бий. Тэгэхээр өрхийн орлого багатай иргэдэд хийн түлшний нэмэгдэл хүнд цохилт болох нь дамжиггүй юм.

 

Үүнээс гадна Засгийн газраас 2002 онд газан хөдөлгүүртэй автомашины Онцгой албан татварыг тэглэсэн билээ. Агаарын бохирдлыг бууруулах, байгаль экологид ээлтэй хэмээн хийн хөдөлгүүртэй автомашин түлхүү оруулж ирэх бодлогоор ийнхүү татвараас чөлөөлснөөр сүүлийн хэдэн жилд хийн хөдөлгүүртэй автомашины тоо эрс нэмэгдсэн гэж үздэг.

 

Яг одоогоор манай улсын хэмжээнд долоон компани түлш хийгээд ахуйн хэрэглээний хий нийлүүлж буй. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хэрэглээ нь хамаарч байдаг хийн түлшний ахуйн хэрэглээнийх нь импорт тогтмол өсөлттэй байгааг Монголын үндэсний худалдаа Аж үйлдвэрийн танхимаас гаргадаг мэдээлэлд дурдсан нь бий. Тодруулбал Монгол Улс 2011 оны байдлаар 15.9 мянган тонн хийн түлш импортолж байсан бол 2014 онд 42.8 мянган тонн болж, гурав дахин өсчээ. Дотоодын зах зээлд шингэрүүлсэн хий нийлүүлдэг компаниуд сард 300­1100 тонн хий борлуулдаг гэсэн статистик бий. Эдгээрийн дийлэнх нь нийтийн хоолны салбарын захиалагчид байгаа бол автомашины хийн түгээгүүрийн станц цөөн байгаа болохыг салбарынхан хэлж байна. Одоогоор импортын 92 хувийг ОХУын компаниудаас хангаж байгаа бол долоон хувийг БНСУ­аас, үлдсэн нэг хувийг БНХАУ­аас нийлүүлдэг байна. Дотоодын зах зээлийн нийлүүлэлтийн 35 хувийг “Дашваанжил” компани, 24 хувийг “ЮниГаз” компани бүрдүүлдэг бөгөөд эдгээрээс компаниас “Дашваанжил”, “Гор газ” хоёр л үндэсний аж ахуйн нэгж юм.

 

ҮНЭ ӨСӨХ ШАЛТГААН

 

        Дотоодын хэрэглээгээ импортоор хангадаг манай улсын хувьд валютын ханшийн өсөлт салбар бүрт нөлөөлж байна. Энэ “сүүдэр” ч хийн түлш нийлүүлэгч компаниудад туслаа. Товчхондоо “Валютын ханш нэмэгдсэн учраас жижиглэнгийн үнээ нэмсэн” хэмээн тайлбарлав. Тухайлбал, “Дашваанжил” компанийн мэргэжилтэн н.Ариунзаяа “Валютын ханш өссөнтэй холбогдуулан жижиглэнгийн үнээ нэмэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Учир нь, манай компани хойд хөршөөс ам.доллараар худалдаа хийдэг. Өнгөрсөн хугацаанд алдагдалтай ажиллаж ирсэн. Манай компани нийслэл болон орон нутагт литр тутмыг нь 1200­1400 төгрөгөөр худалдаалж байна” гэж ярив. Ийнхүү төгрөгийн ханшийн хэлбэлзэлтэй холбогдуулан хийн түлшний үнийг нэмсэн хэдий ч тухайн компанийн хувьд “Ёндоо” урамшуулалын хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа гэнэ. Мөн “Гор газ” компанийн Маркетингийн менежер н.ГанЭрдэнэ “Валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор өнгөрсөн есдүгээр сард хийн үнийг 100 гаруй төгрөгөөр нэмэх тооцоо гарч байсан. Гэсэн хэдий ч алдагдал хүлээх хэмжээнд хүрээгүй учир үнийг нэмээгүй” гэж тайлбарлав. Мөн тус компани гэрээт хэрэглэгч, “Ногоон карт” эзэмшдэг жолооч нартаа урамшуулал олгож литр тутмын үнээс 50­100 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг бөгөөд үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байгаа гэнэ. Хийн түлш инпортлогч компаниуд валютын ханш буурахаар үнээ буулгахад бэлэн байгаагаа дуулгав.

 

АМ.ДОЛЛАР БА ХИЙН ТҮЛШ

 

        Ам.долларын ханшийн нөлөөлөөс болж үйлчилгээний үнээ өсгөсөн аж, ахуйн нэгжүүдийг буруутгах боломж ихэнх талаараа үгүй юм. Гэсэн хэдий ч бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх нь иргэдийн амьдралд дарамт болдог гэдэг талаас нь авч үзвэл нөхцөл байдал өөр зүгийг чиглэнэ. Тиймээс хийн түлшийн зах зээлийн үнийг ам.долларын ханшийн хэлбэлзэлтэй жишиж үзэхийг хичээлээ. Дотоодын зах зээлд ам.доллар 2250 төгрөг байх үед литр хийн түлш буюу газыг 1300 төгрөгөөр худалдаалж байжээ. Тэгвэл 2015 оны тавдугаар сард арилжааны банкууд нэгийн тоотой “ногоон” мөнгийг 1950 төгрөгөөр худалдаалж байхад литр хийн түлшийг 1100 төгрөгөөр борлуулж байжээ.

 

ХАРДЛАГА БА МАГАДЛАЛ

 

        “Монгаз” компанийн захирал н.Энэбиш хэдэн жилийн өмнө “Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед “Юнигаз” компани онцгой эрхтэйгээр ганцаараа авто хий нийлүүлж байсан. Харин 2007 оноос хойш бүх компанид энэ эрх нээлттэй болсон” хэмээн ярьсан нь тухайн үед анхаарал татах сэдэв болж байв. Үнэндээ нэг компанид ийнхүү давуу эрх олгосон байдлаас болж зах зээлд дотоодын тоглогчид хугацаа алдсан нь маргаангүй. Хамгийн ойрын жишээ гэхэд хийн түлш иинпортлогч компаниуд өөрийн гэсэн станц барьж ашиглалтад оруулах гэж багагүй хугацаа алдсан тухай ч ярьдаг. Энэ мэт жишээ тухайн салбарт бизнесийн цэвэр өрсөлдөөн явсан эсэх тухай ойлголт юм. Тэгвэл ам.долларын ханш 1950 төгрөг байхад литр хийг 1100 төгрөгөөр худалдаалж байсан компаниуд яагаад “ногоон” мөнгө 2000 төгрөгтэй хайнцаж байх үед 950 төгрөгөөр литр хийг худалдсан байж таарах вэ. Хамгийн ойлгомжгүй хийгээд тодорхойгүй асуулт энэ ч байж мэдэх юм. Тэгвэл энэ талаар эдийн засагчид хийгээд салбарын мэргэжилтнүүд “Үндэсний компанийг шахах бодлого” хэмээн ярьж байна. Учир нь дотоодын зах зээлд энэ салбарт үндэсний хэмжээний хоёрхон тоглогч байгааг дээр дурдсан. Тэдгээрийг гаднын хөрөнгө оруулалтай компаниуд зах зээлээс “шахах”­ын тулд эдийн засгийн хүнд нөхцөлийг далимдуулан үнээ зориуд буулгасан гэсэн хардлага ч байна. Үнэндээ ийм магадлал ч өндөр. Учир нь, дотоодын компаниуд бизнесийн үйл ажиллагаанаасаа ашиг олно. Харин гаднын хөрөнгө оруулалтай компаниуд алдагдалтай ажиллаж байсан ч хөрөнгө оруулалтаа аваад байдаг байж бас болох юм... Гэвч энэ бол салбарын мэргэжилтнүүдийн хийгээд цөөн тооны эдийн засагчдын хардлага гэдгийг дахин сануулах нь зүйтэй болов уу...

 

 

Д.Ганбаатар

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • батаа (202.70.46.209)

    2016-12-07

    Газны үнээ буулгаачээ