Сэргээшээс ангижрах боломж

 

        Монголын спортын салбарынхны хэл ам дагуулдаг сэдвийн нэг нь допинг буюу сэргээшийн асуудал юм. Сэргээшийн тухай энэ яриа сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татах болсон билээ. Хамгийн сүүлд өнгөрсөн зун үндэсний баяр наадамд зодоглосон хоёр бөхөөс допинг илэрсэн нь нэг хэсэгтээ л шуугиан дуулиан болсон. Ярих амархан. Харин ийм ноцтой, олны анхаарал татсан асуудлыг нэг тийш нь яаралтай зохицуулахгүй бол дараа жилийн улсын баяр наадмаар ч энэ тухай ярьсаар байхыг үгүйсгэхгүй. Монголын спортын түүхэнд допинг илэрсэн 30 орчим тохиолдол байдгийн дийлэнхийг буюу 16­г нь үндэсний бөхийнхөн эзэлдэг. Он цагийн хувьд авч үзвэл 1972 оны Мюнхений олимпын наадамд оролцсон тамирчнаас анх удаа сэргээш илэрч байсан. Гэтэл үндэсний бөхөөс допинг илэрсэн анхны тохиолдол 2002 онд гарсан гэж Монголын допингийн эсрэг үндэсний төвийн тоон мэдээлэлд дурдсан байх юм. Тэр үед тамирчид допингийн талаар мэдээлэл дутмаг байсан байж болно. Гэтэл өнөөгийн мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хүмүүс энэ төрлийн бодист ямар эм бэлдмэл багтдагийг хаанаас ч олж мэдэх боломжтой. Эндээс хөөн үзэхэд тамирчид үнэхээр мэдэхгүйдээ допингийн төрлийн бодис хэрэглэдэг үү, эсвэл эрүүл мэндээрээ хохирон байж хориглосон эм бэлдмэлээр хүч чадлаа сэлбээд байна уу гэх асуулт урган гарч байгаа юм.

 

Монгол Улс 1999 оноос Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрт нэгдэж, Үндэсний олимпын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрч даган мөрдөх болсон. Энэ үйл явдлаас хойш найман жилийн дараа буюу 2007 онд Үндэсний олимпын хороо Допингийн эсрэг төв төрийн бус байгууллагыг байгуулж, допингийн эсрэг дуугарч эхэлсэн юм. Тус төв нь одоо Монгол Улсад зохион байгуулж буй олон улсын тэмцээн, үндэсний их баяр наадамд оролцогчдоос допингийн хяналтын шинжилгээ сэргээшийг авах, шаардлагатай тохиолдолд тэмцээний бус үеийн шинжилгээ авах ажлыг гүйцэтгэж байна. Гэхдээ энэ төрлийн бодис илэрсээр байгаа нь спортын холбоо, допингийн эсрэг байгууллага болон тамирчдын хамтын ажиллагаа тааруу байгааг илтгэнэ. Нөгөө талаар тамирчид ч энэ талын мэдээлэлд анзааргагүй ханддагаас хэдэн жилийн хөдөлмөрөө баллуурдах болдог. Ганцхан жишээ дурдъя. Өмнө хэлсэнчлэн Монголд допингийн шинжилгээнд бүдэрсэн 30 орчим тамирчны 20 гаруйгаас нь анаболик стероид хэмээх бодис илэрсэн байна. Хэрвээ энэ бодис манай тамирчнаас илэрсэн анхны тохиолдлын үед тэдэнд сайн ухуулж танилцуулсан бол допинг илрэх явдлыг багасгах бүрэн боломжтой байсан. Допингийн төрлийн бодисын хор нөлөөг судлахад анаболик стероид нь эрэгтэй хүнийг үргүйдүүлэх, үс унах, хөх томрох зэрэг хор нөлөөтэйгөөс гадна элэг, бөөрний үйл ажиллагааг алдагдуулж, зан төлөвийн хувьд догшин ширүүн болгодог. Эмэгтэй хүн биеийн галбираа алдаж, нүүр биеэр нь үс ургана. Хамгийн аюултай нь жирэмсний үед ураг гэмтэх эрсдэлтэй байдаг аж. Энэ эрсдэлээс тамирчдаа хамгаалахад спортын байгууллагуудын хамтын ажиллагаа ч бас чухал юм.

 

Хэдхэн хоногийн өмнө Монголын үндэсний бөхийн холбооныхон допингийн эсрэг сан байгуулах болсноо зарлалаа. Чихэнд чимэгтэй энэ ажлыг цаасан дээр бичээд орхих бус амьдралд хэрэгжүүлбэл үр дүнгээ өгнө. Хамгийн гол нь оновчтой бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай юм. Оновчтой хөтөлбөр хэрэгжүүлж чадвал үндэсний бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илрэхгүй байх сайн талтай. Манай улсад допингийн шинжилгээ авах лаборатори байгуулах санхүүгийн боломж одоогоор байхгүй. Тиймээс Хятад, Солонгос, Казахстан гэсэн олон улсын стандартад нийцсэн лабораторийн үнийг судалж, допингийн шинжилгээгээ хийлгэх боломжтой юм.

 

ДОПИНГИЙН ХОР ХОЛБОГДОЛ

 

Энэ төрлийн бодис гэдэг нь дэлхийн Допингийн эсрэг дүрэмд зааснаар хориглосон жагсаалтад багтдаг бодисуудын иж бүрдлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл допинг гэсэн тусгай бодис, эм тариа байхгүй, олон төрлийн эмийн бодис, хориотой аргын нийлбэр юм.

 

Хориотой жагсаалтад анаболик стериод буюу бэлгийн дааврын гаралтай бодис, пептид гормон, гуурсан хоолойн рецепорыг саатуулж үйлчилдэг бодисууд, шээс ба хаван хөөх эмүүд, мансууруулагч, хар тамхины төрлийн бодис гэх мэт олон төрлийн бодис багтдаг.

 

Нэг үгээр допингийн төрлийн бодисыг агуулсан буюу найрлагад нь тэдгээр бодис багтсан эмийг анагаах ухааны практикт өвчин эдгээх зорилготойгоор тодорхой тун, давтамжаар эмнэлгийн заалт, өвчний үе шатанд тохируулж хэрэглэдэг. Гэтэл өвчин эдгээх зориулалттай эмийг эрүүл хүн өндөр тунгаар байнга дамтамжтай хэрэглэх нь эд эрхтнийг гэмтээж, үйл ажиллагааг нь алдагдуулан үрэвсүүлэх, хавдар үүсгэх улмаар амь насанд ч аюул учруулах эрсдэлийг дагуулдаг.

 

Эрүүл хүн эмийн бодисыг эхэлж хэрэглэхэд биеийн дархлааны системийн хамгаалах үйл ажиллагааны үр дүнд гаднаас их хэмжээгээр орж байгаа хорыг шүүх, аюулгүй болгох, гадагшлуулах, тухайн эмийн нөлөөнд эд эрхтний ажиллах чадвар сэргэх зэргээр дасан зохицох процесс явагдах боловч олон давталттай өндөр тунгаар байнга хэрэглэхэд эд эрхтнүүд аажмаар уг хорыг хүлээн авах чадваргүй болж, туйлдан үйл ажиллагаа нь алдагдаж, улмаар бүтцийн өөрчлөлтөд орсноор өвчин үүсдэг. Хориотой жагсаалтад багтсан бодисуудын үйлчилгээ янз бүр байгаагаас хамаарч биед олон төрлийн сөрөг нөлөө гарна. Тухайлбал, ядрах, цусны даралт ихсэх, уур уцаартай болох, дархлал суларч өвчинд өртөмтгий, ханиад шуухинаа тусахдаа амархан болох, биеэр батга шавах, тууралт гарах, зүрх судасны үйл ажиллагаа доголдох, элэг, бөөр болон бусад эрхтний үйл ажиллагаа хямрах зэрэг гаж нөлөө үүсдэг байна.

 

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)