Зам тээврийн осол иргэдийг эдийн засгийн хямралаас илүү ЗОВООЖ БАЙНА

 

        Олон жил ганц биеэрээ гансарч амьдарсан нэг хөгшин манай байранд байдаг юм. Түүнийг хүмүүс “улаан дээлт” л гэж нэрлэдэг бөгөөд инээмсэглэж байхыг нь хүмүүс хэзээ ч хараагүй гэх. Сайн таньдаг хүнээс нь лавлахад, ганц сайхан хүүгээ авто замын ослоор алдаж, түүнээс хойш хэнтэй ч үг солиогүй, бүр нэг өмссөн хувцсаасаа ч салахаа больсон гэв. Нэг ёсондоо хөөрхий тэр эмээг авто замын осол гэх аюул амьдаар нь тамын оронд илгээчихсэн хэрэг. Өнөөдөр “улаан дээлт” эмээтэй адил олон мянган хүн авто замын ослоор аав ээж, хань ижил, үр хүүхдээ алдан гуньж сууна. Үүнийг саяхан Замын цагдаагийн газраас зохион байгуулсан зам тээврийн ослоор ам насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх өдрийн үйл ажиллагаа ч баталсан юм.

 

Зам тээврийн осол, гэмтэл зөвхөн Монголд бус дэлхий нийтийг түгшээж байгаа аюулт үзэгдэл болоод байна. Үүнийг багасгах, зогсоох зорилгоор “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх дэлхий нийтийн өдөр”-ийг 1993 онд Англи Ирландын вант улсад анх тэмдэглэжээ. Үүнээс хойш уг арга хэмжээг авто ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх болон бусад хохирол амсч байгаа тэдний ар гэр, ойр дотнынхонд эмгэнэл илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас шийдвэрлэжээ. Харин Монгол Улсын хувьд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор саяхнаас зохион байгуулж иржээ. Гэвч авто замын осол, гэмтэл буурахгүй харин ч жил ирэх тусам улам нэмэгдэж, хорт хавдар өвчнөөс дутахааргүй аюулын харанга дэлдэж байгаа гэлтэй. Энд хэд хэдэн баримт дурдъя. Дэлхийд зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа нь нас барах шалтгааны наймдугаарт бичигдэж, Монгол Улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25-д орж байна. Түүнчлэн манай улсад 2010-2016 оны байдлаар 43176 хүн зам тээврийн осолд өртөж, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 3356 хүн амь насаа алдаж, 8309 иргэн хүнд, хүндэвтэр гэмтлийг авчээ. 2016 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, 1081 хүн ямар нэг байдлаар гэмтсэн байна. Энэ бүх тоо баримтаас үзэхэд, зургаан жилийн дотор 3400 орчим хүнээ бид авто замын ослоор үхэл рүү илгээчихэж. Цөөн хүн амтай монголчуудын хувьд энэ сэтгэл сэртхийлгэсэн аймшигт тоо биш гэж үү. Өглөө гэрээсээ бодол сэтгэл, хүсэл мөрөөдлөөр дүүрэн гарсан ийм олон иргэн аав ээж, хань ижил, үр хүүхдэдээ эргэж очоогүй гээд бод доо. Тэд гэнэтийн халдлага, дайралтад өртөөгүй, зөвхөн авто замын осолд өртөж амь насаа алдсан байх юм. Энэ бүхэн юуг хэлээд байна вэ гэвэл, авто замын осол гэх аюулт харанга энэ нийгмийг бүхэлд нь цочоож байна. Нөгөөтэйгүүр авто замын ослын ихэнх нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байх юм. Үүнийг Замын цагдаагийн газрынхан ч хэлж, нотолдог. Гэхдээ л өнөөдрийг хүртэл хүний амиар дэнчин тавьж, хатуухан хэлэхэд “нааддаг” жолооч нарт тооцдог хариуцлага сул, бүрхэг хэвээр байгааг өдөр тутам гарч байгаа авто замын осол гэрчилж байгаа бус уу. Ер нь замын хөдөлгөөний осол ихэвчлэн хурд хэтрүүлсэн, архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж гардаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд хийсэн судалгаагаар манай улсын 15-64 насны иргэдийн дөрвөн хувь нь сүүлийн 12 сарын дотор зам тээврийн осолд ямар нэгэн байдлаар өртсөн байна. Тэгэхээр найман настай балчраас 80 настай буурал замын хөдөлгөөнд оролцдог болохоор хүмүүс бид амьд явах баталгаагаа хэнээс нэхэх вэ.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг хүн бүр алхам тутамдаа мөрдөн хэрэгжүүлж, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж, эрдэнэт хүний амь насыг хамгаалах нь хэн хүний үүрэг гээд Замын цагдаагийн газрынхан яриад суух уу, эсвэл согтуу жолоочийн буруу гээд нийгмээрээ эмгэнэн гашуудаад л өнгөрөх үү. Ямартаа ч зам тээврийн осол, гэмтэл Монголд нүүрлэж, хэн бүхний анхаарлын төвд орчихсон эдийн засгийн хямралаас илүү аюул тарьж мэдэх нь. Эдийн засгийн хямралаас гарч болно. Харин зам тээврийн ослоор үрэгдэж байгаа эрдэнэт хүний амь нас эргэж хэзээ ч олдохгүй. Тиймээс зам тээврийн осол аюулын харанга дэлдэж айл бүрийн хаалгыг тогшиж байна гээд хэлчихвэл нэг их буруудахгүй бололтой. Юутай ч зам тээврийн ослоор амиа алдах эрсдэл өдөр бүр биднийг сүүдэр мэт дагаж явааг баримт нотолгоотойгоор сануулсаар байна.

 

Б.Даариймаа

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)