Нярай хүүхдүүд уушгины хатгалгаа тусах нь ихэсчээ
- 2016-12-06
- Нийтлэл
- 0

Ханиад томуутай холбоотойгоор дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ачаалал нэмэгдсэний улмаас нэг орон дээр хоёроос гурван нярайг зэрэгцүүлж хэвтүүлэн эмчилж байна. Ханиад, томуутай хүүхдүүд нэг дор олноор төвлөрснөөс болж агаар дутагдан тархины дутмагшилд орж, сэхээний тасагт шилжсэн, мөн ханиадаа эмчлүүлэхээр очоод хажуу хүүхдээсээ гэдэсний халдвар аван сэхээнд орсон талаарх иргэдийн гомдол бидэнд ирсэн юм. Энэ дагуу бодит байдлыг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорилоо.
Биднийг очиход тус эмнэлгийн хүлээн авахад халуунтай, ханиадтай хүүхдүүдээ тэвэрсэн эцэг эхчүүд олон байлаа. Ханиаж, уйлалдах хүүхдүүдийн хажууд хөгшин, залуу янз бүрийн л өвчтөн хэвтэхээр ирсэн бололтой дугаарлан зогсох аж. Тус эмнэлгийн хүлээн авах тасгаар хүүхэд, том хүн зэрэг үйлчлүүлдэг юм билээ. Тэд өглөө эрт ирсэн ч үд хүртэл хүлээж байна гэж байв.
Өлгийтэй хүүхэд тэвэрсэн нэгэн эмэгтэй хэлэхдээ, “Баянзүрх дүүрэгт хүүхдийн түргэн байдаггүй. Хүүхдээ өвдлөө гээд Өрхийн эмнэлэгтээ хэлэхээр дараалал яриад цаг ав, эсвэл өөрөө ирээд үзүүл гэдэг. Тиймээс ханиадтай хүүхдээ тэврээд Өрхийн эмнэлэг рүүгээ явдаг. Өрхийн эмч манай хүүхдийг нэг талдаа хатгаатай гээд хэвтэж, эмчлүүлэх бичиг хийж өгсөн. Энэ хүйтэнд холоос автобусаар хүүхдээ тэвэрч ирээд цаг гаруй дугаарлаад сууж байна. Ингэж халуунтай, ханиадтай хүүхдээ олон дамжлагаар зөөснөөр өвчин нь хүндрэх вий гэж айх юм” гэлээ.
8-12 хүүхдээс гадна нэмээд энэ тооны сахиур байдаг байна. Дээр нь халуун хоол, цайны үнэр, уур савсахаар өрөө бүгчим болдог талаар хэвтэн эмчлүүлэгсэд хэлж байсан. Иргэн Ш.Ганцэцэг хэлэхдээ “Ханиадтай, цээжиндээ цэртэй, амьсгалж ядаж байгаа хүүхдүүдэд энэ бүгчим орчин нь агаар дутагдах нөхцөл болж байна. Манай хүүхэдтэй нэг орон дээр эмчлүүлж байсан хүүхэд эрчимт эмчилгээ рүү шилжсэн. Зүгээр ирсэн хүүхэд эрчимт рүү шилжээд байгаад айж байна” гэв. Үүний дагуу Эрчимт эмчилгээний тасаг руу очиход үүдэнд нь шилэн хаалгатай сахиурын өрөө байна. Уртаашаа гурав, өргөн нь хоёр метрийн харьцаатай жижиг өрөөнд арав орчим ээж сууж байв. Энд голдуу нярайн сахиурууд байх бөгөөд хүүхэд нь сэрвэл эмч ирээд дуудаж уулзуулдаг аж. Эмнэлэгт зүгээр ирсэн хүүхэд маань сэхээнд орчихсонд гайхаж байна гэх хоёр, гурван эмэгтэй бидэнд яриа өгөхийг зөвшөөрсөн юм.
Р.БАТНЯМ: АРАВ ХОНОГ ЭМЧЛҮҮЛСЭН Ч ЭРГЭЭД СЭХЭЭНД ОРЧИХЛОО
Таван сартай хүүхэд маань уушгины хатгалгаатай гэх оношоор энд хорь хоногийн өмнө ирсэн. Арав хоног эмчлүүлээд гарсан. Гэтэл гарсан өдрийнхөө шөнө 40 хэм хүрч халуурахаар нь түргэн дуудсан. Түргэний эмч ирж үзээд хатгалгаа нь хүндэрсэн байна гэхээр нь гайхаад, “Эмнэлэгт арав хоног эмчлүүлээд дөнгөж өнөөдөр гарсан шүү дээ” гэхэд яаралтай хэвт гээд буцааж энэ эмнэлэгт авчирсан. Хүүхдийн тасагт дахин хэвтэн эмчлүүлэхээр болж, эмчилгээ хийлгүүлж байсан хүү маань маргааш нь гэнэт таталт өгч, улмаар эрчимт эмчилгээнд ороод байна. Эм тариа нь харшилсан болов уу гэж бодож байна. Одоо эрчимтэд арав хонож байхад дээрдсэн юм алга. Эмч, сувилагчаас нь яагаад ийм болчихов гээд тодруулахаар өвчний явц нь хүнд байна гэхээс өөр юм хэлэхгүй байна. Тархины дутмагшил гэх онош тавиад байгаа.
Ж.ЦОГЗОЛ: ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТАЙ ХҮҮХЭДТЭЙ ХАМТ ХЭВТҮҮЛСНЭЭС БОЛЖ ХҮҮХДИЙГ МААНЬ ЭРЧИМТ РҮҮ ШИЛЖҮҮЛСЭН
Манай хүүхэд зургаан сартай. Нэг талдаа хатгалгаатай гэсэн оношоор Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Гэтэл хажууд нь гэдэсний халдвартай, гүйлгэдэг хүүхэд хэвтүүлснээр манай хүүхдэд халдаад гүйлгэж, суулгасан. Мөн л тархины дутмагшил болсон гэх оношоор эрчимтэд шилжүүлээд байна.
Энэ мэт гомдол мэдүүлэх хүн цөөнгүй байлаа. Тийм учраас тус эмнэлгийн Ерөнхий захирлын орлогч, Ерөнхий эмч Л.Баярцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
Л.БАЯРЦЭЦЭГ: ХҮНД ХҮҮХДИЙГ БУЦААХГҮЙН ТУЛД НЭГ ОРОН ДЭЭР ХОЁРООР НЬ ХЭВТҮҮЛЖ БАЙНА
-Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны тархалт ихсээд дүүргүүдийн эмнэлэг нэлээд ачаалалтай байх шиг байна. Танайх ямар байна вэ?
-Эрт хүйтэрсэнтэй холбоотой уушгины хатгалгаа дийлэнх хувийг эзэлж байна. Тэр тусмаа бага сартай нярай хүүхэд уушгины хатгалгаа тусах нь элбэг байна. Нийслэлийн хэмжээнд ханиад томууны дэгдэлтээс болж, дүүргүүдийн эмнэлэг ачаалал ихтэй ажиллаж байгаа. Гэхдээ ганц манай эмнэлэг л хамгийн олон хүнд үйлчилдэг. Баянзүрх дүүргийн хэмжээнд ганц байдаг энэ эмнэлэг өнөөдрийн байдлаар 370 мянган хүнд үйлчилж байна.Үүнээс нэг сартайгаас 16 насны 140 000 хүүхдэд үйлчилдэг. Тэгэхээр ачааллал маш ихтэй байдаг гэж ойлгож болно. Хүлээн авахаар өдөртөө 250-290 хүүхэд үйлчлүүлж байгаагийн 15-20 орчим хувь нь зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна. Нэн ялангуяа бага сартай хүүхдийн эзлэх хувь өндөр байна.
-Эмнэлгийн ачааллаас үүдэж нэг өрөөнд олон хүүхэд байлгаж байна. Үүнээс болж агаар дутаж, зүгээр байсан хүүхэд тархины дутмагшилд орж, эрчимт эмчилгээнд шилжээд байна гэж иргэд гомдоллож байна. Энэ талаар тайлбарлаач?
-Манай Хүүхдийн тасаг 130 ортой. Гэтэл одоо ачаалал нэг дахин нэмэгдэж, 220 хүүхэд эмчилж байна. Нэг эмчид 13-15 хүүхэд ногдох ёстой байтал 24 хүүхэд үзэж, эмчилж байна. Ачаалал маш их, дээр нь бага сартай хүүхдийн уушгины хатгалгаа хүндэрч ирээд маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Гэсэн хэдий ч бид бүх нөөц бололцоогоо ашиглан хүүхдүүдээ эмчилж байна. Өмнөх жил манайх коридортоо хүүхэд авдаг байсан бол энэ жил уг байдлыг халж, шинээр таван өрөө нэмж гаргасан. Өрөөний дотоод зохион байгуулалтыг өөрчилж 60 орчим ор нэмж байрлуулсан. Өрөө бүрт агааржуулалтын систем суурилуулсан байгаа. Уушгины хатгалгаа нь хүндрээд уушгины бөглөрөл өгснөөр хүүхэд амьсгалах явцад саад учирч улмаар тархинд хүчил төрөгч дутагдсанаар тархины дутмагшил болж байна. Мөн бид хүнд хүүхдийг буцаахгүйн тулд нэг орон дээр хоёр хүүхэд авч байна. Үүнээс өөр арга алга. Харин гэдэсний халдвартай хүүхэд авсан тохиолдол байхгүй. Сүүлийн үед янз бүрийн вирусын гаралтай ханиад дэгдэх болсон. Уг ханиад нь эмгэг төрөгч Риновирусаас гаралтай тохиолдолд хүүхэд гүйлгэж, суулгадаг юм. Уг ханиад нь өөрөө ийм хүнд явцтай гэдгийг эцэг, эхчүүдэд ойлгуулах шаардлагатай.
-Өрхийн эмнэлгүүд гэрээр үйлчилдэггүй, танайхыг хүүхдийн түргэнгүй гэж иргэд шүүмжлээд байгаа л даа?
-Өрхийн эмнэлгүүдтэй энэ талаар тогтмол зарга хийсний үндсэн дээр 40 өрхийн эмч манай эмнэлэгтэй хамтран ажиллахаар болсон. Ер нь Эрүүл мэндийн яамнаас бодлогоор зохицуулах шаардлагатай байна. Өрхийн эмч, дүүргийн эмч, түргэн тусламжийн уялдаа холбоог сайжруулж, нэгэн цогц болгох юм бол уг асуудал цэгцэрнэ.
ХАНИАД, ТОМУУНААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ
Харин тэрбээр ханиад томуунаас хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөгөөг өгөв.
“Утааны улмаас энэ ханиад улам л хүндэрч, даамжрах явцтай байна. Тиймээс боломжтой бол цэвэр агаарт л гарах шаардлагатай. Мөн хүүхдээ дуулаахан байлгах хэрэгтэй. 10 сард дэгдсэн ханиад саяхны огцом хүйтрэл болоход харьцангуй багассан. Тэгснээ хэд хоног дулаарангуут нэмэгдчихлээ. Ханиадны вирус нь хүйтэнд устаад дулаарахаар огцом нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ гадуур авч явахгүй байх, гэр орноо дулаахан байлгах хэрэгтэй байна” гэлээ. Улаанбаатар хотын утаа, цаг агаарын байдал ханиад, томуу, уушгины хатгалгаа тусахад нөлөөлж, улмаар эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Эмнэлгүүд ачаалалтай, байр байдал ийм нөхцөлд өвдөхгүй байхыг, өвчнөөс урьдчилан сэргийлэхийг эмч нар зөвлөлөө.
Т.ДУЛАМЖАВ
Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл (1)
(66.181.191.51)
ÐУУ ШҮҮ