Технологийн дэвшлийн буянаар жаргал, зовлонгийн хязгаар ойртжээ

 

        “Охин минь төрөх гээд дотогшоо орсон. Юу болж байдаг юм бол.Ярих гэсэн утсаа авдаггүй. Царайг нь нэг харчих юмсан” хэмээн санаа зовнин төрөх эмнэлгийн үүд сахин суугаа ээжтэй олон удаа таарч билээ. Охиноо амаржтал буюу “Тэдэн кг хүү эсвэл охин төрлөө” гэсэн сайхан мэдээг сонсох хүртэл тэд хэдэн ч цаг хамаагүй хүлээдэг. Эх хүн үргэлж үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө залбирч байдгийн илрэл энэ юм. Харин өвдөлт өгч, төрөх тасаг руу орсон эмэгтэйчүүд эргэж ар гэрийнхэнтэйгээ уулзах боломжгүй учир зарим нь утсаар холбогдож байдал ямар байгааг дуулгадаг. Төрсний дараа өөр тасагт шилжсэн үедээ ар гэрийнхэнтэйгээ сая нэг нүүр тулан уулздаг. Ийм үйл явц аль ч төрөх эмнэлэгт өрнөдөг. Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу төрөх гэж буй эмэгтэй болон түүний ар гэрийнхний харилцааг ойртуулах үүднээс нэгэн дэвшилтэт ажлыг улсын хэмжээн дэх төрөх эмнэлгүүд хэрэгжүүлжээ. Тодруулбал, энэ нь дүрсээ харж ярилцах “Аавуудын өрөө” юм. Хэдийгээр ийм нэртэй ч ар гэрийнхэн нь тусгай өрөөнд орж, төрөх тасагт хэвтэж байгаа хүнтэйгээ утсаар холбогдон дүрсээ харж ярих юм. Одоогоор Гуравдугаар төрөх, ЭХЭМҮТ болон гуравдугаар шатлалын нэг, гуравдугаар эмнэлэг ар гэрийнхэнтэйгээ дүрсээр холбогдох үйлдлийг нэвтрүүлсэн байна. Эрүүл мэндийн сайдын санаачлагаар хэрэгжүүлж буй “Шилэн эрүүл мэнд” төслийн хүрээнд хийж буй энэхүү ажилтай газар дээр нь очиж танилцахаар бид Нэгдүгээр төрөх буюу “Өргөө” амаржих газрыг зорилоо. Түүнчлэн Монгол Улсын төрөх ууган эмнэлэг эх, хүүхдэд ямар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа талаар ч сурвалжилсан юм.

 

ДҮРСЭЭ ХАРЖ ЯРЬДАГ БОЛСОНД ХҮМҮҮС ТАЛАРХАЛТАЙ ХАНДАЖ БАЙВ

 

        Биднийг очиход шинэ хүнээ хүлээж суугаа хүн цөөнгүй байлаа.“Эхнэр төрөх гээд эмнэлэг дээр ирчихсэн байна. Ажлаас чөлөө авах гэсэн юм” гэж учирлах залуу аавын яриа сонсдов. Зарим нь урсдаг самбарыг ширтэн сууж байв. Учир нь, тус самбарт төрсөн хүний нэр, хүүхдийн биеийн жин, өндөр зэргийг цаг, минуттай нь харуулдаг аж. Биднийг очих үед тус самбарт “... хүү 4150 гр, 52 см” хэмээх бичиг хөвөрч байсан юм. Төрсөн эмэгтэйн ар гэрийнхэн түүнийг харж баярлан, зургийг нь дарж буй дүр зурагтай таарав. Түүнчлэн баяртай мэдээгээ бусадтай хуваалцаж байгаа нь харагдана. Нэг хэсэг нь шинэ хүнээ тэсэн ядан хүлээж суухын зэрэгцээ зарим нь “Тэрний ар гэрийнхэн байна. Охин минь төрөх болж байгаа болов уу. Утас нь холбогдохгүй юм. Уулзуулах боломж байна уу” гэх зэргээр эмчид хандаж байсан юм. Ийм л дүр төрх, үйл явц Нэгдүгээр амаржих газрын төрөх тасгийн үүдэнд өрнөж байв. Охинтойгоо, эхнэртэйгээ уулзах хүсэлт тавьсан хүмүүсийг төрөх тасагт хэвтэж байгаа хүнтэй нь холбож өгч байсан юм. Дүрсээ харж ярьдаг “Аавуудын өрөө” хүсэлт гаргасан хэн бүхэнд нээлттэй тул өдөрт хэдэн ч хүн орох боломжтой юм байна. Биднийг очих үеэр нэгэн эмэгтэй ээж болон нөхөртэйгөө дэлгэцээр уулзаж байв. Төрөх гэж буй хүнтэйгээ ийм байдлаар ярилцахад сэтгэл ханамж хэр байгаа талаар тэдний сэтгэгдлийг сонслоо. Багахангай дүүргийн иргэн Ч.Оюун “Би ганц охинтой. 19 настай, анхны төрөлт. Анхныхаа зээг харах гээд догдлоод хүлээж байна. Багахангай дүүргээс өглөө түргэний машинтай ирсэн. Анх төрж байгаа хүнийг коридорт байлгадаг гэсэн яриа сонсоод сэтгэл зовоод байсан юм. Гэтэл ерөөсөө тийм зүйл байдаггүй юм байна. Манай охиныг 105 дугаарын өрөөнд оруулж, эмч нь хяналтдаа авсан гэсэн. Сая охиныхоо царайг харж, ярилаа. Санаа амарч, сэтгэл сайхан уужирлаа” хэмээн ярив. Анхныхаа зээг үзэх гэж буй Ч.Оюун догдолсондоо тайван ч сууж чадахгүй, гэгэлзэж байгаагаа бидэнд хэлж, бүр баярын нулимс унагаж байв. Төрөх тасаг руу гаднын хүмүүс оруулах боломжгүй учир бид Ч.Оюуны охинтой утсаар холбогдож, дүрсээ харж ярихад ямар байсан талаар тодруулсан юм. Түүнийг О.Солонго гэдэг бөгөөд ээж, нөхөр хоёртойгоо дэлгэцээр уузлсандаа баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Өвдөлт өгч эхэлсэн учир эмч хянаж, үзлэг хийж байна. Ээжийнхээ царайг хараад зориг орлоо. Дүрсээ харж ярихад үнэхээр сайхан байлаа. Таалагдсан. Цуг байгаа хүмүүстээ хэлсэн чинь тэгж ар гэрийнхэнтэйгээ холбогдож болдог юм уу гэсэн. Мэддэггүй хэн нэгэн нь үүнийг ашиглаж үзээсэй гэж бодож байна” гэсэн юм. Үүний дараа бид дүрсээ харж ярих боломж нээлттэй байгааг мэдэх эсэхийг төрөх хүнээ хүлээж суугаа ар гэрийнхнээс тодруулсан юм. Баянгол дүүргийн иргэн С.Энхбаяр “Шинэ хүнээ хүлээгээд сууж байна. Сая охинтойгоо утсаар ярьтал яаралтай кесерево хагалгаанд орохоор болсон гэнэ. Томуу, томуу төст өвчин их гарч байгаа болон агаарын бохирдол зэргээс шалтгаалж, ураг усгүй болсон гэнэ. Дүрсээ харж ярьж болдог гэдгийг ёстой мэдээгүй юм байна” гэсэн бол Хан­Уул дүүргийн иргэн нэгэн залуу аав “Дүрсээ харж ярьж болдог талаар өмнө нь сонсч байсан. Манай найзын эхнэр нь төрөх гээд дотогшоо орсон үед нөхөр нь холбогдож царайг нь харж байсан гэсэн. Эхнэр маань саяхан орсон болохоор одоо хүлээгээд л сууж байна.Төрөхгүй удаад байвал дэлгэцээр уулзана даа.Хүсэлт гаргасан үед уулзуулдаг гэсэн” гэлээ. Тэд бүгд л шинэ хүнээ догдлон хүлээж байсан юм. Гэхдээ тухайн өдрийн өглөө төрөх болсон байна гээд тасагт орсон хүн орой нь эсвэл бүр маргааш нь төрөх тохиолдол гардаг аж. Ийм үед царайгаа харж ярилцсанаар хэн хэнийх нь сэтгэл уужирдаг байна. Тус эмнэлэг аавуудад зориулж тусгайлан өрөө гаргаж, төрөх гээд орсон эхнэртэй нь дэлгэцээр дамжуулан уулзуулж буйд хүмүүүс талархалтай хандаж байлаа. Харин “Аавуудын өрөө”­г бий болгосноор ямар давуу талтайг тус эмнэлгийн эх баригч Б.Долгормаа хэллээ. Тэрбээр “Жирэмсэн эмэгтэйн биеийн байдал ямар байгааг өөрсдөө харж байна. Үүнээс гадна халдвар хамгааллын дэглэм алдахгүй байх давуу талтай” гэлээ.

 

ТӨРӨХӨӨС ӨМНӨХ ТАСАГТАЙ ХОЛБООД САР ОРЧИМ ХУГАЦАА БОЛЖЭЭ

 

        Нэгдүгээр амаржих газар энэхүү дэвшилтэт байдлыг хэзээнээс эхэлж бий болгосон, цаашид илүү боловсронгуй болгох чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар тус эмнэлгийн Программ хангамжийн сүлжээний инженер А.Билгүүнээс тодрууллаа. Тэрбээр “Тус дэлгэцийг өнгөрсөн сарын 17­нд төрөх тасагтай холбож, аавуудын өрөөг бий болгосон. Түүнээс хойш ямар нэгэн сааталгүй хэвийн ажиллаж байна. Үүнээс өмнө төрсний дараах тасагтай холбосон байсан. Учир нь, төрсний дараа эргэлт авдаггүй байсан учир хүсэлт гаргасан хүнтэй нь дэлгэцээр уулзуулдаг байсан юм. Харин одоо төрсний дараа эргэлт авдаг болсон. Тиймээс дэлгэцээ төрөхөөс өмнөх тасагтай холбосон.Одоогоор хүмүүс дүрсээ харахын зэрэгцээ утсаараа холбогдож ярьж байгаа юм. Цаашид үүнийг илүү боловсронгуй болгох боломжтой. Тодруулбал, утсаар ярихгүйгээр чихэвч зүүгээд ярих бүрэн боломжтой бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд бага зэрэг санхүүжилт шаардлагатай. Үүнийг иргэдэд хүндрэл багатайгаар илүү боловсронгуй болгох чиглэлд анхаарч байна” гэлээ.

 

НЯРАЙН ХОЖУУ ҮЕИЙН ЭМГЭГИЙГ ЭРТ ИЛРҮҮЛДЭГ БОЛСОН БАЙНА

 

        Түүнчлэн бид эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө салбар яам болон тус эмнэлэг ямар томоохон ажлыг зохион байгуулж байгаа талаар тодруулахаар холбогдох хүнтэй нь уулзсан юм. Тухайлбал, нярайд хожуу үед янз бүрийн эмгэг илрэх болсон нь эцэг, эхчүүдийн санааг зовоодог болсон. Үүнийг шийдвэрлэх үүднээс тус эмнэлэг 23 ортой Эмгэг нярайн тасгийг өнгөрсөн оны наймдугаар сарын 1­нд нээж, ажиллуулан Эрчимт эмчилгээ, эмгэг нярайг эмчлэх, хүлээн авах тасагтаа нярайд нэн шаардлагатай тусламж үзүүлж байгаа аж. Одоогоор 6545 нярайд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна. Ингэснээр түнхний үеийн дутуу хөгжил, бодисын солилцооны эмгэг, сонсгол бууралтыг эрт үед нь илрүүлж, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад шилжүүлдэг болжээ. Мөн тус эмнэлэгт тулгамдаж байсан нэгэн асуудал бол нярайн шарлалтыг хэмжих аппарат гэнэ. Тус аппарат хүрэлцдэггүй байсан тул үүнийг хандивын аргаар шийдвэрлэжээ. Тиймээс цаашид бүх нярайг зүрхний ЭХО оношилгоонд хамруулахаар ажиллаж байгаа юм байна.Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар Нярайн эмгэг судлалын тасагт нийт 846 нярай хэвтэн эмчлүүлсэн байна.

 

ЭНЭ ОНЫ ЭХНИЙ АРВАННЭГЭН САРЫН БАЙДЛААР 11049 НЯРАЙ МЭНДЭЛЖЭЭ

 

        Эх барихын стационарыг 1928 онд эхийн нэгдүгээр тасаг нэртэйгээр байгуулж нийт 354737 эхэд төрөхийн тусламж үзүүлжээ. Тус тасгийнхан 1978­2000 онд улсын хэмжээнд зүрх судас, эрхтэн тогтолцооны эмгэг, дутуу төрөлт, гурван ихэр болон олон урагтай жирэмсэн эхчүүдийг хүлээн авдаг байсан аж. Харин одоогоор хүлээн авах хэсэг, төрөх, төрсний дараах, нэгдсэн мэс засал, эрчимт эмчилгээ, жирэмсний эмгэг, дутуу тээлт зэрэг нийт долоон тасагт 240 ортойгоор нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан­Уул, Багахангай дүүргийн эхчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нийслэлийн хүн ам ихтэй дүүргийн эхчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 30­40 эх амарждаг байна. Тодруулбал, энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар нийт 11011 эх амаржиж, 11049 нярай мэндэлжээ. Нийт төрөлтийн 3484 нь кесерево мэс заслаар шийдсэн байна. Түүнчлэн 2013 оноос эхлэн нийслэлийн хэмжээнд харьяалал харгалзахгүй үйлчилж, Хүлээн авах яаралтай тусламж, Мэс засал, Дотоод шүүрэл охидын эмгэгийг эмчлэх, Үргүйдэл, үрэвсэлт эмгэгийг эмчлэх зэрэг тасагт мэс засал, дотоод шүүрэл, үрэвсэлт эмгэгийг эмчилдэг болжээ. Эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчнийг эмчлэхдээ мэс засал болон 2009 оноос дурангийн аргыг ашигладаг болжээ. Энэ онд 4755 хүн хэвтэн эмчлүүлсний 1080­д хэвлийн хөндийн хагалгаа, 523­д үргүйдэл, наалдац, умайн гаднах жирэмсэн, өндгөвчний хоргүй уйланхай, эндометриоз, умайн хавдар, умайг бүхлээр нь авах зэрэг дурангийн хагалгаа хийжээ. Тус эмнэлэг энэхүү салбарыг улам хөгжүүлэхийн тулд Эмэгтэйчүүдийн мэс засал, дурангийн нийгэмлэгийг 2010 онд байгуулж, эмч сувилагч нарыг бэлтгэж эхэлсэн байна. Тухайлбал, эмч нараа Франц, Тайланд, Тайваньд энэ чиглэлээр мэргэшүүлдэг байна. Улмаар орон нутагт дурангаар хагалгаа хийх арга нэвтрүүлэхээр Франц, Австрали улсын эмч нартай хамтран Дорноговь, Дундговь, Увс, Өмнөговь, Ховд аймгийн эмч нарыг сургаж эхэлсэн байна. Үүний үр дүнд тухайн аймгийн нэгдсэн эмнэлэг дээрх эмчилгээний аргыг ашиглаж эхэлжээ.

 

“ШИЛЭН ЭМНЭЛЭГ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХЭД ХЭДЭН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ

 

        Тус эмнэлгийн Онош зүйн тасаг жилд 95000 орчим шинжилгээ хийдэг байна. Эрт илрүүлээгүйн улмаас сүүлийн үед төрөлхийн халдвартай хүүхдүүд мэндлэх нь их болсон. Тэгвэл үүнийг шийдвэрлэх үүднээс энэ онд ЭМЯ­ны хөрөнгө оруулалтаар иммунологийн шинжилгээний бүрэн автомат анализатор нийлүүлсэн байна. Үүний үр дүнд эхээс урагт дамжих халдвар болох В, С вирус, тэмбүү, ДОХ зэргийг эрт үед нь оношилдог болжээ. Түүнчлэн салбар яамнаас хэрэгжүүлж буй “Шилэн эмнэлэг” төслийн хүрээнд тус эмэнэлэг гэрлэн болон шилэн самбар, дуугүй хөтчийг хийж эхэлжээ. Үүнээс гадна нэн түрүүнд Эмнэлгийн мэргэжилтэн, нийт ажилчны ёс суртахуун, харьцаа хандлагыг дээшлүүлэх талд түлхүү анхаарч байгааг онцоллоо. Тус эмнэлэг нь Амбулаторийн хэсэгтээ өдрийн эмчилгээний өрөөг нээж ажиллуулаад таван сар болох хугацаанд 157 хүнд үйлчилгээ үзүүлжээ. Тус өрөөнд эмэгтэйчүүдийн бүх төрлийн үрэвсэлт болон эрхтэн системийн хавсарсан өвчнийг давхар эмчилж биеийн эсэргүүцэл, дархлаа сайжруулах хавсарсан эмчилгээг хийдэг юм байна. Тус эмчилгээний хэсгээр үйлчлүүлэх тохиолдолд эмчийн бичиг, холбогдох шинжилгээнүүдийг бүрдүүлсэн байх шаардлагатай гэнэ. Тухайлбал, хэт авиан шинжилгээ, үтрээний наацын шинжилгээ зэргийг өгөх ёстой аж. Мөн умайн гаднах жирэмснийг дурангийн мэс заслын аргаар хийж эхэлсэн байна.

 

С.Юмсүрэн

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.189.222)

    2016-12-14

    БОЛЬЁ ОО