С.Зоригийн амийг хөнөөсөн этгээдийг шүүх хурал долоо хоногийн дараа үргэлжилнэ

 

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ЗАРЛАЖЭЭ

 

         Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа буюу өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/- ын харьяа Хорих 461 дүгээр ангид боллоо. Хурлыг 10.00 цагт хийхээр товлосон боловч 11.30 цагийн үед эхэлсэн юм. Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорих ангиас нэлээд хол буюу “ТЭЦ IV”-ийн автобусны зогсоолын орчимд хяналтын цэг гаргаж, түүгээр зорчиж буй иргэн, тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж байлаа. Түүнчлэн шүүх хурлыг сурвалжлах хэвлэлийнхэн болон шүүгдэгчийн ар гэрийнхний нэрийг дуудаж, бичиг баримттай нь тулгаж үзэн дотогш нэвтрүүлэв. Шүүх хурлыг 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжлахаар зөвшөөрөл авчээ.

 

        Гэхдээ хэвлэлийнхэн хурлын нээлт болон төгсгөл хэсгийг сурвалжлах боломжтой, бусад үед нь хаалттай хуралдах зохицуулалтыг шүүх бүрэлдэхүүнээс гаргасан байлаа. Учир нь, хавтаст хэрэгт төрийн нууцтай холбоотой баримт, материал байгаа учраас маш нууцын зэрэглэлд хамаарч байгаа аж. Шүүх хурлыг сурвалжлах болон оролцох хүсэлтээ урьдчилан хүргүүлээгүй хүмүүсийг хорих руу оруулсангүй. Тухайлбал, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хуралд оролцох хүсэлтээ холбогдох байгууллагад нь хүргүүлээгүй учир хорих анги руу орох боломжгүй болов. Тэд үүнд сэтгэл дундуур байгаагаа хэвлэлийнхэнд дуулгаж, үр хүүхэд, хань ижил нь хилсээр гүтгэгдэж байгаа талаар ярьсан юм. Мөн шүүх хуралдаанд Б.Булган, С.Оюун, Э.Бат-Үүл нарыг гэрчээр оролцоогүйд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тэдний байр суурийг хүргэж байна.

 

ШҮҮГДЭГЧДИЙН АР ГЭРИЙНХЭН ХУРАЛД ОРУУЛААГҮЙД ГОМДОЛТОЙ БАЙВ

 

        Шүүгдэгч Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа: -Хаалттай шүүх хуралд хэвлэлийнхнийг оруулсан атлаа биднийг оруулахгүй байгаад үнэхээр гомдож байна. Хуралд оролцохоор арав гаруй хүн Эрдэнэт хотоос зорьж ирсэн. Гэтэл хэнийг нь ч оруулсангүй. Миний хүү гүтгэлгээр энэ хэрэгт холбогдсон гэдгийг би олон удаа хэлж байна. Энэ талаар хандаагүй газар гэж байхгүй. Хамгийн гол нь хилс хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөөсэй л гэж хүсч байна. Хэрэв, нийгэмд сенсаци тарьж байгаад энэ чигээр нь шийдчихвэл бид тэмцэнэ.

 

Шүүгдэгч Ц.Амгаланбаатарын өргөмөл эгч Н.Гансүрэн: -Ээж маань Ц.Амгаланбаатар болон намайг өргөж авсан юм. Бид нэг айлын өргөмөл хүүхдүүд гэсэн үг. Манай дүү 2007 онд Орхон аймагт таксины жолоочийг хөнөөсөн хэргээр шүүхээс 25 жилийн ял сонсч, чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байсан. Тухайн үед 16 настай байлаа. Гэтэл гэнэт С.Зоригийг санаатайгаар хөнөөсөн хэрэгт холбоотой болчихсон. Тухайн үед шоронд байсан хүн ийм хэрэг үйлдэнэ гэж байхгүй биз дээ. Гэхдээ Ц.Амгаланбаатарын гүтгэлгээр миний төрсөн дүү Т.Чимгээ, хөрш айлын залуу Б.Содномдаржаа нар хилсээр хоригдож, одоо яллуулах гэж байгаад харамсч байна. Ц.Амгаланбаатар ямар учиртай эдгээр хүнийг гүтгэж байгааг мэдэхгүй юм. Тэд хэзээ ч хүний амь хөнөөх хүмүүс биш. Монголын төр шударга шийдвэр гаргадаг эсэхийг одоо л харах үлдлээ.

 

Шүүгдэгч Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн: -Миний эхнэрийг 2015 оны наймдугаар сарын 31- нд ажил дээрээс нь аваад явсан. Тэр үед хүүхэд маань нэг нас дөрвөн сартай байсан. Эхнэр минь хоригдоод жил дөрвөн сар болж байна. Шүүх хуралд оролцох гээд ирсэн чинь оруулсангүй. Үнэхээр гомдож байна. Яаж шийдэгдэх бол гэж бодохоор л зүрх зүсэгдэх шиг болж, айж байна. Бид охиноо хүртэл алдсан, үүнийг сонсоод эхнэрийн минь бие муудаж, сэтгэл санаагаар их унасан. Энэ хэрэгт хилсээр гүтгүүлж байгаад гомдолтой байна. Хүнийг ингэж гүтгэж хэлмэгдүүлж болохгүй.

 

Шүүх хурлыг сурвалжлах болон оролцох хүмүүс постоор нэвтэрч хорих анги руу орсны дараа тэдний бичиг баримтыг гурван ч удаа шалгаж, хуралдаан болох танхим руу нэвтрүүлсэн байна. Ингэхдээ сэтгүүлчдийг иргэний үнэмлэхээс өөр ямар ч хэрэгсэлгүй оруулжээ. Тухайлбал, утас, камер, дуу хураагуур зэрэг техник хэрэгсэл оруулахыг хориглохын сацуу шүүх хурал болох орчинд гар утасны сүлжээ унагаагч байршуулсан байлаа.

 

ХОХИРОГЧООР С.ОЮУН ОРОЛЦОХ БАЙСАН БОЛОВЧ ШҮҮХ ХУРАЛДААНД ИРСЭНГҮЙ

 

        11.30 цагт: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хуралдааны даргалагч М.Алдар шүүгдэгчдийн холбогдсон хэргийн зүйл ангийг уншиж танилцуулаад, өмгөөлөгч, прокурор болон шүүгдэгчдийн ар гэрийнхнээс бусад хүнийг танхимаас гаргасан байна. Шүүх хуралдаан шүүгдэгч, тэдний болон хохирогчийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэдийн төлөөлөл, шүүх хуралдааны нарийн бичиг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр цагдаа, тагнуулын байгууллагын хяналт дор үргэлжилжээ. Шүүх хуралд ерөнхий шүүгчээр М.Алдар, шүүгч Б.МөнхЭрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон байна. Харин хохирогчоор С.Зориг агсны дүү С.Оюун оролцох байсан боловч шүүх хуралдаанд ирээгүй юм.

 

ӨМГӨӨЛӨГЧ НАР ХЭРГИЙН МАТЕРИАЛТАЙ ТАНИЛЦАХ, НЭР БҮХИЙ ХҮМҮҮСИЙГ ГЭРЧЭЭР ОРОЛЦУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬСАН БАЙНА

 

12.30 цагт: Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хурлыг долоо хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, шүүх хурал арванхоёрдугаар сарын 21-нд буюу ирэх лхагва гаригийн 11.00 цагт ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид болно. Энэ талаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Л.Мөнхтуяа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хэргийн материалтай нэмж танилцах шаардлагатай байна. Мөн тэд нэр бүхий хүмүүсийг гэрчээр оролцуулах хүсэлт тавьсан. Хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа” гэв.

 

Дашрамд, тэртээх 1998 онд үйлдэгдсэн хэргийн эзэн холбогдогчийг өнөөдрийг хүртэл тогтоож чадаагүй байгаа дуулиант хэргийн үнэн мөнийг дэнслэх М.Алдар шүүгчийн талаар товч мэдээлэл хүргэж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Алдарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 53 дугаар зарлигаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн ерөнхий шүүгчээр томилжээ. Энэ хугацаанд түүний шийдвэрлэсэн зарим хэргийг дурдвал, даргаа хөнөөсөн хилчид, япон багшийг боомилсон монгол залууг шүүж ял оноосон байна. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хоёр эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг шүүж, шийдвэрлэж байжээ.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)