Д.Хаянхярваа: Хөгжлийн банктай холбоотой асуудлыг олон түмэнд ил тод зарлах ёстой

 

              УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв. МАН-ын бүлэг энэ удаагийн хуралдаанаараа дөрвөн асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Сонгуулийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай, Үндсэн хууль, төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх талаар санал солилцсон байна. Улмаар эдгээр хуульд ямар чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар судлах, ажлын хэсгийг тус бүрт нь байгуулжээ. Тухайлбал, Үндсэн хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн ажлын хэсгийг УИХын гишүүн Д.Лүндээжанцан, Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг Н.Цэрэнбат, Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн ажлын хэсгийг Д.Тогтохсүрэн, Төрийн албаны тухай хуулийн ажлын хэсгийг Ц.Цогзолмаа ахалж ажиллахаар болсон байна. Ажлын хэсгүүд ирэх оноос өмнө дээрх хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, өөрчлөлт оруулах шаардлагатай бол ямар хүрээнд өөрчлөхийг судалж бүлэгт танилцуулах юм байна. МАН-ын бүлгийн хэлэлцсэн дараагийн асуудал нь Туул голыг тусгай хамгаалалтад авах болон цэвэрлэх байгууламжтай холбогдсон асуудалд хяналт тавих ажлын хэсгийг байгуулах талаар ярьсан аж. Харин УИХ-ын гишүүн А.Сүхбат энэ асуудлаар УИХ-ын төвшинд ажлын хэсэг байгуулах санал гаргасан байна. Түүний саналыг бүлгийн гишүүд нь дэмжсэн бөгөөд УИХ-ын даргыг гадаад айлчлалаасаа ирэхээр танилцуулж ажлын хэсэг байгуулахаар болжээ.

 

Мөн өнгөрсөн долоо хоногт гишүүдийн ирц хангалтгүй байсантай холбоотойгоор нийгэмд багагүй шүүмжлэл өрнөсөн. Тухайн үед МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа энэ асуудлыг бүлгийнхээ хурлаар хэлэлцэхээ мэдэгдэж байсан юм. Тиймээс гишүүдийнхээ ирцтэй холбоотой асуудлыг ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн байна. Улмаар гишүүд Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд хоцрохгүй байхаар тохиролцсон гэдгийг бүлгийн дарга Д.Хаянхярваа хэллээ. Хуралдаа ирэх боломжгүй, шалтгаантай, гадаад томилолт болон холбогдох бусад хурлаас гадуур ажилтай тохиолдолд түүнийгээ тодорхой мэдээлж байх нь зүйтэй гэж үзсэн байна. УИХ дахь МАНын бүлгийн хамгийн сүүлд хэлэлцсэн асуудал нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байв. Тус хуулийн төсөлд бүлгийн гишүүд эсрэг байр суурьтай байгаа талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа хэллээ. Учир нь, энэ хуулийг одоо байгаа хувилбараар нь баталбал жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдэд маш их дарамт болно. Тиймээс уг хуульд тодорхой анхаарал хандуулах ёстой гэж гишүүд үзжээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өргөн барьсан бөгөөд өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм. Ийнхүү мэдээлэл хийсний дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-“Тавантолгой”-н 49 хувийг 400 сая ам.доллараар зарах гэж байна гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар бүлэг ямар мэдээлэлтэй байна вэ?

 

-Бүлэг дээр “Тавантолгой”-н 49 хувийн асуудлаар яриа өрнүүлээгүй. Бүлэгт ийм мэдээлэл алга. Бид “Тавантолгой”-н талаарх асуудлыг Засгийн газрын явуулсан төслийн хүрээнд ойлгож байгаа. Тухайлбал, “Тавантолгой”-н 49, 51 гэсэн хувьтай байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Ингэхдээ 49 хувьд Хятадын “Шинхуа” компанийг оролцуулах, 51 хувьд нь Монголын компаниуд байна гэсэн ойлголттой байгаа. Сүүлийн үед хэвлэлээр “Тавантолгой”-той холбогдсон, улстөржсөн мэдээллүүд явж байна. Үүнд хувийн зүгээс байр сууриа илэрхийлэхэд бид өнгөрсөн дөрвөн жил ингэж ярьсаар байгаад томоохон төслүүдээ хөдөлгөж чадаагүй. Одоо хэрвээ бид яг энэ маягаар явж, “Тавантолгой”-н 49 хувийг хэдхэн төгрөгөөр зарах гэж байна. Хятадуудад өгөх юм байна” гэх мэтээр, мөн Монголын талаас оролцсон компаниа өөлөөд байх юм бол том төслүүдийг цааш нь явуулахгүй. Тиймээс зарчмын хувьд Засгийн газрын гаргасан саналыг нэлээд анхааралтай ажиглаж байгаа. Засгийн газраас оруулсан саналынхаа дагуу холбогдох хүмүүстэйгээ хэлэлцээр хийж, үр ашигтай гэж үзээд саналаа УИХ-д оруулж ирэх юм бол бид түүнийг батлах ёстой гэсэн байр суурьтай байна.

 

-“Тавантолгой”-н 49 хувьд зөвхөн “Шинхуа” компани байгаа юм уу. Өмнөх консерциум нь хэвээрээ байгаа гэх юм?

 

-Засгийн газраас авсан мэдээллээр “Шинхуа”, “Сумитомо”, “Энержи ресурс” гэсэн гурван компани байгаа юм байна. Гэхдээ өмнө нь оруулж ирсэн саналаас өөр 51 хувийг нь 100 хувь гэж үзээд үүний 66 хувьд нь “Энержи ресурс”, 34-т нь Засгийн газар орж, ингэхдээ Засгийн газар өөрөө Монголын бусад компанийн оролцооны эрхийг тэгш хангаж байгаа юм билээ. Мөн борлуулалтын асуудалд “Шинхуа”, “Сумитомо” компани анхаарч гол асуудлаа хариуцна гэсэн ойлголттой байна. Тиймээс Засгийн газраас энэ асуудлыг нарийвчилж асуух хэрэгтэй. Мөн Хөгжлийн банктай холбоотой асуудлыг олон түмэнд ил тод зарлах ёстой. Хууль хяналтын байгууллага үүн дээр анхаарч ажиллах ёстой гэсэн шаардлагыг би хувьдаа одоо ч тавьсаар байна.

 

-Улаанбаатар төмөр замын 49 хувийг бас ОХУаас худалдаж авна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

 

-Би тийм мэдээлэл сонсоогүй.

 

-Оффшор дансны хуулийн төслийг батлах боломж бий юү. Засгийн газар батлуулах гэж зүтгээд байгаа. УИХ-ын зүгээс нэлээд хаалттай байна. Зарим гишүүний ярьж байгаагаар хэд хэдэн хуульд туссан зүйл заалтыг заавал оффшорын хуульд суулгаж өгөх ёстой гэсэн байр суурьтай байсан?

 

-Оффшорын тухай хууль нийгэмд нэлээн халуун гал дагуулаад байгаа. Ер нь УИХ ямар ч хуулийг баталлаа гэсэн бодит талаас нь харах нь хамгийн чухал. Өнөөдөр энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар бүлэг дээр саналаа ярьсан. Бүлэг энэ асуудалд дахин санал солилцъё. Энэ хуулийг гаргах нь зүйтэй юу, засч залруулах ёстой юу гэдэгт тодорхой нэгдсэн ойлголтод хүрэх байх. Миний хувьд энэ хуулийг баталж гаргах ёстой гэсэн байр суурьтай байна.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)