Нийлүүлэлт багассан үед махны үнийг нэмдэг

 

        Махны үнэ ханш болон иргэдийн худалдан авалт хэр байгааг сурвалжлахаар “Хүчит шонхор” худалдааны төвд очлоо. Тус худалдааны төвийн үйл ажиллагаа 04.00 цагаас эхэлж 20.00 цагт хаадаг. Биднийг 11.00 цагийн үед очиход худалдаалагчид ихэнх махаа борлуулчихсан байв. Тус худалдааны төвд үхрийн мах кг нь 5000­ 5500, адууны цул мах 4400, ястай нь 3300, хонины цул мах 4500, ястай нь 3500, ямааны мах 3700 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь өмнөх сартай харьцуулахад мах кг тутамдаа 100­300 төгрөгөөр нэмэгджээ. Махны үнэ ийм байдлаар нэмэгдэх гол шалтгаан нь малчдын мах нийлүүлэлт гэнэ. Өөрөөр хэлбэл, өвлийн улиралд цас их орж зам, даваа хаагдсан үед махны нийлүүлэлт багасдаг учир эрэлт ихэсдэг байна. Иймд худалдаалагчид тухайн нөхцөл байдлаас шалтгаалж өөрсдөө махны үнийг тодорхой хэмжээгээр нэмж эсвэл бууруулдаг аж. Энэ онд орон нутагт малын халдварт болон гоц халдварт өвчин тархаж, малчдад их хэмжээний хохирол учирсан. Үүний тархалтыг зогсоож, бусад малд халдварлуулахгүйн тулд ихэнх аймгийн малыг вакцинжуулсан. Тиймээс хүнсэнд хэрэглэхийг хориглосон хугацаа нь дуусаагүй байхад тус малыг нядалж, махыг нь борлуулах тохиолдол гарч болзошгүй байдаг. Иймээс бид махны эрүүл ахуйн чанарт хэрхэн анхаарч ажилладаг талаар тус худалдааны төвийн малын их эмч Б.Аюурзанаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-“Хүчит шонхор” худалдааны төвд борлуулж байгаа махны эрүүл ахуйн чанарт хэрхэн анхаарч ажилладаг вэ?

 

-Орон нутгаас ирж байгаа махыг бүгдийг нь хянах хаалгаар оруулдаг. Ингэхдээ малын мэргэжлийн хоёр эмч махны гарал үүслийн бичиг болон орон нутгийн мал эмнэлгийн бичгийг шалгадаг. Зөрчилгүй гэж үзсэн тохиолдолд тус махыг худалдаалах эрхтэй болно. Мөн дотор орохоор нь дахин хоёр эмч махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд оруулдаг. Ер нь бол манайх хянах шатанд хүн хүч ихтэй ажилладаг учраас ямар нэгэн байдлаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах худалдаалах боломжгүй. Бид эрүүл ахуйн шаардлага бүрэн хангахын тулд махны худалдааны төвд ажиллаж буй бүх ажилчнаа жилд хоёр удаа эрүүл мэндийн шинжилгээнд хамруулдаг. Мөн махыг эрүүл орчинд худалдаалах зорилгоор худалдааны төвийг бүрэн павильонжуулаад байна.

 

-Вакцинжуулсан малын махыг тодорхой хугацаанд хүнсэнд хэрэглэх боломжгүй гэдэг. Тохиолдлоор гарал үүслийн бичиггүй болон вакцины хугацаа дуусаагүй малын мах оруулж ирсэн тохиолдолд түүнийг ялгаж мэдэх боломж байдаг уу?

 

-Вакцин хийсэн малын махыг 14-21 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэж болдоггүй. Хэрвээ ийм мах ирсэн тохиолдолд эрүүл малын махнаас ялгагддаг олон шинж байдаг учир малын мэргэжлийн эмч хараад мэддэг.

 

-Иргэд ийм махыг идсэн тохиолдолд ямар нэгэн шинж тэмдэг илрэх вэ. Тухайн хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй юу?

 

-Вакцины найрлага бүрэн гадагшлаагүй малын махыг идсэн тохиолдолд шууд илрэх шинж тэмдэг гэж байхгүй. Гэвч удаан хугацааны турш тухайн хүний ходоод гэдэс, элэг, бөөр зэрэг эрхтэний системд сөргөөр нөлөөлж байдаг. Энэ нь сүүлд илэрдэг.

 

-Хүнсэнд хэрэглэх шаардлага хангаагүй мах хэр их ирдэг вэ?

 

-Шаардлага хангаагүй мах өвөл, намрын улиралд бараг ирдэггүй. Хавар цаг агаарын байдал хүндэрсэн үед хэт туранхай, үхлийн өмнөх шатанд нядалсан, зориулалтын бус агуулахад удаан хадгалсан зэрэг хүнсэнд хэрэглэхэд тохиромжгүй мах ирэх тохиолдол гардаг. Хяналт илүү сайжирч байгаа учир сүүлийн жилүүдэд малчид болон мах худалдаалагчдын хандлага, хариуцлага нэмэгдсэн.

 

         Мах зарж буй болон худалдан авагч нарын ая тухтай байдал хүнсний эрүүл ахуйг бүрэн ханга, ая тухтай байдал зэргийг сайжруулах зорилгоор бүх махыг павильон дотор заруулдаг болжээ. Тодруулбал, халаалтыг нь бүрэн шийдвэрлэсэн, шилэн хаалгатай павильонуудыг өнгөрсөн сарын 15-нд ашиглалтанд оруулжээ. Ингэснээр хувиараа мах зарах иргэдийн боломжийг хаагаагүй гэдгийг тэд хэллээ. Учир нь “Хүчит шонхор” захын баруун хэсэгт иргэд машин дээрээ зарах боломжтой бөгөөд одоогоор нэлээд хэдэн хүн тэнд зогсч худалдаалж байв. Гэхдээ бүгд бөөний үнээр, гулуузаар худалдаалж байгаа учир павильон дотор харьцангуй хямд үнэтэй байв. Худалдагчдын ярьж буйгаар энэ жил иргэдийн худалдан авалт эрс муудсан. Мах авч буй хүмүүсийн ихэнх нь бага килограммаар авдаг. Зөвхөн гэрээ хийсэн хоолны газар болон үйлчилгээний байгууллагууд л бөөндөж авдаг аж. Харин сүүлийн өдрүүдэд адууны махыг Хятдууд их авч байгаа учир хомсдол үүсч, үнэ нэмэгдэх хандлагатай байгааг худалдаалагчид онцоллоо.

 

Л.БАЯРЖАРГАЛ

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (139.5.219.96)

    2016-12-22

    ЗӨВ ШҮҮ