Нарендра Моди: Бид зөв шийдвэрийг 40 жилээр хоцорч гаргасан

 

        Энэтхэг улсын Ерөнхий сайд НАРЕНДРА МОДИЙН “IndiaToday” сайтад өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 

-Та өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд 500 болон 1000 рупигийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс хасах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг тань улс орны эдийн засгийг самууруулсан эсвэл түүхэн ач холбогдолтой чухал шийдвэр гэж янз бүрээр дүгнэх хүн олон байна. Таны хувьд хэрэгжүүлсэн шийдвэртээ хэр сэтгэл хангалуун байна вэ?

 

-Шийдвэр гарсаны дараа манай улсын эдийн засагчид эргэлзээтэй алхам гэж дүгнэж байлаа. Гэхдээ энэ бол үнэхээр ач холбогдолтой, чухал шийдвэр. Мөн Энэтхэгийн нэг тэрбум 300 сая иргэн хэдий эдийн засагт нь мэдэгдэхүйц нөлөөлж байгаа ч шийдвэрийг ойлгож, эергээр хүлээн авч байна. Энэ бол цаасан дээр бичээд гарын үсэг зурсан жирийн нэгэн тогтоомж биш. Түүхэн үйл явдал. Бид дэлхий нийтийн анхааралд өртөж, бусдын зориглож чадаагүй алхамыг зоригтойгоор хэрэгжүүлж эхэллээ. Мэдээж уг шийдвэртэй холбоотой бүхий л зүйлийг мэргэжлийн баг бүрэлдэхүүн нарийн тооцоолсон. Үүний зэрэгцээ шүүмжлэгчдийн чимээ тасрахгүй байгаа ч бүх зүйлийг нарийн тогтолцоонд оруулж, эмх цэгцтэй болгох баримтлалынхаа дагуу ажиллаж байна.

 

-Үр дүнд нь ч мөн сэтгэл хангалуун байгаа юу?

 

-Авлига, “Хар мөнгө”, хуурамч мөнгөн тэмдэгт, эдийн засгийн терроризм зэрэг үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй сорилтуудтай тэмцэх зорилгоор энэ үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Эдийн засаг эрчимтэй хөгжихийн зэрэгцээ бохир мөнгө болон авлига газар авч байна. Ард иргэд болон чинээлэг давхарга, бизнес эрхлэгчдийн бодит орлогыг ил болгож, татвараас зугтах аргагүй нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой алхам юм.

 

-Том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс хассанаар эрүүл эдийн засагтай болно гэж үзэж байгаагийн гол шалтгаан юу вэ?

 

-Олон улсын эдийн засгийн шинжээчид мөнгийг гүйлгээнээс эргүүлэн татах алхамыг санал нэгтэйгээр дэмждэг. 1980 онд Жеймс Хэнри, МакКинсей нар АНУ-ын үндэсний валютын том мөнгөн дэвсгэртүүд, ялангуяа 100 ам.долларыг гүйлгээнээс хассанаар гэмт хэрэг, мафийн үйл ажиллагаа саармагжина гэж үзэж уриалж байсан талаарх тэмдэглэл бий. Европын төвбанк ч мөн энэ талаар судалж байсан. Манай улс мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс халах талаар 1970 оноос хойш ярьж, судалж байна. 1971 онд “Ванчүү” хорооноос нийт бэлэн мөнгөний 85 хувийг буюу 10 болон100 рупиг гүйлгээнээс гаргахыг идэвхтэйгээр уриалж байлаа. Тэгэхээр энэ үйл явц нь цоо шинэ зүйлийг тооцоо шинжилгээгүйгээр хийсэн явдал биш. Эртнээс эдийн засагчдын дунд ярьж байсан асуудал. Харин ч бид зөв шийдвэрээ 40 жилээр хоцорч гаргалаа. Олон нийтэд Энэтхэгийн эдийн засаг хямарч, сул дорой болсон мэт санагдаж байж болох юм. Гэхдээ энэ нь эдийн засгийг зөв хэлбэрт оруулж, бат бөх суурьтай цэвэр эдийн засгийг сэргээн засах арга хэмжээ гэж үздэг.

 

-Таны мэдэгдлийн дараа банк болон бэлэн мөнгөний машинуудад хүмүүс олноор дугаарлаж, бухимдсан иргэд үймээн дэгдээсэн. Энэ талаар мэдсэн биз дээ?

 

-Тийм ээ. Тэвчээртэй байж, аль болох хурдан шуурхай үйлчлэхийг хичээсэн банк болон шуудангийн ажилтнуудад талархаж буйгаа илэрхийлмээр байна. Тэд асар их үүрэг гүйцэтгэсэн.

 

-Сөрөг хүчний удирдагчид таны гаргасан мөнгөн дэвсгэртийг хасах, бэлэн мөнгийг хэрэглээнээс халах шийдвэрийг хүчтэйгээр эсэргүүцсэн. Тэд энэ алхамыг эдийн засгийн шинэчлэл гэхээсээ илүү дараагийн сонгуульдаа бэлдсэн “Улс төрийн үзэгдэл” гэж шүүмжилж байсан?

 

-Сөрөг хүчний зүгээс ард түмнийг мухардалд оруулах гэсэн санаатай алхам гэж шүүмжилсэн. Мөн улс төрийн зорилгоор өөрийн нэр хүндийг өсгөхөөр ажилласан гэх хүн ч байна. Энэ хоёр шүүмжлэл утга агуулгын хувьд нийцэхгүй байгааг ажиглаж байгаа байх. Тэд ийм утгагүй зүйл ярьж байгаагаас үзвэл цөхрөнгөө барсан бололтой.

 

-Бэлэн мөнгийг хэрэглээнээс хассанаар “Хар мөнгө” буюу татвар төлөхгүйн тулд мөнгөө бэлнээр хадгалдаг байдал зогсч, татвараас зайлсхийх үзэгдлээс сэргийлэх чухал ач холбогдолтой гэж мэдэгдэж байгаа. Иргэд татвараа зохих ёсоор нь төлж эхэлснээр Засгийн газарт хэдэн төгрөг төвлөрч, хэдий хэмжээний ашиг хүртэх вэ?

 

-Ер нь бол үүнийг Засгийн газар биш эдийн засагчид тооцоолдог. Засгийн газрын хувьд авлигын эх үүсвэрийг ил тод болгож, “Хар мөнгө”-ийг банкны системд оруулж шударга бус байдлыг халахыг л хүсч байна.

 

-“Хар мөнгө” гэх эдийн засгийн үзэгдэл хэдийд ч байсаар л байна гэж үзэх хүн олон байна. Энэ явдлыг бүр мөсөн хязгаарлахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

 

-“Хар мөнгө” гэх татвараас зайлсхийх үзэгдэл бэлэн мөнгөний хэрэглээг хязгаарласан ч өөр хэлбэрээр оршсоор л байна гэж шүүмжлэх хүн байгаа. Тэр ч утгаараа энэ үзэгдэл бүх цаг үед байна гэж тодорхойлж байгаа байх. Энэ удаагийн алхам нь татвараас нуугдах “Хар мөнгө” үзэгдлийг хязгаарлах шат дараалсан арга хэмжээний нэг хэсэг юм. Энэ алхам хэрэгжиж эхлээд бүх зүйл цэгцэрнэ гэсэн үг биш. Бараа бүтээгдэхүүний татварыг нэмж, цахим төлбөрийн хэрэгслийг эдийн засагт нэвтрүүлэх зэрэг чухал үр дүнтэй алхам олон байгаа.

 

-Таны хувьд бэлэн мөнгөний хэрэглээг багасгаж, гүйлгээний цахим хэлбэрийг дэмжих ёстойг идэвхтэй сануулдаг. Цахим гүйлгээний хурд систем дэх бэлэн мөнгөний зай завсар, хомсдолыг нөхөж чадах уу?

 

-Цахим гүйлгээг бэлэн мөнгөний хомсдолоос сэргийлэх богино хугацааны аргацаах алхамаар төсөөлж болохгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 200 сая орчим хүн өдөр тутмын хэрэглээндээ карт ашиглаж хэвшсэн байна. Энэ нь гүйлгээний цахим хэлбэрийн ашиг тусыг хүртсэн гэсэн үг. Олон талын ач холбогдолтой эдийн засгийн алхам. Жижиг аж ахуйн нэгж, иргэдийн хувьд бэлэн мөнгөтэй харьцах харилцаанд эергээр нөлөөлж, бүх зүйл илүү хялбар болно. Түүнээс гадна зээл авах, санхүүгийн бүртгэл хөтлөхөд ч илүү амар шүү дээ. Том жижиг гэлтгүй санхүүгийн бүх системд гүйлгээний цахим хэрэгсэл картыг нэвтрүүлэх хэрэгтэй.

 

-Таны засаг захиргааны бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Өнгөрсөн хугацаан дахь засаглалын үйл явц болон шийдвэрт алхамууддаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

 

-Би Энэтхэг улсыг түүхэн өөрчлөлтийн зааг дунд зогсч байна гэж боддог. Хөгжингүй улс, үндэстэн дэлхийн тэргүүлэгч болох чухал ач холбогдолтой түүхийн хурц ирмэг дээр байна гэж төсөөлдөг юм. Энэтхэгийн жирийн нэгэн фермэр аз жаргалтай байж, худалдаачин нь чинээлэг, эмэгтэйчүүд эрх мэдэлтэй, залуу үе нь ажил орлоготой. Энэтхэг айл бүр хувийн эзэмшлийн байшин, боловсон хэрэглээтэй байгаасай гэж хүсдэг. Тиймээс Засгийн газрын бодлого иргэн рүүгээ чиглэсэн байдаг. Хүн бүрийн амьдралд сайнаар нөлөөлөх бодлого боловсруулахын тулд хичээж ажиллаж байна.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)