Оффшорчдыг хазаарлах хуулийн төсөл хүлээлт үүсгэж эхэлжээ

 

        УИХ-ын хаврын чуулган хоёрхон хоногийн дараа нээлтээ хийнэ. Энэ удаагийн чуулганаар олон түмний хүсэн хүлээсэн цөөнгүй шийдвэр гарах хүлээлттэй байгаа. Тухайлбал, манай улс ОУВС-гийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдахаар болсонтой холбоотойгоор энэ оны улсын төсөвт тодотгол хийнэ. Ингэснээр зарим татварыг нэмэх эсэх болон Хүүхдийн мөнгийг цаашид ямар байдлаар олгох, цэргийнхэн тэтгэвэрт гарахдаа улсаас тэтгэмж авах эсэх зэрэг олон чухал асуудлыг нэг тийш болгоно. Цаашилбал, Үндсэн хуулийн өөрчлөлт, Казиногийн тухай хууль гэх мэт олны анхаарлыг татсан хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Эдгээрийн дунд Төрийн албаны тухай хууль багтаж байгаа нь энэ хаврын чуулганы онцлох хуулийн нэгд зүй ёсоор нэрлэгдэж байна. Учир нь, уг хуулийг шинэчлэн найруулснаар төрийн алба тогтвортой, үр дүнтэй ажиллах үндсэн нөхцөл бүрдэнэ. Хамгийн гол нь, төрийн албыг улс төрөөс хараат бус байлгах том зорилгыг хууль санаачлагчид тавьж байна. Хуулийн төслийг хэлэлцэх гэж буй энэ үед УИХ-ын дарга М.Энхболд оффшор данстай холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн нь өнөөдөр ч олон нийт, тэр дундаа нууц данстай төрийнхөнд том цочроо өгөөд байна. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ гаргадаг албан тушаалтнууд нууц данстай байхыг хориглоно гэдгээ УИХ-ын дарга илэрхийлсэн. Тодруулбал, тэрбээр оффшор данс эзэмшсэн хүн төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна гэдгийг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

 

 

“Оффшор данстай хүн монгол төрийн албанд ажиллахгүй байхаар хуульчилна. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, бие даасан, хариуцлагатай байх нөхцөл бололцоог Төрийн албаны тухай хуулиар бүрдүүлнэ. Олон жил дуншсан асуудлыг одоо хийж хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдлээ. Түүний энэхүү мэдэгдлийн дараа оффшорчдыг эсэргүүцсэн жагсаал нийслэлийн төв талбайд болов. Энэ үеэр УИХ-ын даргын хэлсэн үгийг ажил хэрэг болоосой гэж хүсэх хүн олон байлаа. Гэхдээ тэдний хэлснээр энэ асуудалд нааштай тал ажиглагдаж эхэлсэн гэж байна. Өөрөөр хэлбэл, жирийн иргэд жагсч цуглаад асуудлыг шийдчихгүй учраас спикерийн хэлсэн үг тэдэнд ихээхэн найдлага төрүүлсэн бололтой юм. Хаврын чуулганаас ямар шийдвэр гаргахыг хүлээнэ гэдгээ илэрхийлж байлаа. Үнэндээ өнгөрсөн хугацаанд оффшорт данстай байх нь буруу, төсвийн мөнгийг хулгайлсан хүмүүсийг хоргодох газар нь төр биш гэх мэтээр нэлээд шүүмжилж ирсэн ч төр засгаас дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрсэн. Тэр дундаа оффшорын асуудал хүчээ авсан өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчид нь энэ асуудлыг өөгшүүлсэн үү гэхээс шалгаж шийдэх тухай ам нээлгүй явсаар өдийг хүрсэн нь төрөөс дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай иргэдийн итгэлийг нэг мөр үгүй хийгээд байсан нь өнгөрсөн өдрүүдэд болсон жагсаал цуглаанаас бэлээхэн харагдаж байлаа. Гэхдээ одоо галт тэрэг хөдөлсөн, оффшор данстай нөхдийг төрд шургалуулахгүй гэдгийг УИХ-ын дарга хатуу сануулчихсан. Монголын төр оффшорчидтой хатуу тэмцэнэ гэдэг нь тодорхой боллоо. Ярих нь хийхийн эхлэл учраас М.Энхболдын парламент энэ асуудлыг нэг тийш болгоно гэж итгэсэн хүн олон байгааг энэ дашрамд дуулгая.

 

Харин одоо Монголын төр оффшорчидтой хэрхэн ямар замаар тэмцэх талаар мэдээлэл хүргэе. Энэ долоо хоногт нээлтээ хийх хаврын ээлжит чуулганаар 34 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр батлаад байгаа. Түүний дотор Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх найруулах асуудлыг хэлэлцэнэ. Харин УИХ-ын даргын хэлсэнчлэн оффшор данстай хүнийг төрийн албанд ажиллуулахгүй байх заалтыг уг хуульд тусгаж өгөхөөр болоод байна. Үүнтэй зэрэгцээд тухайн этгээд өөрөө төрийн албанд ажилладаг ч оффшор бүс дэх дансаа шилжүүлэх буюу эхнэр, хүүхэд, ээж аав ,ар гэрийн хэн нэгний нэр дээр шилжүүлэх явдал гарч болзошгүй гэх хардлага нэлээд бий. Харин энэ асуудлыг хэрхэн тусгах нь хуулийн хэлэлцүүлгийн явцад тодорхой болно.

 

Манай улстөрчид болон төрийн албанд ажиллаж буй сайд, дарга нар жил болгон хөрөнгө орлогоо мэдүүлдэг. Хаанаас ямар ашиг олсон, хэдий хэр хөрөнгөтэй болохоо тайлагнан АТГ-т хянуулдаг. ХОМ-ээ гаргаж өгдөг хүмүүсээс оффшор бүсэд данстай хүн нэг бус бий. АН-ын үед оффшорт данстай хүмүүст хариуцлага тооцох асуудалд нүдэн балай, чихэн дүлий явж ирсэн нь С.Баярцогттой холбоотой гэх таамаг байдаг. Энэ ч үнэний ортой. Учир нь, энэ эрхэм оффшор бүсэд нэг сая ам.доллараа мартсан гэж мэдүүлсэн нь улстөрчдөд итгэх иргэдийн итгэлийг бүр мөсөн үгүй хийсэн гэхэд хилсдэхгүй. С.Баярцогт бол АН-ын төдийгүй Монголын томоохон улс төрчдийн тоонд зүй ёсоор багтах нэгэн. 23-хан насандаа улс төрд хөл тавьж, анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад гар бие оролцож явсныг нь бодвол түүнд улс төрийн соёл, ёс зүй баймаар. Гэвч сая ам.доллараа гаднын улсын дансад хийж орхиод мартсан гэж мэдүүлсэн нь дэндүү харамсмаар тайлбар байсан. Түүний энэхүү үйлдлийг АН-ынхан хөгжөөн дэмжээгүй ч бас шүүмжилж өөнтөглөөгүй. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнд хариуцлага тооцох талаар ч ямар нэг алхам хийгээгүй гэхэд хилсдэхгүй. Учир нь, тухайн үед С.Баярцогт өөрийн хүсэлтээр УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгч байсан. Харин намынхных нь зүгээс түүний толгойг илээд өнгөрсөн гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Ердөө хамгийн сүүлийн жишээ татахад УИХ-ын 2016 оны сонгуульд түүний нэрийг дэвшүүлэхгүй гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдсэн ч хүч хүрээгүй. Сэлэнгэ аймгаас нэр дэвшээд өвдөг шороодсон түүх шинэхнээрээ байна.

 

Ямартай ч ийнхүү олны анхаарлыг татдаг оффшор бүстэй холбоотой асуудлыг хуульчилна гэдгийг УИХ-ын дарга мэдэгдсэн нь олны талархлыг хүртэхийн хамт хүлээлт үүсгээд эхэлжээ.

 

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (73.110.176.151)

    2017-04-04

    Hotiin darga baihdaa gazariin naimaanii panzchin baican ene hun shudarga es togtoono gej bi lav itgehgui bna mongoo haana nuusnaniig ta nar medeh uu

  • pkxny (66.181.177.30)

    2017-04-03

    Хариуцлагын хуулийг олонхи гаргахаас татгалзаж байгаа нь асуудал үүсгэж байна.Өндөр албан тушаалтан. УИХ гишүүд яагаад хариуцлага хүлээж болохгүй гэж. Олон гэмт хэрэгтэнгүүдийг хаацайлдаг газар болж дээ.Олон түмэн нүдтэй гэдгийг мэдмээр, ичмээр байна.