Хэмнэлт буюу нүдээ олсон шийдвэр
- 2017-04-05
- Нийтлэл
- 0

Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны үнэ тарифт хөнгөлөлт үзүүлэх журам нь жинхэнэ утгаараа нүдээ олжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хэлэлцэн баталсан билээ.
Тодруулбал, гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах, хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцох, хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх, хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэргийг зохицуулсан юм аа. Түүнчлэн тогтоолыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөх бөгөөд нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдах гэсэн тооцоотой байсан юм.
Тэгвэл энэхүү ажил үр дүнгээ өгч, Засгийн газрын өчигдөр болсон ээлжит хуралдаанаар Эрчим хүчний салбарын харьяа үйлдвэр, аж ахуйн нэгжүүд өнгөрсөн өвлийн их ачааллыг амжилттай давсныг салбарын сайд П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны тарифыг хөнгөлсөн юм. Засгийн газрын энэ шийдвэрийн хэрэгжилтэд нийт 150 мянган орчим хэрэглэгч хамрагдаж, шөнийн тарифт тоолууртай 108 мянган хэрэглэгч 100 хувийн, 40 орчим мянган хэрэглэгч 50 хувийн үнэ тарифын хөнгөлөлт эдэлжээ. Манай улс өнөөдрийн байдлаар дотоодын эх үүсвэрүүдээс 3063,0 сая кВт.цаг, импортоор 657,0 сая кВт.цагийн эрчим хүч хэрэглэж байна. Энэхүү хөнгөлөлтөд олон нийтийн зүгээс ам сайтай байгаа бөгөөд сард төлдөг цахилгааны төлбөр нь 15-20 мянган төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм байна.
Б.Цэлмэг

Сэтгэгдэл (0)