Н.Номтойбаяр: Худал мэдээлэл өгснөөр төрийн халамжийн бодлого зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй
- 2017-04-06
- Улс төр
- 0

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр амьжиргааны төвшин тогтоох судалгааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Улс орон даяар амьжиргааны төвшин тогтоох судалгааны ажил үргэлж байгаа бөгөөд одоогоор 739 мянган айл өрхийн 81 хувь буюу 600 мянган айл өрхийг хамруулсан байна. Энэхүү судалгаа нийтдээ 10 мянган орчим хүний бүрэлдэхүүнтэй хийгдэж байгаа бөгөөд аяны гол зорилго нь айл өрхүүдийн амьжиргааны төвшинг тогтоож халамжийн үйлчилгээг зорилтод бүлэгт хүргэх, Халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулахад оршиж байгааг Н.Номтойбаяр сайд хэлсэн үгэндээ онцолж байлаа.
Түүнчлэн судалгаанд хамрагдалгүй үлдсэн айл өрхүүд ирэх сарын 1-нээс хойш хүсэлт гаргаж хамрагдах боломжтой юм байна. Мөн "Зарим айл амьжиргааны төвшин тогтоох судалгаанд хамрагдахаас татгалзаж, амьдрал ахуй нь харьцангуй боломжтой айл өрхүүд халамж авч байгаа нь ажиглагдсан. Танил талаа ашиглаад халамж авч байгаа эдгээр айл өрхүүд судалгаанд хамрагдахаас татгалзаж байна. Иргэд судалгаанд хамрагдахдаа мэдээллээ буруу өгч байна.
Туршилт судалгаа хийж үзэхэд 298 айл өрх тус бүр гурав ба түүнээс дээш өрөө байртай байж орон сууцгүй түрээсийн орон сууцанд амьдардаг гэж хэлэх жишээтэй. Ингэж худал мэдээлэл өгснөөр төрийн халамжийн бодлого зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй. Цаашлаад ядуурлыг бууруулахад саад учруулж байна гэсэн үг. Тиймээс хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Худлаа хэлж халамжийн мөнгөнөөс авна гэдэг хулгай хийж байгаагаас ялгаагүй үйлдэл” гэдгийг сайд Н.Номтойбаяр онцолж байлаа.
-Судалгаанд хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ. Судалгаа хэдэн хувьтай байна вэ?
-Азийн хөгжлийн банкны 4.5 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлээр судалгаа хийж байгаа. Энэ зээлийг 2019 онд эргэн төлөх юм. 2010 онд энэ судалгааг хийхэд нэг айлаас судалгаа авах зардал нь 8600, 2013 онд 8200 төгрөг байсан. Харин одоо энэ зардлыг бууруулж нэг айлаас судалгаа авахад 7500 төгрөг зарцуулж байгаа. Зардлаа ингэж бууруулж илүү олон айлыг судалгаанд хамруулах зорилт тавьсан. 2010 онд 451 айлыг хамруулж байсан бол одоо 600 мянган айлыг хамруулж байгаа. Ер нь жил бүр 260 орчим тэрбум төгрөгийг халамжийн үйлчилгээнд зарцуулдаг. Халамжийн 69 үйлчилгээнд нийтдээ 840 мянган хүн ямар нэгэн байдлаар хамрагдаж байгаа.
-Судалгаагаар амьжиргааны төвшин нь доогуур болох нь тогтоогдсон айл өрхүүдэд арилжааны банкууд зээл олгохгүй гэсэн гэсэн яриа иргэдийн дунд гарсан?
-Тийм зүйл байхгүй. Энэ бол зээлтэй огт хамааралгүй. Мөн тодорхой хэмжээний мөнгө өгвөл амьжиргааны төвшинг чинь доогуур тогтоож халамжийн үйлчилгээнд хамрагдахад дэмжлэг үзүүлнэ гэсэн залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа. Үнээс болгоомжлох хэрэгтэй.
Б.Цэлмэг
www.unen.mn

Сэтгэгдэл (0)