Ж.Мөнхбат: 850 сая ам.доллар эдийн засагт амьсгаа авах маш том боломжийг нээж байна

 

        ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбаттай  цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

 

-УИХ-ын даргын Япон Улсад хийсэн айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү айлчлалын хүрээнд 850  сая ам.долларын хөнгөлттэй зээл авахаар болсон. Энэхүү зээлийн үр шимийг та хэрхэн харж байна вэ?

 

-Ер нь намрын чуулган завсарлах үеэр Засгийн газар нэлээдгүй ажлыг амжуулсан. Тодруулбал, бид Чалькогийн өрийг дарж дууслаа. Засгийн газрыг ажлаа авахад Чалько-д 110 сая, хөрс хууллалтын  60-70 орчим сая ам.долларын өр байсан. Энэ нь  нийтдээ 170 орчим сая ам.долларын өртэй гэсэн үг. Үүнийг зургаан сар гаруйн хугацаанд Эрдэнэс Тавантолгой компани дарж дуусгалаа. Энэ нь Баруун цанхийг нээх Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотой.  Дээрээс нь нүүрс худалдаалахдаа анх удаагаа дуудлага худалдааны зарчмаар хамгийн өндөр үнээр өгсөн явдал байлаа. Нийт худалдан авалт, нүүрснийхээ 30 дээш хувийнх нь  үнийн дүнг төлсөн,  тээврийн зардлаа өөрсдөө шийдэж байгаа компанид өгнө гэсэн зарчим маань зөв байсан.  

 

Өөрөөр хэлбэл, хоёр, гуравхан компаний захирал ширээний ард суугаад тохирдог байсан тогтолцоог Тавантолгойн нүүрс худалдаалдах зарчим дээр байхгүй болгож чадсан.  Тэгэхээр 71-72 орчим сая  ам.доллараар өгч байгаа. Ийм хэмжээний ам.доллораар нүүрсээ өгөхөд 170 сая ам.долларыг өрийг дуусгаж байна. Чалькогийн анхны гэрээг 70 ам.доллараар хийснийг мэдэж байгаа. Хэрвээ энэ гэрээг манай өмнөх газрын үед цуцлаагүй байсан бол 170 сая ам.долларын өрийг 7,8 сарын хугацаанд, 350 сая ам.долларыг жил гурван сарын хугацаанд төлөөд дуусах боломж байжээ гэдгийг өнөөдрийн энэ үйл явдал батлан харууллаа. Нөгөө талаар монгол улс тавантолгой болон нүүрс борлуулах асуудлаа шийдээд явах гарц байгаа гэдгийг харууллаа. 

 

-Японоос хөнгөлттэй зээл авах нөхцөл бүрдсэн шүү дээ. Энэ нь манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

 

-Олон улсын валютын сангийн хөтөлбөрт манай улс хамрагдаж байгаатай холбоотой  хоёр орон, гурван байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Энэ хүрээнд 30 жилийн хугацаатай хөнгөлттэй зээл орж ирж байгаа. 850 сая ам.доллар өнөөдөр Монголын эдийн засагт амьсгаа авах маш том боломжийг нээж байна. Тиймээс УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал маш үр дүнтэй боллоо гэж үзэж байгаа. Энэ айлчлалын хүрээнд Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 850 сая ам.доллар өгнө гэдгээ мэдэгдсэн. Солонгосоос 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн дэмжлэг орж ирэх асуудал шийдэгдсэн. Сангийн сайд саяхан турк улс руу явсан. Турк Улсаас  300 сая ам.долларын асуудлыг ярьсан. Энэ нь нэмэгдээд 700 орчим сая ам.доллар болох боломж  бас байгаа. Ийм аятайхан эерэг мэдээтэй хаврын чуулганыг эхлүүлж байна. 

 

-Эрдэнэт үйлдвэрийн  49 хувь төрийн мэдэлд зуун хувь шилжсэн гэсэн. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?

 

-Эрдэнэт үйлдвэрийн  49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэрийг УИХ тогтоолоор баталгаажуулна. Та бүхэн мэдэж байгаа. УИХ хууль болон тогтоол баталдаг. Үүнийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байдаг. Тэгэхээр Засгийн газар УИХ-аас өгсөн үүрэг даалгавар чиглэлийн дагуу хэрэгжүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь талынхантай хэд хэдэн удаа манай ажлын хэсэг уулзах хүсэлт тавьсан.  Уулзъя, ярилцъя гэсэн боловч ирээгүй. Ингээд Засгийн Газрын шийдвэр гарч, 49 хувийн  ТУЗ-ыг төлөөлж байсан гурван хүнийг сольсон. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төлөөлж байгаа Б.Шинэбаатарыг нэгдүгээр орлогч даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Түүнээс биш 49 хувийг огт үгүйсгээд, гаргаад хаясан зүйл байхгүй. Тодорхой хэмжээний төлөөлөл байж, яриа хэлэлцээр хийх боломжийг нь нээлттэй үлдээсэн. Засгийн газар УИХ- аас өгсөн үүрэг даалгавраа биелүүлсэн гэсэн үг.

 

Дараа нь Эрдэнэтийн захирал, ТУЗ-ийн  цалинтай холбоотой мэдээлэл яваад байна. ТУЗ-ийн гишүүдийн цалинтай холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах боллоо. Би Засгийн газрын хэрэг эрхлэх, төрийн өмчийн асуудал хариуцсан сайдын хувьд нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлэхэд өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд нэг ч удаа цалин аваагүй байгаа. “Эрдэнэт”-ийн Ерөнхий захирлын цалингийн хэмжээг ТУЗ нь баталж, тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, ТУЗ-өөр хэлэлцүүлээгүй асуудал гэсэн үг. Гэтэл тэднийг их хэмжээний мөнгө аваад яваад байгаа юм шиг ташаа мэдээллийг зохион байгуулалттайгаар хэвлэл, мэдээлэл, сошиалаар тараасан байна 

 

-Тэдний цалингийн хэмжээ нь үнэхээр тийм өндөр юм уу?

 

-Засгийн газраас өнгөрсөн найм болон есдүгээр сарын үед тогтоол гаргасан төрийн өмчийн компаниуд, аж ахуйн нэгжүүдийн дарга нар маш өндөр хэмжээний цалин урамшуулал авч байсан.Харин үүнийг 30-60 хувь бууруулах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр хэрэгжээд явж байгаа. Бид Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зарчмыг барьж ажиллаж байж байна.

 

Б.Цэлмэг

www.unen.mn
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (193.109.199.158)

    2017-04-07

    шаампар