Ардчилсан намын “талцал” эцэстээ хүрч магадгүй
- 2017-04-10
- Улс төр
- 0

Ардчилсан нам энэ сарын эхээр дотоод сонгуулиа хийж, шинэчлэлийн зам мөрийг хэрэндээ л тунхаглаж яваа. Намын дүрмээ өөрчилж, Үндэсний бодлогын хорооны гишүүдийнхээ тоог нэмсэн гээд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх гэж хэр чадлаараа чармайж байна. Иймээс Ардчилсан намын өөрчлөлт, шинэчлэлтийг зөвхөн цаг хугацаа харуулах байх.
Түүнээс гадна Ардчилсан намын “гал авалцсан” бас нэг сэдвээр Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэх вэ гэдэг томоохон сорилтын өмнө тулгараад буй. Тодруулбал, ирэх сарын эхээр УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлах учиртай. Тэгвэл Ардчилсан намд одоогийн байдлаар ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвшихээ зарласан нь Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Г.Батхүү, Лу.Болд, Д.Дорлигжав, Р.Амаржаргал нар юм. Тэдний хэн нь ерөнхийлөгчид нэр дэвших вэ гэдгийг намын дотоод сунгаагаар тодруулж, зарлах гэнэ. Тэд дундаас хэвлэлээр албан ёсоор зарласан нь Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл нар юм. Тэд аль аль нь туршлагатай, өндөр албан тушаал хашиж, төрийн эрх барьж байсан хүмүүс.
Харин тэдний хэнийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд сойх вэ гэдэг нь өнөөдөр хүртэл таамаг төдий байна. Түүнчлэн дотооддоо асуудалтай, хөнжилдөө хөлөө жийлцэж байгаа байдал нь улам хэрээс хэтэрч, намын талцал эцэстэй хүрч магадгүй гэдгийг зарим судлаачид хэлж байгаа юм.
Ингээд албан ёсоор нэр дэвшихээр зарласан хүмүүсийн байр суурийг хүргэж байна.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг:
- Хуйвалдааны төр иргэдээ алагчилж баялаг бүтээгчдээ дээрэмдэж, хуулийн байгууллагуудыг ил тодоор энэ бүхний эсрэг ашиглаж байна. Монголчууд явцуу эрх ашгаараа нэгдсэн нам дамнасан бүлэглэлийн санаархлыг тас цохиж Монгол төрөө хуйвалдагсдаас тусгаарлах чөлөөлөх цаг нь ирсэн. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална гэсэн үгэндээ эзэн болохын тулд Ерөнхийлөгчийн төлөө нэр дэвшихээр шийдлээ.
Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав:
-Албан ёсоор мэдэгдэх нь зөв байх. Үнэн. Би Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Хувьдаа нэлээд эргэцүүлж бодоод ийм шийдвэр гаргалаа. Шийдвэр гаргахад хэд хэдэн зүйл нөлөөлсөн. Улс орны өнөөгийн нөхцөл байдал, төр барьж байгаа эрх баригчдын явуулж буй бодлого, эдийн засгийн эсрэг авч буй арга хэмжээ, түүнээс гарах үр дүн хангалтгүй санагдсан. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш чамгүй удаан хугацаанд харлаа, эргэцүүлж бодлоо.
Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл:
-Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа. Гэхдээ хэнийгээ нэр дэвшүүлэх эсэх нь манай намын сунгаагаар шийдэгдэх асуудал. Улмаар намын гишүүдийн олонх нь дэмжсэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх юм. Тиймээс ч би сунгаагаар гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болно.
Б.Цэлмэг

Сэтгэгдэл (2)
zochin (66.181.187.203)
Luivarchid
Ganba (202.9.42.41)
Ядаж гаÑÑигаа зөв биÑÑÐ¸Ñ ÑÑд Ñолгойг Ð¼Ð¸Ð½Ñ ÑÑгүүл!