УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
- 2017-04-11
- Улс төр
- 0

УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, М.Билэгт, Ц.Гарамжав, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Н.Учрал нар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид Монгол Улс 2008 онд нэгдэн орсон бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 оны 2 дугаар сард шинэчлэн баталсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг оролцоо, баримтлах зарчмыг тодорхойлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрөө өөртөө итгэх, өөрийн бодит боломжид тулгуурлан хөдөлмөр эрхлэх, онцлог хэрэгцээндээ нийцсэн нийгмийн үйлчилгээнд хамрагдах, сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зэрэг боломж бүрдсэн байдаг. Монгол Улсад 101730 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 10 хувийг хүүхэд эзэлж байгаа бөгөөд ерөнхий боловсролын дээрх тусгай сургуулиудад 1658 хүүхэд суралцаж, 402 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцаж байна.
УИХ-ын тогтоолын төсөлд “Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2022 он”-ийг боловсруулан батлуулах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээг сайжруулах чиглэлийн асуудлуудыг нэгтгэн тусгажээ.
Б.Цэлмэг

Сэтгэгдэл (0)