Цахим орчин амьд харилцааг устгаж байна

 

        Өдрийн хэдэн цагийг хамт өнгөрүүлж, түүний хүсэл мөрөөдлийн талаар ярилцаж, ямар хүүхэдтэй найзалдгийг нь мэдэх үү” гэж таван ээжээс асуусан юм. Тэдний дийлэнх нь найзуудыг нь сайн танихгүй, зүс мэдэх төдий. Хамгийн сүүлд охинтойгоо тухтай ярилцсанаа санахгүй байна. Чухал харилцах шаардлага гарвал утас эсвэл фэйсбүүкээр холбогддог. Олон цагийг хамт өнгөрүүлж чаддаггүй” гэж хариулав.

 

Уг нь өсвөр нас гэдэг хүүхэд аливаа юмыг хүндээр хүлээж авдаг, түүндээ гуньдаг, гутардаг хамгийн эмзэг үе байдаг. Ялангуяа эмэгтэй хүүхэд. Энэ үед нь эцэг, эхчүүд анхаарал хандуулж, хааяа ч гэсэн бодлыг хуваалцаж байхгүй бол хаашаа ч хальтарч мэдэхээр үе гэсэн үг. Энэ сарын 9-нд нэгэн аймшигт хэрэг гарсан нь олныг түгшээв. Тодруулбал, Хан-Уул дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tuul one” хотхонд 21.00 цагийн үед XIV давхрын хонгилын цонхоор үсэрч, өсвөр насны хоёр охин амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ.

 

Бодохоос ч зүрх шимширмээр биш гэж үү. Угтаа бол тэднийг аав, ээж, ах, эгч магадгүй найз нөхөд нь хичээлээ тараад гэртээ харьж байгаа гэсэн бодолтойгоор л тэр оройг өнгөрүүлсэн байж болох. Гэвч...

 

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнгийн хэлснээр “Tuul one“ хотхоны гуравдугаар орцны дээд давхраас хоёр охин уначихлаа гэх дуудлага иргэдээс анх иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн хэргийн газарт очиж ажиллахад 16-17 насны хоёр охин өндрөөс унаж амь насаа алдсан байдалтай байжээ. Манай сурвалжлах багийнхан өчигдөр хэргийн газарт очиход тус байрны гуравдугаар орцны үүдний довжоог орцны жижүүр угааж байхтай таарсан юм. Тэрбээр “Үе тэнгийн хоёр охин XIV давхраас үсэрч амиа алдсан хэрэг гарсан. Оршин суугчдын зүгээс довжоон дээрх цусыг угаах хүсэлт тавьсан юм. Хүүхдүүд орж гарахдаа энд хүн үхсэн. Цус харагдаад хэцүү байна гэдгээ эцэг эхдээ хэлсэн байна лээ. Хүүхдүүд төдийгүй оршин суугчид айдастай байна. Ойролцоо оршдог 115 дугаар сургуульд сурдаг нэг ангийн хоёр охин эцэг эхтэйгээ ойлголцож чадаагүйгээс ийм хэрэг гарсан гэж хүмүүс ярихыг сонслоо. “Нөхөрлөл мандтугай. Алт шиг гялалзахгүй ч ган шиг хатуу нөхөд энд байна” гэж бичээд үсэрсэн гэсэн. Өмнө нь хана угааж байхад тийм бичиг харагдаагүй” гэсэн юм. Харин тухайн байрны нэгэн оршин суугч “Хэвлэлийнхэн янз бүрийн мэдээлэл нийгэмд цацаад байна. Хүүхдүүд интернэт ороод сайтад гарсан мэдээг уншдаг. Өчигдөр л гэхэд манай охин ганцаараа гэрээс гарч, орж ирэхдээ айгаад байна гээд сэтгэл хямралын байдалтай өнжлөө. Ер нь тэгээд амиа хорлоно гэдэг ноцтой асуудал. Үүнийг хамаагүй нийтэд зарлавал өөр хэдэн хүүхэд ийм үйлдэл хийх билээ гэдгийг бодож үзмээр байна” гэв.

 

        Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харьцах талаар МУБИС-ийн Сэтгэл зүйн үйлчилгээний төвийн эрхлэгч доктор, дэд профессор М.Хишиг-Ундрахтай ярилцлаа

 

Эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэй яаж харьцах ёстой байдаг вэ?

 

-Хүүхдийн өсвөр нас бол хамгийн эмзэг үе байдаг. Бие организмын хувьд өөрчлөлт болон “үйлдвэрлэл” явагддаг. Охидуудад хөх ургаж, сарын тэмдэг үзэгдэж эхэлдэг бол хөвгүүдэд сахал ургаж, дуу хоолой бүдүүрэх зэрэг олон өөрчлөлт гарна. Энэ насны хүүхдийн өсөлт эрчимтэй явагддаг. Байхгүй байсан зүйл бие организмд бий болж байгаа учир “үйлдвэрлэл” гэж хэлж болно. Тэгэхээр дээрх өөрчлөлтийг дагаад сэтгэлзүй нь ч бас өөрчлөгдөж эхэлдэг. Амархан хямарна. Тиймээс эцэг эх, багш нар өсвөр насны хүүхэдтэй зөв боловсон харьцах хэрэгтэй. Техник технологийн эрин үед амьдарч байгаа хүний хөгжил хурдсах үзэгдэл огцом явагдаж байна. Эцэг эхчүүд хүүхдээ үргэлж жаахнаар нь хараад байдаг. Гэтэл өсвөр насны хүүхдүүдэд шохоорхол, үерхэл, хайр дурлалын асуудал тулгарч эхэлнэ. Охидын хувьд бусдад сайхан харагдахын тулд гоо сайхандаа анхаарах, гоё хувцас өмсөх хүсэлтэй болдог. Түүнийг эцэг эхчүүд буруугаар ойлгож, загнаж зэмлэх тохиолдол их гарч байгаа. “Чиний зан ааш их эвдэрч байна, бусдад уруу татагдаад болохгүй хүүхэдтэй найзалж байна” гэх зэргээр хориг тавих гээд байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ шилжилтийн насны онцлогийг мэдэрч, харилцан ярилцаж, хамгийн сайн дотны зөвлөгч нь байх хэрэгтэй.

 

-Хүүхэдтэйгээ найз шиг харилцдаг эцэг эх бараг л байдаггүй шүү дээ?

 

-Би чиний ээж эсвэл аав гэсэн байр сууринаас харьцдаг. Хүүхдийн хүмүүжил, хөгжилд хайр хамгийн чухал. Гэхдээ зөв хайраар хайрлах ёстой. Хүүхдийн сэтгэхүйн хөгжлийг гажуудуулдаг гурван төрлийн буруу хайр байдаг гэж эрдэмтэд үздэг.

 

-Тухайлбал, ямар?

 

-Нэгдүгээрт, уярлын хайраар айлын ганц юм, хэзээ хойно төрсөн юм гэх зэргээр хүүхдийнхээ хүссэн бүхнийг авч өгснөөс болоод эцэг эхийнхээ “толгой дээр гардаг”. Ингэснээр бусдаас үг сонсохгүй бүхнийг өөрийнхөө шийдвэрлэх гэж зөрүүдэлдэг талтай. Хоёрдугаарт, Барьцаалах хайр ордог. Эцэг эхчүүд энэ улирлаар онц дүнтэй төгсвөл унадаг дугуй авч өгнө гэх зэргээр барьцаалдаг. Ийм орчинд өссөн хүүхэд бусдаар хайрлуулж, хэрэгтэй зүйлээ авахуулахаа мэдэхээс хэн нэгнийг хайрлахыг чухалчлахгүй өсдөг дутагдал байдаг. Гуравдугаарт дарангуйлах хайр орно. Үүнд би чамайг сайхан амьдруулж байна. Хүний хүүхдийн өмсөөгүй хувцсыг өмсүүлж байгаа шүү. Би ядарч байна гэж хүүхэдтэйгээ харьцдаг. Хүүхдээ боол мэт зарах гээд байдаг. Тэгэх ёстой, ингэх хэрэгтэй зэргээр тушааж харьцах нь олон эрсдлийг араасаа дагуулна. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ зөв хайраар хайрлаж, халамжлах хэрэгтэй. Арван жилийн дараа миний хүүхэд хүний хань, хүүхдийн аав, ээж болно. Ямар мэргэжилтэй хүн болмоор байна гээд амьдралын асуудлыг өсвөр насны хүүхэдтэйгээ байнга ярилц. Тэгвэл хүүхэд ирээдүйгээ сайхнаар төсөөлнө. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө юу хиймээр байгааг нь хамтдаа шийдэх хэрэгтэй.

 

-Бүхий л зүйл цахимжиж байна. Айлд ороход бүгд л утсаа бариад тал талд сууж байдаг. Үүнээс болоод эцэг эх, үр хүүхдийн амьд харилцаа үгүй болж байна. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?

 

-Амьд харилцаанд орохгүй байгаа нь үнэн. Эцэг эхчүүд өглөө гараад орой орж ирдэг. Хүүхдүүд нь интернэтээр хэнтэй ямар зорилгоор харьцаж байгааг мэддэггүй. Бүх зүйл цахимжих нь олон сөрөг талтай. Хүн амьд харилцаанд орсноор бие биенээ ойлгоно. Эцэг эх, үр хүүхдийн нандин холбоогоо мэдэрнэ. Өдөрт хүнд олон үйл явдал тохиолдоно. Баяртай, гунигтай, бухимдах үе гарч ирдэг. Хэн нэгэнтэй ярилцаж тайвширдаг. Дотроо бодож явах нь эрсдэл дагуулна. Тиймээс л хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй байгаа юм.

 

С.Ичинхорлоо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • irgen (202.179.26.58)

    2017-04-13

    heregleegee uursduu l hinah heregtei