Орон сууц & утаагүй, хөрсний бохирдолгүй Улаанбаатар

 

        УИХ-ын  хаврын ээлжит чуулганы баасан гарагийн  үдээс хойших хуралдаан гишүүдийн 51,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Иргэдийн хамгийн их анхаарал хандуулдаг чухал сэдвийг хөндлөө. Учир нь Улаанбаатар хотод орон сууц сууц олноороо баригдаж, иргэд энэ хэмжээгээр зээлд хамрагдаж байвал наанадаж утаа алга болох юм. Цаашилбал, хөрсний бохирдол буурч яндангийн тоо цөөрөх юм. Харин энэхүү асуудалд баасан гарагийн чуулган хэрхэн хэлэлцсэнийг хүргэж байна. 

 

Тодруулбал, хуралдаанаар  УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт тавьсан асуулгын хариуг сонслоо. 

 

 Хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд  Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 

Барилга, хот байгуулалтын сайд мэдээлэлдээ Монголбанкны зүгээс хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлснийг дурдав.

 

3асгийн газар, Монгол банкны хамтарсан ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дууссанаар Монголбанк ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх үүрэг дууссан. Гэхдээ хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг харгалзан үзэж Монголбанкны зүгээс өөрийн эзэмшиж буй ИЗББ-ынэргэн төлөлтөөр хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийг санхүүжүүлж ирсэн.

 

 Энэ нь орон сууны эргэлтийг нэмэгдүүлэх, зах зээл дээр борлогдохгүй байгаа орон сууцны борлуулалтыг дэмжих замаар барилгын салбарт томоохон дэмжлэг болсон. Мөн Монголбанкнаас банкуудад 2016 оны 10 дугаар сараас хойш нийт 2502 зээлдэгчийн 169,5 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн эх үүсвэр олгосон. 
2017 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар Монголбанкнаас банкинд олгосон боловч эргэн төлөгдөөгүй байгаа орон сууцны зээлийн үлдэгдэл нэг их наяд 92 тэрбум төгрөг байна. Монголбанкнаас банкуудад олгосон дээрх эх үүсвэрээс нэг их наяд 41 тэрбум төгрөгийн ипотекийн эх үүсвэрийн эргэн төлөгдөх хугацааг 2016-2017 онд таван удаа сунгалаа. Ингэснээр банкууд үнэт цаас жуулалтын үйл ажиллагаа дуустал хүүгийн зөрүүний алдагдал хүлээхгүй, иргэд болон аж ахуйн нэгж дээр хүүгийн дарамт үүсэхгүй, эх үүсвэр эргэн татагдахгүй байх, иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгох үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломж бүрдсэн гэж салбарын сайд мэдээлэлдээ дурдав.

 

Монголбанкнаас 2016 оны 10 дугаар сард баталсан "Орон сууцны ипотекийн санхүүжилтын журам”-д банкнаас иргэдэд олгох орон сууцны зээлийн хугацааг 20-30 жил болгон сунгасан. Ингэснээр иргэдийн орон сууцны зээлийн сарын төлбөрийн дарамт үлэмж буурч, хүртээмж сайжрах, улмаар барилгын салбарын борлуулалт өсөх ач холбогдолтой байсан. Тухайлбал, найман хувийн хүүтэй 70 сая төгрөгийн зээлийн хугацаа 20-30 жил болж уртсахад сарын төлбөрийн хэмжээ 585,5 мянган төгрөгөөс 513,6 мянган төгрөг болж 72 мянган төгрөгөөр буурч байна. Монголбанк "Орон сууцны ипотекийн санхүүжилтын журам” баталж, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, МИК ОССК, банкуудтай “Оронсууцны ипотекийн санхүүжилтын ерөнхий гэрээ"-г тус тус байгуулан,эдгээрийн хүрээнд орон сууцны зээлийн санхүүжилтын хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна гэж салбарын сайд онцлов. 


Гишүүд энэхүү асуудалд ямар байр суурьтай байгааг хүргэж байна. 

 

Зун хөрсний бохирдол их байгаа 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

- Хотын алслагдсан дүүргүүдэд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хотын төвлөрлийг сааруулахгүй бол нөхцөл байдал хүнд байгаа шүү. Өвөл утаа, утаа гээд байдаг. Зун хөрсний бохирдол их байгаа шүү. Тиймээс эрдэмтдийн сайн гэсэн технологийг ашиглаад, ажиллаад өгөөрэй.

 

Орон нутагт ипотекийн зээлийн тоог нэмж өгөөч

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
- Ипотекийн зээлийг хөдөө орон нутагт хэр зэрэг өргөжүүлж өгөх вэ. Жишээ нь Дорноговьд манайхан орон сууц барьсан. Ер нь хөдөө орон нутагт ипотекийн зээлийн тоог нэмж өгөөч. Тэгэхгүй бол нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн их байна. Сайншандын Соёл, спорт төвийн барилгын асуудалд онцгой анхаарал тавьж өгөөч. Тэгэхгүй бол хүмүүс чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж алга. Ихэнх нь Эрээн хот руу гарч мөнгөө үрж байна.

 

Иргэд дөрвөн жил айлаар явсан байна

 

УИХ- ын гишүүн Ө.Энхтүвшин: 

- Гэр хорооллын дахин төлөвлөлтийг өмнөх удирдлага эхлүүлсэн. Үр дүн нь юу болж байна вэ гэхээр баахан айлын газар авсан, байшин нураасан. Иргэд нь хаана амьдарч байна вэ гэхээр ах, дуу нараараа тойрч явна. Түрүүчээсээ ад үзэгдэх маягтай болсон. Байшин баригдаж байна уу гээд байс хийгээд очиж хардаг, газар л ухаад хаясан. Миний тойрог болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд ийм хоёр газар байна. Ажлаа хийхгүй байгаа компаниудыг яах вэ.

 

Гүйцэтгэгчийг нь солих юм уу, хөрөнгө гаргаж дуусгах юм уу. Иргэд дөрвөн жил айлаар явсан байна, нөхөн төлбөр өгч байсан ч зогсох тал руугаа явж байгаа гэх. Нийслэлийн хэмжээнд 152 хороонд концессоор цэцэрлэг, сургууль барина, газрыг нь шийдсэн үү. Ууланд цэцэрлэг барьж хэрэггүй, төвд нь барих хэрэгтэй. 

 

Түрээсийн байранд хамруулна 

 

 Хотын дарга С.Батболд:

- Чингэлтэй дүүргийн 15, 16 хороонд дахин төлөвлөлт эхлүүлсэнтэй холбоотойгоор бодит байдал ийм л байгаа.  Ажил хийхээр хоттой гэрээ байгуулсан компани нь 6-8 тэрбумын санхүүжилт авчихсан байдаг. Оруулсан хөрөнгө оруулалтыг яаж авах вэ гээд бөөн асуудал тавигдаж байна. Ийм учраас нийслэл Барилга хот байгуулалтын яамтай хамтраад ард нь гарна. Нийслэлийн иргэдийн эрх ашигтай холбоотой асуудал учраас 21 айл хүнд байдалд байгаагаас нэг нь өргөдөл өгсөн юм байна. Тийм учраас түрээсийн байранд хамруулахад анхаарал хандуулъя, ийм хүмүүсийг хотод ханд гэж зөвлөх байна.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)