МАН-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө
- 2017-05-04
- Улс төр
- 0

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Хүн ярихгүй, бодлого ярьж оролцоно
- МАН энэ сарын 3-ны өдөр наймдугаар бага хурлаа хийж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэр дэвшигчээ тодрууллаа. Манай намын Бага хурал олон нийт болоод хэвлэл мэдээллийн хувьд нээлттэй ил тод явагдлаа. Бага хуралд хоёр хүн нэр дэвшсэнийг та бүхэн мэдэж байгаа. Судалгаагаар гарсан таван улстөрчийг оруулж нэр дэвшүүлсэн. Үүнд МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нарын хүмүүс нэр дэвшсэн. Удирдах зөвлөлийн хурал дээр МАН-аас энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нар нэр дэвшиж өрсөлдөх бодолгүй байгаагаа илэрхийлсэн. Харин МАН-аас гарч байгаа бодлогоо дэмжиж, нэрээ татсан байгаа. Наймдугаар бага хурлын хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд, дэд дарга Ц.Нямдорж нар өрсөлдсөн. Хурлаар УИХ-ын дарга М.Энхболд 85,7 хувиар ялалт байгуулаад, Ерөнхийлөгчид нэр дэвшихээр боллоо. Наймдугаар Бага хурал эв нэгдэлтэй, ил тод, өнөөгийн нөхцөл байдлаас яаж гарах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж, ажил хэрэгч уур амьсгалтай хурал болж өндөрлөлөө. Монголын ард түмнээс санамсаргүй байдлаар түүврийн судалгаа хийсэн. Үүнд 50 мянга орчим иргэн судалгаанд хамрагдсан. Монголын ард түмнийг энэ цаг үед төлөөлөн удирдан авч явах Ерөнхийлөгч хэн байх вэ гэдгийг судалгаагаар хийсэн. Нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболд, дэд Ц.Нямдорж нар зэрэг нэр дэвшигчээр дурдагдсан хүмүүс нэлээд санал авч байсан. Иймээс удирдах зөвлөлдөө дээрх хүмүүсийг нэр дэвшүүлсэн юм. Үүнээс Бага хуралдаа хоёр нэр дэвшигчийг тодруулсан гэдгийг тодотгох хэрэгтэй байх. Энэ цаг үед МАН ярихаас илүүтэй бодлого ярих болно. Дуу нэгтэй, хүч нэгтэй Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэлээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар. Монгол Улсын ирээдүй, хөгжил дэвшилд энэ сонгууль чухал нөлөө үзүүлнэ
-Наймдугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Бага хурлын 310 төлөөлөгчөөс 259 төлөөлөгч буюу 86 хувь ирж оролцсон. МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын хооронд өрсөлдөөн болсон. 259 төлөөлөгчийн 222 буюу 85,7 хувийн саналаар МАН-ын дарга М.Энхболдыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо. Мөн энэ үеэр нэр дэвшигч М.Энхболд ямар мөрийн хөтөлбөртэй сонгуульд орох вэ гэдгийг хэлэлцсэн. Өнгөрсөн найман хугацаанд Монгол Улсын байдал, төрийн байдал, эдийн засгийн байдал ямар болов гэдэг дээр тулгуурлаж, үүнийг мөрийн хөтөлбөртэйгөө уялдуулна. Бидний хувьд энэ сонгууль маш чухал. Тийм ч учраас Монгол Улсын ирээдүй, хөгжил дэвшил, эдийн засгийн байдал, ард иргэдийн амьжиргаа, нийгмийн шударга хариуцлагатай байдалд энэ сонгууль чухал нөлөө үзүүлнэ гэдэг дээр санал нэгтэй нэгдсэн.
Манай нэр дэвшигч, ялалт байгуулбал, ирэх дөрвөн жил юу хийх вэ, ямар бодлого барих вэ гэдэг Бага хурлын төлөөлөгчид нэлээд хариуцлагатай, нухацтай ярьсан, оролцсон. Хурлаар олон шийдвэр гарсан. Үүний эцэст нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг дэмжсэн. Дараагийн шат нь мөрийн хөтөлбөрийг аудит үйлдэнэ. Үүний дараагаар мөрийн хөтөлбөрөө танилцуулж, ярих учиртай.

С.Наран

Сэтгэгдэл (0)