Намууд нэр дэвшигчээ тодруулж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр батлагдсан 7 хоног
- 2017-05-06
- Нийтлэл
- 0

Энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг хүргэдэг тойм мэдээллээ уншигч танд хүргэж байна.
МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас Н.Энхбаяр нар өрсөлдөнө
Энэ долоо хоногийн онцлох үйл явдлаар яах аргагүй УИХ-д суудалтай гурван нам нэр дэвшигчээ тодруулсан явдал байлаа. Тодруулбал, МАН наймдугаар Бага хурлаа хийж, нэр дэвшигчээ тодрууллаа. Бага хурлаар УИХ-ын дарга М.Энхболд болон дэд дарга Ц.Нямдорж нар дэвшсэн юм. Хурлаар намын гишүүдийн дэмжлэг, нийт саналын 85,7 хувь буюу хамгийн өндөр саналыг авсан УИХ-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэхээр боллоо. Түүнийг Монгол Улсын долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй, олны итгэл сэтгэлийг хүлээсэн, төрийн түшээ байж чадна гэдэгт намын нөхөд итгэж, энэ удаагийн сонгуульд түүнийг илгээж байгаагаа дуулгасан юм.
Харин хамгийн их сонирхол татсан үйл явдал нь Ардчилсан намын сонголт байлаа. Өөрөөр хэлбэл, нам дотроо нууц санал хураалт явуулж, сонгогдсон намын гишүүнээ төрд илгээнэ гэж яриад байсан АН-ын сонголт Женко буюу Х.Баттулга байлаа. Ардчилсан нам дотроо олон фракцаас бүрддэг. Түүнийгээ дагаад олон нэр дэвшигчидтэй байсан. Тэр дундаас хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Р.Амаржаргал байсан юм. Р.Амаржаргалын тухайд элдэв зүйлд холбогдсон нь бага, нэр цэвэр, монголчуудын өмнө АН-ын нүүрийг тахлах нэр дэвшигч байсан гэдэгт намын зарим нөхөд нь хэлж байлаа. Түүнчлэн Р.Амаржаргал их мөнгөний өөдөө сөрж чадсангүй хэмээн зарим нөхөд нь ярьж байсан удаатай. Гэхдээ үнэн худлыг нь мэдэхгүй ч Монголын толгой баячуудын нэг, бизнесмэн, улстөрч “Женко” буюу Х.Баттулга АН-ын эцсийн сонголт байлаа.
Хамгийн сонирхолтой улс төрийн хүчин бол МАХН. Өчигдөр МАХН-ын байранд Бага чуулган хаалттай хуралдаж, гүйцэтгэх товчооны хурлаасаа намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр намын нөхөд нь дэмжлэг үзүүлжээ. МАХН-аас хэд хэдэн нэр дэвшигчийн нэр дуулдсан ч, Н.Энхбаяр даргаас нь өөр хүн дэмжлэг аваагүй бололтой. Түүнчлэн Н.Энхбаярын ялтай хугацаа ирэх наймдугаар сард дуусах учраас түүнийг СЕХ бүртгэхгүй, дэвшүүлэхгүй байх вий гэсэн асуудал намынх нөхдөд тулгараад буй.
Хэдийгээр шүүхээс түүний ялгүйд тооцоогүй ч намынхан нь Ерөнхийлөгчийн сунгаанд оруулна гэсэн байр сууриасаа буцахгүй бөгөөд Ялалтын талбайд жагсаал зохион байгуулсан юм.
Элэг бүтэн амьдралын төлөө монгол хүн та нэгдэх үлдлээ
Дараагийн бас нэг онцлох үйл явдал бол Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хамтран зохион байгуулсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр байлаа. Сүүлийн үед монголчуудад элэгний өвчлөл элбэг байгаа бөгөөд үхэл өндөртэй өвчний тоонд зүй ёсоор орж байгаа юм. Дээрээс нь элэгний В.С –ээр өвчлөгсдийн тоо өндөр байгаа бөгөөд эмийн эмчилгээ болон эмнэлгээр эмчлүүлээд явахад нилээд их зардал гардаг. Зарим нь мөнгө, төгрөг муутайгаас болоод өвчнөө дийлэхгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь олон байгаа билээ. Тиймээс аюулын харанга дэлдсэн энэхүү өвчлөлийн эсрэг арга хэмжээ авахаар хөтөлбөр гаргаад байна. Харин энэхүү үр хөтөлбөрийн үр шимийг үзэх л монголчуудад үлдлээ. Тодруулбал, 2017 онд 40-65 насны бүх иргэдийг өрх, сумын эрүүл мэндийн төвд элэгний В, С вирүс илрүлэх шинжилгээнд хамруулна. Цаашид хамрах хүрээг өргөтгөн 15-65 насны нийт хүн амыг хамруулах, өрх, сумын эрүүл мэндийн төвд хийсэн шинжилгээгээр элэгний В, С вирүсийн халдвартай илэрсэн бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас итгэмжлэгдсэн лабораторуудад вирүс тоолох шинжилгээнд хамруулна. Мөн элэгний В, С вирүс тээгч болон элэгний архаг өвчтэй, хатууралтай иргэд байвал элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамруулна. Эрт илрүүлэг үзлэгт орж буй зорилтот бүлгийн хүнд элэгний ЭХО, хавдрын маркер AFP тодорхойлох шинжилгээ, биохимийн болон цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийнэ. Уг элэгний хорт хавдар илрүүлэх багц шинжилгээг аймаг, дүүргийн түвшинд хийхээр төлөвлөсөн гээд олон сайхан мэдээлэл дуулгалаа. Ийнхүү элэг бүтэн амьдралын төлөө монгол хүн та нэгдэх үлдлээ. Төрөөс энэхүү өвчинтэй тэмцэх бүхий л арга хэмжээг авах бөгөөд монгол хүн та эрүүл мэндээ сахин хамгаалахад идэвхтэй байж, эмчилгээ оношлогоондоо орох, өөрөөс шалтгаалах бүхнээ хийх л үлдлээ. Тиймээс эрхэм таны элгийг төр хамгаалахаар болжээ.
С.Наран

Сэтгэгдэл (0)