АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэгэн цул болж орж чадах уу
- 2017-05-08
- Улс төр
- 0

Ардчилсан намын VII их хурал өнгөрөгч бямба гарагт болсон юм. Энэ удаагийн хуралд 2500 гаруй төлөөлөгчид оролцож, намын даргаа батламжилсан юмаа. Ингээд Ардчилсан намын толгойлох хүнээр албан ёсоор С.Эрдэнэ томилогдов. Дотроо өрсөлдөөн ихтэй, хагарч, бутрах дуртай, хөнжилдөө байнга хөлөө жийлцэж байдаг намын ийнхүү С.Эрдэнэ ахлахаар боллоо. С.Эрдэнэ намын дотоод шинэчлэл хийнэ хэмээн өнгөрөгч онд болсон УИХ-ын сонгуулиас хойш ярьж, хэлж яваа. Тэгсэн хэдий ч өдгөө хэр нь айхтар шинэчлэгдэж, өөрчлөгдсөн зүйл үгүй байна. Энэ хурлын үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг нэр дэвшүүлж, баталгаажуулсан юм. Нам дотроосоо хийсэн сонголтоо хүртэл үгүйсгэж, мөнгө, төгрөг таараасан их, мөнгөний өөдөөс сөрж чадсангүй гэдэг үгийг хүртэл Х.Баттулгад намын зарим нөхөд нь дайж байсан. Олон нэр дэвшигчидтэй өрсөлдөөн ихтэй, АН-ын хувь заяа Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн цул болж оролцож чадахаас хамаарна. Эвдрэлцэх, эвлэлдэх эсэх нь тэдний гарт байна. Ингээд АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэгэн цул болж орж чадах эсэхийг харах л үлдлээ.
Ингээд нэр дэвшигчид Х.Баттулгатаа хэн, хэн ямар үг дайсныг хүргэж байна.
УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал:
-Дотоод санал асуулгаар та бүхний өгсөн саналд сэтгэл хангалуун байна. Намд хэрэгтэй бол би бэлэн зогсч чадна. Энэ намыг би өөрийнхөө гараар гардан байгуулсан юм. Ардчилсан нам болж нэгдсэн 5,6 нам дотроос хамгийн том нь Үндэсний ардчилсан нам байсан. Тэр Үндэсний ардчилсан намын дарга нь би байсан юм. Тэр олон нам нэгдэж өнөөдөр Ардчилсан нам өдий зэрэгтэй явж байгаа. Тун удахгүй болох гэж байгаа том сорил, том шалгалтад намаа амжилттай оролцоосой, Х.Баттулга маань амжилт гаргаасай гэж би хүсч байна.
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав:
-Намайг дэмжиж санал өгсөн дүрмийн нөхөд, тэр дундаа 90 оны хувьсгалын төлөө хөдөлсөн нөхөд маань үнэн сэтгэлээсээ намайг дэмжиж байгааг мэдэрч байсан. Тэдэнд туйлын их талархаж байна. Ардчилсан нам өрсөлдөөнийг сонгосон. Өрсөлдөөн болгон олон зүйлийг дагуулдаг. Зөв харах юм бол өрсөлдөөн, буруу харах юм бол хагарал гэж харагдана. Х.Баттулга маань бүх чадал, бүх бололцоогоо дайчлах нь гарцаагүй. Намынхаа мянга мянган гишүүдийг зөв зохион байгуулж ялалтанд хүргэхэд намын дарга, намын удирдлагууд чухал үүрэгтэй. Энэ асуудалд онцгой анхаарах ёстой.
УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг:
-Ардчилсан нам нэлээн олон ялалтын дараа нэг том сорилт тулгарсан. Үүнийг бид олон сар нам дотроо ярьж, амжилттай шийдэж чадлаа. Нам дотроо өрсөлдөөн явуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулж чадлаа. Х.Баттулгыг гаргаж чадлаа. Энэ шийдвэрийг гаргаж чадсан намын хамт олондоо, ялалт байгуулсан Х.Баттулгадаа баяр хүргэж байна. Өнөөдрөөс эхлээд алдсан алдаа, сургамж дээрээ дүгнэлт хийх ёстой. Олон ялалтын дараа ялагдал хүлээж эхэлсэндээ маш сайн дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Намаа сайжруулах хэрэгтэй. Ах дүү шиг олон жил хамт явсан сайн найз нөхөддөө муу үг бодоод ч хэрэггүй, хэлээд ч хэрэггүй.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Х.Баттулга намаасаа үнэмлэхүй дэмжлэг авч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ. Эрч хүчтэй улс төрч гэдгээ бид бүгдэд нотоллоо. Одоо ард түмнийхээ итгэлийг хүлээх хариуцлагатай даваа байгаа. Нэр дэвшигчийн хувьд үүнд бодит хувь нэмэр оруулж намаа сонгуульд ялуулахын төлөө хичээн зүтгэх болно. Өнөөдөр манай төрийн үйл ажиллагаанд хяналт, тэнцвэр ус агаар мэт хэрэгтэй.
С.Наран

Сэтгэгдэл (0)