Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхийг эргэн сөхвөл...
- 2017-05-09
- Улс төр
- 0

Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл Ерөнхийлөгчийг сонгох хариуцлагатай мөч удахгүй болох гэж байна. Ерөнхийлөгчийг УИХ-д суудалтай улс төрийн хүчин, эвслээс нэр дэвшүүлж, бүх ард түмний сонгуулиар шууд сонгодог, парламентын засаглалтай ч манай улсын хувьд тийм ч залуу институц гэж хэлж болох юм. Өмнө нь 1924 оны Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, дараа нь АИХ- ын тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэдэг байсан бол 1990 оны ардчилсан хувьсгалын дараа Ерөнхийлөгчийн албан тушаалыг албан ёсоор баталгаажуулсан байдаг.
1992 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын түүхэн дэх шинэ Үндсэн хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийн институцийг засаглалын хуваарилалтад оруулж иржээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүдийн талаар товч мэдээлэл хүргэж байна.
1993 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан хүчнээс нэр дэвшигч П.Очирбат МАН- аас нэрийг нь дэвшүүлсэн эрдэмтэн, зохиолч Л.Түдэвтэй өрсөлдөж, олонхийн санал авснаар 63 насандаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа. Ард олноос “хээгүй, гүндүүгүй” гэх тодотголыг хүртсэн тэрбээр “жирийн сайхан монгол эр гэдгээ баталж, олон үйл явдлын гэрч болсон төдийгүй цөөнгүй удаа хэл амны бай болж байсныг бид мэднэ. Гэхдээ тэр нь нөгөөх “хээгүй” хэмээх тодотголдоо тохирсон, цагаан хэл ам байсныг дурдах хэрэгтэй байх.
Тухайлбал, Зүүнбаянд газрын тос олгойдоход цагаан дээлээ нефтийн бүтээгдэхүүнээр мялааж, амьдралдаа үзээгүй “тансаг” шинэ жилийг залуучуудтай угтаж, Английн хатан хаантай балет үзэж суухдаа онигоо ярьсан гэхчлэн хөгжилтэй түүх олон бий. Түүний үед хэрэгжүүлсэн “Алт” хөтөлбөр улс орны валютын нөөцийг арвижуулж, алтны олборлолтыг нэмэгдүүлсэн гэх эерэг талтай ч байгаль орчныг сүйтгэх эхлэлийг тавьсан гэдэг шүүмжлэлийг дагуулдаг билээ.
Дараагийн сонгууль 1997 онд болж, П.Очирбат АН-аас дахин нэр дэвшихэд Н.Багабанди / МАН/, Б.Гомбожав /МУНН/ нар түүнтэй өрсөлдөж, 47 настай Н.Багабанди тасархай түрүүлж, ялалт байгуулсан байна. Хоёр дахь Ерөнхийлөгчийг олон түмэн “хийгүй” хэмээн тодорхойлж, 2001 онд улираан сонгож итгэлээ үзүүлсэн юм. Тэрбээр энэ удаа АН-аас нэр дэвшигч Р.Гончигдорж, доктор П.Дашням нартай өрсөлдөж, олонхийн санал авчээ. Өдгөө бүх насныханд нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгах “Титэм үг”-ийн автор түүнийг ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн үүргээ нэр төртэй биелүүлж, шударга ёсыг эрхэмлэж ажилласан гэж олон нийт үнэлдэг.
Н.Багабанди морин хуурыг дэлхийн соёлын их өв сан ЮНЕСКО-д бүртгүүлэхэд ихээхэн зүтгэл гаргасан нь манай улсын соёл урлаг, өв сангийн түүхэнд оруулсан томоохон хувь нэмэр хэмээн үнэлж, айл өрх, албан байгууллага бүр үндэсний хөгжмөө дээдлэн залдаг болсон билээ. Тэрбээр 2005 оны зургаадугаар сарын 24-нийг хүртэл Төрийн тэргүүний үүргийн хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлсэн юм.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон намтар түүх арвин нэгэн эрхэм бол МАХН- ын дарга Н.Энхбаяр билээ. 1997 онд Н.Багабандийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Завханы нөхөн сонгуульд “тоосоо өргөж” УИХ-ын гишүүний барианд орж ирсэн тэрбээр тун удалгүй МАХН- ын УИХ дахь бүлгийн даргаар сонгогдсон. Хэдийгээр сөрөг хүчин байсан ч шийдвэр гаргах үед талцдаг АН-ын хударгагүй байдлыг ашиглаж, “Ардчилсан холбоо” эвслийн гурван ч Засгийн газрыг унагаж байлаа. Үүний эцэст 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН үнэмлэхүй ялалт байгуулахад, Ерөнхий сайд болсон юм. Түүний үед “Мянгуужингийн үлгэр” гэсэн шүүмжлэл давамгайлсан Мянганы бүтээн байгуулалтын эхлэл тавигдаж, ОХУ-д төлөх их өрийг тэглэсэн гээд сайн сайхан ажил цөөнгүй хийснийг дурдахгүй өнгөрч болохгүй байх. Тийм ч учраас 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, “Эх орон ардчилал” эвлээс сойсон М.Энхсайханыг ялж, сонгогчдын 53.4 хувийн саналаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг. Тэрбээр УИХ дахь намын бүлгийн даргаас эхлээд Ерөнхийлөгч хүртэл төрийн бүх өндөр дээд албан тушаалыг хашиж үзсэн азтай бас адармаатай хувь тавилантай нэгэн. Сүүлийн үеийн үйл явдал, хэрэг учрыг уншигч түмэн нэгэнт мэдэх тул олныг нурших нь илүүц биз ээ. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчийн сунгаанд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсан. Энэ сунгаанд МАН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр эрхийн дагуу дахин оролцсон ч “далаараа цэвэр тавиулсан” юм. Цэргийн сэтгүүлчээс эхэлсэн Ц.Элбэгдоржийн ажил амьдралын намтар 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш улс төрийн утга агуулгаар баяжиж, тухайн онд болсон сонгуулиар УИХ-ын гишүүн болж байлаа. 1996 онд АН олонх болоход УИХ-ын дэд дарга, бүлгийн даргаар ажиллаж байсан юм. 1998 онд 35 настайдаа Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайдаар сонгогдож байв. Дараа нь 2004 онд дахин Ерөнхий сайдаар сонгогдсон ч АН- ын доторх бүлэг, фракцын хагарал зөрчилдөөнтэй холбоотойгоор түүний тэргүүлсэн Засгийн газар хоёр дахь удаагаа хугацаанаасаа өмнө огцорч байсан гашуун түүх бий. Гэвч 2009 оны тавдугаар сарын 24-нд Ерөнхийлөгчөөр сонгогдож, ард түмний олонхийн итгэлийг авсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн иж бүрэн шинэчлэлийг санаачилж, авлигатай тэмцэх талаар тууштай ажилласан. Мөн Төрийн ордонд Иргэний танхимыг байгуулах шийдвэр гаргаж, цаазаар авах ялыг түдгэлзүүлэх тухай зарласан нь НҮБ болон Европын холбооны зүгээс сайшаал хүртэж байлаа. 2013 онд МАН-аас нэр дэвшсэн УИХ- ын гишүүн Б.Бат-Эрдэнийг “өвдөг шороодуулж” Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон юм. Үндсэндээ тэрбээр Ерөнхийлөгчийн хоёр бүрэн эрхийн хугацаанд үндэстний болон олон улсын хэмжээнд цөөнгүй зүйлийг санаачилж хэрэгжүүлсэн боловч Монгол Улсаас олон тэрбумын хөрөнгийг зувчуулсан гадаадын хөрөнгө оруулагчдад өршөөл үзүүлсэн зэрэг асуудалд нь олон нийт төдий л таатай ханддаггүй.
Мөн “Цэрэнтурс” компанийн захирал Э.Цэрэндолгор гэдэг эмэгтэй гаднын шашныг эсэргүүцэж, хэд хэдэн удаа мэдэгдэл хийхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмждэг БНСУ дахь Мүүнийн шашны фэн клуб байдгийг зарлаж, нэгэн бичлэгийг ил болгосон нь түүнд итгэх ард түмний итгэлийг шалан дээр унагасан явдал болсон. Одоо нэгэнт бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа өнөөгийн Ерөнхийлөгчийн тухай элдэв хоёрыг дурдаж, цаас цаг үрэхээ больж, маргааш болох ирээдүй цагийн сонгуулийн талаар хэлэлцэх нь зөв болов уу. Тиймээс Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч нарын тухай эргэн дурсч, эвлүүлэн сийрүүлсэн бичвэрээ түр өндөрлөе.
Д.Мөнхжаргал
Монголын үнэн

Сэтгэгдэл (1)
(103.57.94.242)
Хамгийн Ð½Ð°Ð¼Ñ Ð°Ð½ Ð½Ñ Ñ Ð°Ð¼Ð³Ð¸Ð¹Ð½ Ñом лÑйваÑÑин. ÐонголÑг ÑүйÑүүлÑгÑ