Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

 

        УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.02) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

 

 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импортын банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг  2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хуралаар соёрхон баталсан.

 

Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь: 

1.    Зээлийн хүү (жилийн):                                                                  2%

2.    Зээлийн хугацаа:                                                                            20 жил

3.    Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа                  7 жил

 

Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Засгийн газар, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх нөхцөлийг өөрчлөх талаар хэлэлцээ хийж, БНХАУ-ын Засгийн газар санхүүжүүлэх хэмжээг 95 хувь болгон нэмэгдүүлэхээр тохиролцсон.

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны 17 дугаар тэмдэглэл, түүнчлэн Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 81 дүгээр захирамжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гарын үсэг зурж байгуулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)