Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-аас ганзага дүүрэн ирлээ


         

 

        Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Санкт-Петербург хотноо  энэ сарын 1-3-нд Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Санкт-Петербург хотноо очсон юм. Ерөнхий сайдын энэхүү уулзалт арга хэмжээ олон талын ач холбогдол бүхий байлаа. Учир нь Монгол улсад эдийн засгийн болоод, улс орны хөгжил зэрэгт нөлөөлөхүйц хөрөнгө оруулалтыг татаж чадлаа. 

 

Түүнчлэн  “Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор 21 дэх жилдээ зохион байгуулагдсан тус чуулга уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн нь Монгол Улсын хувьд анх удаагаа байр сууриа илэрхийлсэн үйл явдал болов. 

               

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ

 

        Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Дворковичтэй уулзах үеэрээ Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, энэ салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд манай улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станц, дулааны цахилгаан станц, техникийн шинэчлэл, боловсон хүчин бэлтгэх дамжуулах шугам сүлжээг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой байр сууринд хүрлээ.

 

Монголын эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр талын хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо.

 

Уулзалтаар талууд Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төмөр замын коридороос эхлэхээр харилцан тохиролцов. ОХУ Курагино-Кызыл чиглэлийн төмөр замын сүлжээгээ манай улсын хойд чиглэлийн төмөр замын сүлжээтэй холбох сонирхолтой байгаа юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтаар дамжин манай улсын ачаа эргэлт эрс нэмэгдэх ач холбогдолтой. Эл асуудлаар ОХУ-ын зүгээс ойрын нэгээс хоёр сарын хугацаанд тодорхой шийдвэр гаргана.
Мөн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн санхүүгийн чадавхыг сайжруулах зорилгоор хоёр тал төмөр замын дамжин өнгөрөх ачаа тээврийг тогтвортой нэмэгдүүлэхээр боллоо. Оросын талаас санал болгосноор “Улаанбаатар төмөр зам”-ын транзит тээврийг 30 мянган чингэлгээр нэмэгдүүлэх боломж байна. 

 

 Буриад улс руу мах махан бүтээгдэхүүн экспортолно 

 

        Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын тэргүүн, Засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Алексей Самбуевич Цыденов бараалхсан. Энэ үеэр талууд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцаж, зарим асуудлаар тодорхой шийдвэрт хүрэв. Тухайлбал, ОХУ-д, тэр дундаа хил орчмын бүс нутагт мах, махан бүтээгдэхүүн экспортлох, үржлийн мал нийлүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар талууд тохирлоо.

 

Хил залгаа бүс нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэд бүтэц чухал нөлөөтэй. Одоогоор төмөр зам болон олон улсын автозамаар манай хоёр улс холбогдож байгаа. Цаашид тээврийн дэд бүтцийг сайжруулах, мөн хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол, ОХУ, БНХАУ хооронд байгуулсан “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг бодит ажил хэрэг болгох талаар ярилцсан юм. Үүнд гурван улсын нутаг дэвсгэрээр хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэж, энэ чиглэлээр ажиллахаар болов.

 

Энэтхэг багш нараас бүрдсэн иж бүрэн сургууль байгуулахаар боллоо

 

        Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад хүндэт зочноор оролцсон Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Модитой Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзаж, тус улсаас авах  1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг дэд бүтцийн салбарт зарцуулах төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ. Анх энэ зээлийг төмөр замын салбарт зарцуулахаар төлөвлөсөн ч авто зам, нефьт боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахад зарцуулах нь импортоор авч байгаа бүтээгдэхүүний  гадагшаа гарах урсгалыг дотооддоо үлдээх боломж бүрдэнэ гэж үзэж буй аж. Энэтхэг улсын Ерөнхий сайд дээрх хүсэлтийг сонсоод Монгол Улсад ашигтайгаар шийдвэрлэх болно гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр шийдвэрлэсэн бас нэг томоохон шийдвэр бол Энэтхэг улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо мэргэжлийн Энэтхэг багш нараас бүрдсэн иж бүрэн сургууль байгуулахаар болсон явдал юм. Мэдээллийн технологи, IT чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр Энэтхэг улс дэлхийд тэргүүлдэг, тиймээс тус улсын туршлага шинээр байгуулах сургуулиар дамжин Монголын залууст ирэх боломж нээгдлээ. .

 

Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын тэргүүний Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон 72 цагийн хөтөлбөр  олон асуудлыг шийдэж, зарим асуудлыг гацаанаас гаргалаа.

 

Б.Батаа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • AX (122.201.19.30)

    2017-06-07

    Баяр хүргье. Хүн бүр хичээж ажиллах аваас болохгүй, бүтэхгүй гэх зүйл үгүй болой.

  • Хажидмаа (122.201.31.48)

    2017-06-06

    Сайхан мэдээлэл байна.

  • Хажидмаа. (122.201.31.48)

    2017-06-06

    Сайхан мэдээ байна.

  • (112.72.11.123)

    2017-06-06

    Аргагүй ажил хэрэгч сайн ажиллаж байгаа ерөнхий сайддаа талархалаа илэрхийлье

  • Anu (108.28.7.194)

    2017-06-06

    Suuliin heden jil sonsogdoogui saihan medee baina.

  • зочин (202.9.43.85)

    2017-06-05

    яамай даа