Ж.Мөнхбат: Эдийн засгийн өсөлт 4-4.5 хувьтай байна

 

        Засгийн газрын энэ сарын 4-ний ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд сар 20 мянган төгрөг олгох шийдвэрийг гаргасан билээ. Түүнчлэн хүүхдийн мөнгөнд ороогүй хасагдсан айл, өрхүүдийн хүүхдэд нөхөн олгохоор болсон юм. Мөн Эрдэнэтийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гарч холбогдох яамдын сайд, агентлагийн дарга нарт үүрэг өглөө. Мөн Эрдэнэт үйлдвэрийн дээрх хувьцаанаас нийт ард иргэдэд хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгасан билээ. Тиймээс эдгээр цаг үеийн асуудлаар  УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаас цөөн асуултад хариулт авлаа.


 

-Хүүхдийн мөнгийг нөхөн олгохоор боллоо. Манай улсын эдийн засаг сэргэж байна гэж үзэж болох уу?

 

-Тийм ээ. Засгийн газар өмнө нь Олон улсын валютын сан (ОУВС)- гаас тавьсан шаардлагын дагуу хүүхдийн мөнгийг өрхийнх нь амьжиргааны төвшнөөс нь хамаарч олгох алхмыг УИХ-д тавьж, шийдвэрлүүлсэн.  ОУВС-д  хамрагдах хүсэлт гаргаж байсан үе маань найман сарын өмнөх үйл явдал.

 

Тэр үед Моногл Улсын эдийн засаг хасах баланс заасан, Хөгжлийн банкны бондын 580 сая ам.доллар, Хятадын Чалько, TVJO-д төлөх  170 сая ам.долларын өр, Хятадын ардын банкны своп хэлцлийн 2  тэрбум ам.доллартай тэнцэх төлбөрийн асуудал хаяанд тулчихсан, хүнд байсан үе.  Засгийн газар зарим өрийг төлж, заримыг нь эдийн засагт дарамт учруулахгүй болж зохицуулалт хийснээр эдийн засагт гэрэл асч, Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалт сайжирч, валютын ханш суларч, төгрөг чангарч байна.

 

Судлаачдын зүгээс эдийн засгийн өсөлт 4-4.5 хувьтай байна гэсэн үзүүлэлтийг гаргаж байгаа. Монгол Улс хагас жил гаруйхны хугацаанд эдийн засгийн өсөлт энэ хэмжээнд гарна гэдэг нь ахиц юм.

 

Сүүлийн таван жилийн хугацаанд анх удаагаа төсвийн орлого хагас их наядаар давсан. Энэ нь иргэд рүүгээ хандсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Энэ ч үүднээс хүүхэд бүрт мөнгө олгох шийдвэр гаргалаа.  

 

-Хүүхдийн мөнгө олгох  шийдвэр нь албажиж ирээгүй гэсэн мэдээллийг өгч байсан?

 

-Засгийн газрын тогтоол нь гарсан өдрөө яам руу илгээгддэггүй, холбогдох сайд нар нь гарын үсэг зурж,  он сар дугаар нь тавигдаад, албаждаг. Үүний дараа тухайн яамандаа хүргэгддэг. Өчигдөр  албажаад очсон байгаа.

 

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиас иргэдэд хувьцаа олгохоор болсон. Хэдий хэр  хувьцаа ногдох юм бэ?

 

-Жилийн өмнө УИХ -ын сонгуулийн үеэр УИХ нь  мэдээгүй байхад “Эрдэнэт” ийн 49 хувийг хувьд зарсан. Сонгуулийн дараагаас эхэлж энэ асуудлыг УИХ, Засгийн газраар ярьж, 49 хувийг буцаан төрд авч 100 хувь Моноглын төрийн өмч байх шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хангахыг Засгийн газарт даалгасан. Энэний дагуу Засгийн газар шийдвэр гаргаж, хэрэгжилтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зохион байгуулсан. Харин 49 хувь талынхан шүүхэд хандаж, саяхан шийдвэр нь гарсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг буруутгасан шийдвэр гарсан.

 

Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний хуралдаанаас гаргаж байгаа шийдвэр 100 хувь төрийн өмчид шилжүүлэн авна гэдгийг баталгаажуулж, Засгийн газрын тогтоол гаргасан. Өмнө нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт чиглэл өгч байсан, даргын тушаал гараад явж байсан ч шүүх дээр унасан.

 

 “Эрдэнэт”-ийн хувиас иргэн бүрт хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, яаралтай зохион байгуулахыг Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг даалгавар өгөгдсөн.

 

 

Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)