Бидний туйлшрал ба явцуурал
- 2017-08-22
- Нийтлэл
- 0

Туйлшрал гэж төв цэг тойрсон бас шулуун шугам дагасан асуудал юм уу даа. Чиг замаас хоёр тийш хэчнээн хэлтийнэ холдоно, тойргоос хэр зэрэг халина, тэр бол туйлшрал гэж ойлгож байна. Тэнцвэртэй, тогтвортой байдал, хөгжил гэгч төв цэг дээр цагираг хэлбэрээр эргэлдэн өөд өгсөхийг хэлдэг байх. Хүн төрөлхтөн бид чинь амьдарч буй бөмбөрцгийнхөө байгалийн тэнцвэрийг алдагдуулсан нүгэлтэй хүмүүс юм. Энд тэндгүй хар салхи, газар хөдлөлт, байгалийн гамшиг. Манайд гэхэд дулаарал, хуурайшил илт нүүрлэсэн байна. Гол горхи, булаг шанд, нуур цөөрөм өдий төдийгөөрөө хатаж ширгэн үгүй болжээ. Нийт нутгийн 78 хувь цөлжсөн гэнэ. Байгалиа бид хайр гамгүй эдэлсний харгай энэ ажээ.
Ингэсний төлөө байгаль эх биднийг эргээд лусын хорлолоор шийтгэж байна. Үүнийг огтхон ч тоодоггүй, ойлгодоггүй хүн манайд олширчээ. Машины дугуйнд өртөөгүй уул овоо үгүй болж. Өнөөдөр болж байвал маргааш ямар байх хамаагүй гэсэн давчуу бодол биднийг сүйрэл рүү хөтөлж явна. Ажил хайсаар 150-аад мянган ажиллах хүч дэлхийгээр нэг тарж, харьцангуй хямдхан хөлсөөр "айлд" зарцлагдаж явна. Гэтэл цөлжсөн талбайг ургамалжуулж ойжуулахад 150 мянга битгий хэл 150 сая хүн ч хийгээд барахгүй их ажил байна. Монгол маань мөн ч их мөлжүүртэй орон юм даа. Эх орныхоо энэ мэт нөөц боломжийг ашиглан элбэг дэлбэг амьдрахын оронд айлд зарцлагдахын хүслэнд автагдаж байгаа нь нийгэм нэлдээ туйлшралд нэрвэгдсэний нэгээхэн хэсэг юм. Бодит амьдралаас харахад манайд туйлшрах явдал дэндүү газар авсан бололтой. Монголчууд өөрсдийгөө ямар хүмүүс вэ гэж авч үзэж байсан удаа бий гэж үү, байхгүй даг аа. Тэгвэл одоо түүх сөхөж харъя. Оросын монголч эрдэмтэн Лев Гумилёв Хүннү нарыг дэврүүн аашт хувь хүмүүс гэж тодорхойлжээ. Чухам нүдийг нь олсон тодорхойлолт гэвэл үүнийг хэлэх байх.
Яагаад ингэж үнэлж байна гэвэл монгол хүнд ийм ааш араншин байдгийг би амьдралаас ажиглаж гадарласан юм. Хүн гэмээ, тэмээ гэдгэрээ мэддэггүй гэдэг. Бид гэмээ олж харахгүй явсаар хорвоогоос хальдаг ажээ. Их Монгол маань долоо, найм тасраад өөр тив, улсад оршин аж төрж байна. Энэ нь хэт үндсэрхэж явцуурснаас шалтгаалсан нь дамжиггүй. Монгол шиг ингэж бутарсан өөр улс энэ дэлхийд байдаггүй нь этгээд онцлогтой болоод л тэр. 1913 онд Оросын II Николай хаан халимаг хүн амыг аль болох цөөрүүлэх тухай ярьж байсан бол 1923 онд И.Сталин Халимаг бол Түвдтэй шашин, соёлын холбоотой, Монголтой бүр үндэс угсааны холбоотой учир тэдэнд тайван хандаж болохгүй гэж хэлж байжээ. Энэ нь монголчуудын адармаатай ааш авирыг сайн ойлгосон хүний үг. Халимагууд Гитлерийн Германыг довтлоод орж ирмэгц тосч бууж өгөөд ЗХУ- ын эсрэг хамтран байлджээ. Харалдаа нутагладаг манай хоёр хошууны ноён бие биенээ сөнөөхийн тулд Оросын хаанаас зэвсэг гуйхаар нэг вагоноор зэрэг очсон сураг байдаг. Монголд ямар чиглэлийн уран зохиол хөгжүүлбэл зохистой бол гэсэн асуултад Оросын их зохиолч М.Горький идэвхтэй зарчмыг номлосон гэж хариулсан нь Монголоо гэсэн үзэл санаа, идэвх зүтгэлээр монголчууд ихээхэн доройтсоныг олж харсан хэрэг. Чингисийн үеийн монголчуудын ааг омог, цөс ихт эрэлхэг дайчин чадвар, хийморь золбоог хэн хаанаас юу ирээд унтрааж мөхөөв гэвэл гаднаас орж ирсэн ганц шашин. Монгол толгойг түвд толгой болгож чадсан билээ. Тэр үеэс Монгол хүний амь, амьдралыг авран өршөөх гол арга хүч нь ажил хөдөлмөр, анагаах ухаан бус оройн дээд, дээрхийн гэгээнтнүүд болсон юм байх аа. Ингэж бид идэвхгүй зарчимд уусан дасч, үүнийгээ өнөө болтол сөхөөрөхгүй, бусдыг мухар сохроор даган дуурайдаг зангаараа л бие дааж хөгжиж чадахгүй мунгинаж явна. Ардын хувьсгалын анхны жилүүдэд баруунтан, зүүнтэн, хоёр нүүртэн хэмээх нэр хоч үүссэн нь болохгүй, бүтэхгүй бодит туйлшралын тусгал юм. 1930-аад оны хэлмэгдүүлэлт нь хуримтлагдсаар байгаад дээд цэгтээ тулж тэсэрч дэлбэрсэн туйлшрал байсан гэхэд хилсдэхгүй. Түүх рүү өнгийхөд монголчууд өөрсдөө өөрсдийнхөө онцлог ааш араншиндаа үргэлж хөтлөгдөн гуйвж дайван, унаж сөхөрч ирсэн дүр зураг харагдах юм.
Тиймээс л "Улааныг үзэж урвадаг, шарыг харж шарвадаг" гэсэн үг гарсан болов уу. Бидэнд сайн сайхны хажуугаар саар юм их байна. Сүүлийн 25 жил энэ бүхнийг илчлэн харууллаа. Хэнэггүй тоомжиргүйн туйлшрал хэзээнээс нааш монголчуудыг дотроос нь сэм уусгаж идэж иржээ. Түвдтэй хил залгаа буюу холилдон амьдардаг Энэтхэг, Хятадад түвд нэртэй, Түвдэд монгол нэртэй хүн байдаггүй бол манайд түвд нэртэн хэр олныг хэлээд барахгүй. Эндээс хэн нь илүү харьд ууссан хэвээрээ, хэн нь уусаагүй байгаа нь тод харагдаж байна. Латви улс саяхан иргэдийнхээ гадаад нэрийг халах хууль гаргаж, "Игорь"-ийг "Игорьса" болгох зэргээр латвижуулж байхад манай нийслэл, компани, телевизүүд гадаад нэр, хаяг, үгээр чамирхан гангардаг хэвээрээ, өөр улстай харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай байна. Улаанбаатар англиар хаяглаад хэзээ ч Лондон болж чадахгүй. Харгана бут, хад чулуу, гадас, хашаа хайс, модонд хадаг уядаг, аль ч намд санал өгөөд нэмэргүй гэж үздэг, хэрэлдэж ноцолддог, хийрхэж хэмхэлдэг, мансуурч донтдог бол цөм хэтрүүлэг юм. 12-13 нас хүрээгүй хүүхдэд гадаад хэл заах шаардлагагагүй тухай ПГУ-нь үндэстэй шийдвэр гарсан байхад зарим эцэг, эх зургаан настайгаас нь гадаад хэл зааж, монгол сэтгэлгээг үгүй болгож байна. Хүүхдээ сайн хүн болгох гээд саар болгож мэдэх л юм. Угийн дэврүүн дээр өрнөдөөс халдварласан өнөө цагийн өвчин нэмэгдээд энэ улс монголоороо орших уу, төрөл арилжих уу гэдэг тун бүрхэг болоод байна. Өлсгөлөн, жагсаалаар ямар их сүрчигнэсэн билээ, ардчилал, хүний эрхээр ямар их гайхуулж дарвисан билээ. Тэглээ гээд ард түмний амьдрал, идэвх зүтгэл, хариуцлага, сахилга бат, эв нэгдэл, сэтгэл ханамж, тохь намба дордсон уу гэхээс дээрдсэнгүй. Ардчилал үндсэндээ өнгөлөн далдалсан анархизм болжээ.
Тэгвэл УИХ- ын гишүүн, нийгэм судлаач Д.Цогтбаатарын хэлснээр Монгол Улс социализмын үед ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж иржээ. Ард иргэд бүгд ажил хөдөлмөртэй, ядуу баяны ялгаралгүй, өлсөх, гуйлгачлахыг мэддэггүй байсан нь саяхан мэт санагдаж байна, Оюун ухаанаа гадаадын элдэв зүйлээр дүүргэсэн амьдрал мэдэхгүй асман сэхээтнүүд зах зээлд шилжих гэж мундарлаж, гэнэн томоогүй, хөнгөн хөөрүү, давлиун сагсуу хэсгийг хүн биш болтол нь "эвдэж" ашиглаад өөрсдөө амжиж завшиж баяжив уу гэхээс ард иргэдээ зах зээлийн нөхцөлд яаж ажиллаж амьдрахад ер бэлтгэсэнгүй. Дээр нь баахан нам байгуулж, үндэсний эв нэгдлээ олон намын чиргүүл болгоод тавиад туучихлаа. Айл өрх, албан байгууллага хүртэл талцаж маргах, хуйвалдах нь өдөр тутмын үзэгдэл болжээ. Нам байгуулах, намаас урваж гарах бол улс төрийн тоглоом болсон байна. Олон нам Монголд зохихгүй нь тодорхой болж, одоо “Муу эрд халдага дараа" гэгч болчихоод байна. Эвлэлдэн нэгдсэн гэх бүр явцууран бүлэглэн хуйвалдагч хэмээн ойлгогдох хэмжээнд хүрчээ. АН үүний нэг тод томруун үлгэр загвар юм. Жижиг өмчтөний оодрол, тавтиргүй туйлбаргүй байдал туйлдаа хүрсэн орон гэвэл манайхыг л хэлэх байх. УИХ-д зангарагтай, буурьтай зөв олонхийн хажуугаар эрх тушаалдаа эрдсэн, бардсан, амнаас цаашгүй явцуу, нялцгай биетэн байдгийг бид олж харсан. Хэл амтай олдсон эрх тушаалаараа сүрдүүлэх далайлгахаас өөрийг хийж чаддаггүй тэдний балгаар монгол засаглал хэчнээн их хэлмэгдэв ээ. Тоолбол 24 жилд 16 Засгийн газар солигджээ. Дөрвөн жилд дөрвөн Засгийн газрыг огцруулж байсан түүхтэй. Засаг төрөөр тоглодог туйлшралыг ардчилал гэх үү. Ажил, хөгжилд ахиц гарсан бол өөр хэрэг, гараагүй нь хачирхалтай. Эрхэм дээд эрхтэн дархтанууд маань төрийн толгой дээр зайдалсан эрхийн тэнэг нэгэндээ үг хэлж байсан удаа бий билүү.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний эрх ашгаа умартан хууль зөрчиж, эрх тушаалаа хэтрүүлэн ашиглаж америк хоригдлыг суллан явуулж, доройтсон эдийн засгаа улам туйлдуулсныг туйлшрахын дээд туйлшрал биш гэх үү. Том гүрний өмнө долигонодгийн том жишээ биш гэх үү. Ноцтой хариуцлага алдсан хүн УИХ-ын индэр дээрээс хариуцлагын тухай яаж ярьж чадаж байна аа. Монголын ард түмэн, монгол төрийг дэндүү басамжлан доромжилсон хэрэг бус уу. УИХ ардчилсан гэх, шударга бус, худалч Ерөнхийлөгчтэй найман жил "найзалж", өршөөн хэлтрүүлж ирлээ. Алдаагаа ойлгох цаг болоогүй л юм байх даа. Барууныханд нэр нүүрээ тахлахын тулд Монголд цаазын ялыг хүчингүй болгож бах таваа хангасан Ерөнхийлөгч С.Зоригийн хэргийг зохиомлоор дэглэн найрууллаа гэж хүмүүс дургүйцэн ундууцаж байна. Араасаа дагах нүгэл хилэнцийг нимгэлэх л гэж авч байгаа арга хэмжээ нь энэ юм байх. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг дээ. Монголд хүний эрх эдэлж хэтрүүлдгийн зол, эдэлж чаддаггүйн зовлон болчихоод байна. Хүүхдийн эрх гэж хэт туйлширч ирснээс монголчууд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх эрх, үүрэггүй болоход хүрээд байна. Хүүхдээ монгол гэж танигдахгүй болтол европжуулах ёстой юм уу.
Монголд монгол элэгтэн хэрэгтэй болохоос хүнийссэн, эрхийн тэнэг хэрэггүй. Хүүхэд хэмжээгүй эрх эдэлснээр биш багаасаа ажил, амьдрал үзэж, зовлон бэрхшээл амсч, таньж хүн болдог хуультай. Дээгүүрээ улс төр, ардчилал, хүний эрх, нам, сонгууль тойрсон хэрүүл хийсээр байтал доогуураа улс орон минь сульдаж тамирдаж дуусах нь. Төр ямар байна, ард түмэн тийм байна гэдэг яасан үнэн үг вэ. Өрнөдөөс "сөрөг хүчин" гэсэн ойлголтыг хуулж авчирснаас хойш удмын архаг дэврүүн өвчин гал дээр тос нэмсэн юм шиг улам хөөрч сэдэрлээ, Хүн хүнээ бүү хэл засаг төрөө ч тоохгүйд хүрээд байна. Хүний эрх, өлсгөлөн, жагсаал, хэвлэл мэдээллээр засаг төрөө айлган сүрдүүлдэг, дарамталдаг болжээ. Хүн хүнтэйгээ намаар ялгаварлан өөриймсөг ба хүнийрхүү харилцдаг болсон байна. Эх орон минь аюулгүй байдал, аз жаргал, байгалийн бохирдол, эдийн засгийн үзүүлэлтээрээ энэ дэлхийн адгийн байранд орчихлоо. Монгол монголоороо оршин хөгжих баталгаа алга. Сөрөг хүчин гэдэг чинь барууныхны нохойд барьдаг мод шүү дээ. Өөрсдөдөө таалагдаагүй улс орон, төр засаг, удирдах хүмүүсийг дотор нь хагаралдуулан талцуулж, хооронд нь байлдуулж, унагаж устгадаг арга технологи юм. Том гүрнүүд худалдаж авсан сөрөг хүчээ төр засгийн толгойд гаргахын төлөө хилийн чинадаас эд мөнгө, зэвсэг техник зэрэг шаардлагатай бүхнээр урамшуулан зоригжуулж, хүний гараар могой бариулж ирсэн түүхтэй. Нэгэн улс орны сайн сайхны төлөө хамтран тэмцэж байгаа нь үнэн л юм бол хэдэн ч нам байлаа хоорондоо сөрөг хүчин байх нь утга учиргүй юм. Сөрөг хүчин болж жүжиглэдгээс шалтгаалж улстөржилт үүссэн шүү дээ. Улстөржилт гэдэг бол улс орны эрх ашгийг бодохоосоо илүү өчүүхэн цөөнхийн ашиг завшааныг өмгөөлөн хамгаалж байгаа хэрэг юм. Тэр аяараа туйлшрал явцуурал гэж хэлж болно. Улс орноо уралдаж иддэг туйлшрал энэ цагийн эхэнд анх бий болсон.
Одоо ч төрийн өмч рүү довтолсон хэвээр. Уралдаж идэх нь зах зээлийн зарчим юм уу. Зах зээлийг захирч зохицуулж яагаад болохгүй гэж. Саяхан болтол маниасаа доогуур амьдралтай явсан Хятад улс нэг намаар удирдуулаад, таван жилийн төлөвлөгөөгөөр эдийн засгаа хөгжүүлээд дэлхийд тэргүүлэх гүрэн болж. Улс түмний үндэсний эрх ашигт харшилсан хүний эрх байх ёстой юм бол засаг төр байгаад яах юм. Хаана, ямар улсын тагнуул байгааг ил задгай чалчих нь хүний эрх юм уу. Эд мөнгө, эрх тушаал, хөнгөмсөг хүнийг эвддэг нь хууль. Сүржин Монголын даржин сэтгэлгээ гэж иймэрхүү юмыг хэлдэг байх даа. Бид өөрсдийгөө хэзээ ухаарч, хэдийд хянадаг болно доо, хөөрхий.
Г.ДАЛАНТАЙ

Сэтгэгдэл (0)