Зөрүүд иргэдийг “номхотгох” Зөрчлийн тухай хууль

 

-Цахим дарангуйллыг зогсоохын тулд “фэйсбүүкийн хууль”-ийг хэрэгжүүлж эхэлжээ-

 

        Энэ оны эхээр АНУ-ын Калифорни мужид болсон “PyCon” гэх технологийн бага хурлын үеэр Адриа Ричардс гэх эмэгтэй дарамтад өртжээ. Зөвлөхийн ажил эрхэлдэг Адриагийн ард сууж байсан хоёр эрэгтэй түүнийг доромжилж, чанга чанга инээлдсэн төдийгүй бэлгийн дарамт үзүүлсэн өнгө аястай зүйл хэлж, илт доромжилсон үгсийг хайр найргүй “чулуудсан” байна. Тэдний үгийг удаан тэвчсэн Адриа өөрийн твиттер хуудастаа хоёр залуугийн зургийн хамт “Үнэхээр онцгүй” гэж бичээд эмэгтэй хүн гэдгээр нь илтэд доромжилсон талаар мөн дурджээ. Энэхүү үйл явдал цахим ертөнцөд асар богино хугацаанд өөр уур амьсгалыг бүрдүүлсэн байна.

 

Твиттер хуудаст тэр хоёр залуу хэн ч биш. Учир нь есөн мянга гаруй дагагчтай Адриагийн дуу хоолой технологийн ертөнцтэй тэднээс түрүүлж холбогдоно. Түүний гомдолтой жиргээ хэдхэн секундийн дотор Америк даяар тархаж, “Вашингтон пост” сонины нүүрэнд хүртэл гарчээ. Жиргээг харсан “PyCon” уулзалтын зохион байгуулагч бүсгүйгээс нэн даруй уучлалт хүсч, өнөөх хоёр залууг хоёуланг нь ажлаас халжээ. Ийм шалтгаанаар халагдсан залуусыг ажилд авах байгууллага тус улсад тийм ч амар олдохгүй болов уу.

 

Удалгүй хэдхэн хормын өмнө ажилгүй болсон залуу “Би гурван хүүхэдтэй, ажилдаа ч дуртай. Хүний буруу үг, үйлдэл хоёр ямар ноцтой үр дагавартайг ойлголоо” хэмээн жиргэжээ. Адриа ч мөн хэзээ ч тэднийг ажлаас нь халуулах тухай бодоогүй гэдгээ мэдэгдэв. Тэр өдөр доромжилсон, доромжлуулсан хоёрын хэн нь ч аз жаргалтай хоцорсонгүй. Энэ бол цахим ертөнцийн давуу болон сөрөг тал. Түүнчлэн амьдрал, амьжиргаа хоёрыг нь нэгэн зэрэг устгаж чадах гол чадамж юм. Энэ бол доромжилсон, илчилсэн хоёрын үнэн бөгөөд шударга түүх. Гэвч өдрөөс өдөрт олон нийтийн цахим хэрэгсэл нь нөлөөллөө урвуулан ашиглах дэндүү шударга бус, харгис талбар болж байна. Өөрөөр хэлбэл, өрөөлийн нэр хүндийг хормын дотор сүйтгэх “зэвсэг”. Фэйсбүүк болон твиттер хуудаст 1000-с дээш дагагчтай, 500 гаруй найзтай тус тус сая гаруй хэрэглэгч бий. Тэдний олонх нь өөрийгөө цахим сүлжээний энгийн л хэрэглэгч, хүрээллийнхээ бяцхан тойрогт “хааяахан зөөлөн шүгэлдэж” өөрийгөө сануулдаг нэгэн гэж боддог ч бодит байдалд тэдний дуу хоолой олон нийтэд чанга яригчаар ярьж буй мэт сайн хүрдэг аж. Олон дагагчтай Адриагийн бичсэн “Үнэхээр онцгүй” гэсэн хоёр үгэнд ард нь суух үеийн залуусынх нь ирээдүй багтаж байсныг нь хэн мэдэх билээ. Адриагийн түүх үнэн байсан ч өшөө хорсол, үзэн ядалтын шинжтэй худал түүх тараагчид ч мөн олширчээ. Хувийн орон зай гэдэг үгээр халхалдаг цахим хаягтаа тэд гүжир, гүтгэлэг доромжлолын шинжтэй үгсийг өөрийн болон өөрөөлийн хүсэлтээр нийтэлж байна. Сэтгүүлчийн үзэгний үзүүрт бусдын амь байдагтай адил, сошиал ертөнцийн идэвхтнүүдийн кейбордны хавтанд бусдын нэр төр байдаг. Өдгөө найман настай балчраас 80 настай буурай хүртэл хэрэглэдэг фэйсбүүкийг сонин сайхан, шинэ мэдээллээ солилцох талбар болгохоос илүү бусдын нэр хүндэд халдах, хувийн зураг мэдээллийг ил болгох, хөрөнгө мөнгө залилах зэрэг төрөл бүрийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд давамгайлах болжээ. Ялангуяа, өсвөр насныхан нэгэндээ уурласан уураа худал мэдээлэл тарааж, олон нийтээр доромжлуулснаар нэг төрлийн өшөө авах хэрэгсэл болгож, энэ нь цаашлаад амиа хорлолтоор төгсөх сөрөг хандлага ч байна. Мэдээж онлайн элитүүд буюу олон дагагч, найзтай хүмүүс бүгд цахим хуудсаа бусдыг гүтгэн доромжилж, нэр хүндэд нь халдаж, худал шуугиан дэгдээхийн төлөө ашиглахгүй ч, хяналтгүй байдлыг хөнгөхөн ашиглаж бусдыг хохироогчид ч илт олширчээ.

 

Өдөрт доромжилсон агуулгатай 15 мянган жиргээг нийтэлдэг

 

        Фэйсбүүк хэрэглэгчдийн олонх нь үндсэн хаягнаасаа гадна өөр нэг хуурамч хаяг нээдэг гэхэд хилсдэхгүй. Тэдгээр хуурамч хаягийг ажиглахад ихэвчлэн хэрэглэгчийн зураггүй, хувийн шинжтэй мэдээлэлгүй, хийсвэр зураг, нэртэй байдаг. Үүнийг дагаад хүний өмнөөс цахим хаяг нээж, түүгээрээ олны анхаарлыг татах, өөрийн нээсэн хуурамч хаягаар бусдыг гүтгэн доромжилж, нэр хүндэд нь халдах тохиолдол олширсон байна. Дэлхийд өдөрт дунджаар доромжилсон агуулгатай 15 мянган жиргээг твиттер сүлжээ нийтэлдэг талаар “megan meier” байгууллагын судалгаанд тэмдэглэжээ. Энэ бол бага тоо биш. 15 мянган доромжлогч дахин 15 мянган гүтгэгчийг уриалан дуудаж, төрүүлэх боломжтой. Хуурамч хаягнаас үйлдсэн цахим гэмт хэргийг тэр болгон илрүүлээд байдаггүй. Тиймээс зарим нь давруу зангаараа бие биенийхээ тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй элдэв зүйлийг нийтэлж байна. Аливаа зүйлд хэм, хэмжээ ёс зүй гэж бий. “Нэр хугарахаар, яс хугар” гэдэгчлэн алдар нэртээ сэв суулгасан хүнд бусдын сөрөг хандлага шарх сорви болон үлдэж, биемахбодид нь халдсанаас илүү хүнд тусдаг аж. Твиттер хуудаст гэхэд дагагчийн тоо, нөлөөгөө ашиглаж цалин авч бусдыг “харлуулдаг” бүлэг байдаг талаар олон нийт ярьдаг. Хэн нэгний талаарх сөрөг зүйлийг захиалгаар нийтлэхэд нэг сая болон түүнээс дээш төгрөгийн ханштай бол түүнийг нь тарааж, хөхиүлэн дэмжигчид тус бүр 300-400 мянган төгрөгийн урамшуулал авдаг аж. Доромжлол цөхрөл, ялгаварлан гадуурхалт, гүжир гүтгэлгийн ертөнцөд уй гашуугаа дотроо хадгалан чимээгүй амьдарч яваа олон хүн бий. Бид зэвсэгт хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлах, бэлгийн дарамт зэргийг буруутгадаг ч алсын зайнаас үгийн “бохироор” дээрэлхэж, доромжлогчдыг орхигдуулаад байх шиг. Интернэт дуу хоолой энгийн харилцаанаас илүү хэрцгий болж байна. Алгын чинээ үрээс нь эхлээд хөгшин настай буурайг хүртэл оролцуулж доромжилдог хүн чанаргүй байдал хэрээс хэтэрлээ.

 

Болгоомжгүй үгийн балгийг Зөрчлийн хууль хязгаарлах ёстой

 

         Бусдыг доромжилж, гүтгэчихээд төлбөр авдаг шударга бус байдал бараг “мэргэжил” болтлоо хөгжчихсөн нь ийм хэрэгт тавих хяналт сул байгаагаас тэднийг давруулсны тод жишээ юм. Ноцтой үр дагавар, нөхцөл байдал бүрдсэн шуугиан дэгдээсэн мэдээллүүд олон тархсан ч үүнийг цагдаагийн байгууллагаас анхааруулах төдий мэдээлж байна. Хуучин Эрүүгийн хуулиар ийм төрлийн хэрэг үйлдсэн этгээдэд арга хэмжээ авдаг байсан ч Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар зөрчилд хамруулдаг болсон юм. Хуулинд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Торгууль төдий гэж ойлгох нэгэн байгаа ч, хуулийн дор амьдардаг хүнд их, бага гэхгүй ял шийтгэл гэдэг амьдралынх нь түүхээс арилахгүй толбо болон үлддэг. Харьяа газар Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан ч мөн ийм төрлийн хэрэг үйлдсэн хүн ямар зүйл, заалтаар шийтгүүлдэг талаар олонд мэдээлж, цахим сүлжээн дэх хяналтаа чангатгах хэрэгтэй. Нийгэмд шинээр бий болсон нэгэн сөрөг хандлагыг хумиж цэгцлэж, Зөрчлийн хуулийг зөрж хийсэн нэгэнд хуулийн дагуух үнэнийг ойлгуулах эрх тэдэнд бий. Барууны орнууд цахим ертөнцийн хэм, хэмжээг хязгаарлахгүй бол хүний нэр төрд халдах хандлага хэрээс хэтэрлээ гэж үзэж үүнийг таслан зогсоох хуулийн төсөл, журмыг боловсруулж эхэлжээ. Тухайлбал, Герман улсад “Сүлжээг зохицуулах хууль” буюу олны дунд “Фэйсбүүкийн хууль” хэмээн нэрлэж буй хуулийг баталсан байна. Ингэснээр цахим сүлжээний компаниуд сөрөг, хуурамч, гэмт хэргийн чанартай агуулгыг устгахгүй бол 50 сая хүртэл еврогоор торгуулах болжээ. Шинэ хуулиар “хууль бус гэдэг нь тодорхой” агуулгыг 24 цагийн дотор устгах үүргийг цахим сүлжээний компаниудад үүрүүлж байгаа аж. Бусад сөрөг мэдээллийг долоо хоногийн дотор өөрсдөө илрүүлж устгах ёстой юм байна. Торгуулийн хэмжээ таван саяас эхлээд 50 сая евро хүртэл байх аж. Мөн Евро комисс “hate speech” гэх ойлголтыг таниулж, тусгай код баталсан байна. Энэ нь бусдын цахим нийтлэл доорх доромжилж, заналхийлсэн сэтгэгдлийг хянах код юм. Түүнчлэн урд хөршид фэйсбүүк, снэпчат гэх мэт сүлжээг хаагаад зогсохгүй өнгөрсөн 2014 онд хүчирхийллийн шинжтэй үйлдлийг олон нийтэд тараасан шалтгаанаар инстаграм ашиглахыг хориглосон байна. Манай улс ч мөн цахим ертөнц дэх хэрээс хэтэрсэн үйлдэл, хууль бус зөрчлийг хянах тогтолцоогоо илүү чангаруулж, эрчимжүүлэх цаг болжээ. Цахим дарангуйллыг таслан зогсоож, хүний үзэл бодлоо илэрхийлэх байдлыг тогтвортой хадгалахуйц хэмжээнд хүртэл зөрчлийг ил болгож холбогдох хууль, тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь оновчтой алхам юм.

 

А.ДАВААХҮҮ

Монголын үнэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)