Ш.Абэгийн тусгай элч Монголд айлчилж байна

 

Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн тусгай элч, парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Мото-О Хаяаши тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. 
Төлөөлөгчид өнөөдөр /2017.09.08/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Япон улсаас 58 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Айлчлалын хүрээнд ямар нэг эдийн засгийн ач холбогдолтой гэрээ хэлэлцээр яригдаагүй аж. Гэхдээ шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч баримталж буй бодлогоо өөрчлөхгүй гэсэн учраас хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байх болно гэдэгт итгэж буйгаа төлөөлөгчид илэрхийлэв.

Монгол дахь айлчлалын үеэр УИХ-ын дарга М.Энхболд, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга С.Батболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга нарт бараалхжээ. 
Дээрх уулзалтаар маш үр дүнтэй санал солилцсон гэдгийг төлөөлөгчид онцлов. 

Хэвлэлийн хурлын үеэр Япон улсын дээгүүр цөмийн пуужин харвасан Хойд Солонгосын үйлдлийг хэрхэн дүгнэж байгааг тодруулав. Уг асуудалд Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Мото-О Хаяаши тайлбар хэлсэн юм. Тэрбээр “Хойд Солонгосын үйлдлийг Япон болон АНУ ноцтой хэрэг гэж дүгнэсэн. Тэр утгаараа НҮБ-ийн аюулгүй байдлын зөвлөлөөс хориг гаргасан. Тэрхүү хоригийг  Хойд Солонгос биелүүлнэ гэж итгэж байна” гэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)