Шонхорын зориг мохохгүй

 

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ӨДӨРТ

1935-1937 оны үед манай улсын зүүн хил хязгаарын байдал түгшүүртэй байсантай зэрэгцэн Монголд өрнөсөн улс төрийн их хэлмэгдүүлэлт дээд цэгтээ хүрч, Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарч сор болсон олон мянган сэхээтнүүд, салбар салбарын анхдагчдыг “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү” гэж хилс хэрэгт гүтгэж баривчлагдан шийтгүүлж, олонх нь цаазаар авахуулж хэлмэгдсэн нь Монголын нийт насанд хүрсэн эрчүүдийн 15 хувийг хамруулсан эмгэнэлт түүх юм. Улс төрийн хэлмэгдүүлэлт Монгол Ардын Хувьсгалт Цэрэг / МАХЦ/-ийн дотор Монголын нисэх хүчний нийт бүрэлдэхүүн, боловсон хүчинд цохилт өгч ЗХУ-д болон дотооддоо олон жилийн турш өндөр үнээр бэлтгэгдсэн, дайн байлдааны туршлагатай, нислэгийн ур чадварыг эзэмшсэн олон арван нисгэгч, техникч, албан хаагчид, авьяаслаг дарга нарыг олноор хэлмэгдүүлсэн байна. Нисэх хүчний анги салбараас 115 хүн хэлмэгдүүлэлтэд өртсөнөөс 47-г нь баривчлан эдгээрээс өндөр албан тушаал хашиж байсан 25 хүнийг буудан хороож янз бүрийн шалтгаанаар 71 хүнийг ажлаас нь халсан байна.

Эдгээрийн дунд анхны нисгэгч, хурандаа Д.Жамбаа, Ч.Шагдарсүрэн, Д.Дэмбэрэл, нисэх бригадын анхны комиссар Д.Бадамхатан /маршал Г.Дэмидийн садан/, Улаан тугийн одонт нисгэгч Р.Самдан, нисэхийн анхны техникчдийн нэг Л.Дамдин, анхны хянагчдын нэг П.Цэдэв зэрэг алдар цуутай хүмүүс, нисэх отрядын дарга Ч.Санжжав, С.Гомбо, нисэх сургуулийн захирал Б.Чоймбол, эскадрилийн дарга Ж.Дашдаваа, хэсгийн дарга Т.Төмөр, нисэх эскадрилийн байлдааны ангийн дарга Г.Дорж, зэвсэглэл албаны дарга Ц.Буджав, нисгэгч Т.Дамбий, Д.Жамц, Д.Жүгдэр, техникч Д.Мэнд, Б.Сэнгэдоо нарын зэрэг гэм зэмгүй удирдах болон дунд албан тушаалын дарга нар, нисгэгч, нисэхийн техникийн ажилтнууд хэлмэгдэж хохирчээ. Монгол Ардын Хувьсгалт Цэрэг /МАХЦ/-ийн Нисэх бригадын байлдааны Нэгдүгээр отрядын дарга, шуудангийн отрядын дарга, анхны нисгэгч, Хурандаа Д.Жамбааг БНМАУ-ын ДЯЯ-ны сайд, Улсын өрлөг жанжин Х.Чойбалсангийн 1927(37) оны наймдугаар сарын 10-ны өдөр баталсан “Дайчлан баривчлах тогтоол”-оор тус яамны Улсыг аюулаас сахиж хамгаалах хэргийг удирдах ерөнхий газрын Тусгай хэлтсийн төлөөлөгч, хамгаалагч Дашзэвэг, Насантогтох нар Японы тагнуул, хувьсгалын эсэргүү хилс хэрэгт холбогдуулан дайчлан баривчлах санал төлөвлөж наймдугаар сарын 10-ны үүрийн 04.00 цагт гэртээ амарч байхад нь ирж баривчилж, харгис хатуу эрүү шүүлт тулган тамлаж, зохиомол хэрэг гүтгэн тулгаж, олон хоногоор гянданд тарчлаан зовоосны эцэст 1937 оны аравдугаар сарын 25-нд шүүх цаазын бичгийн 43, 44 зүйлээр хөрөнгийг нь хурааж, цаазаар авах ялаар шийтгэжээ.

Тэрбээр МАХЦ-ийн Нисэх бригадын байлдааны нэгдүгээр отрядын дарга, Жанжин штабын шуудангийн тусгай отрядын дарга хүртэл өндөр албан тушаал хашиж, жирийн цэргээс анхны нисгэгч хурандаа цол хүртсэн манай нисэх хүчний ууган дарга нарын нэг байв. Д.Жамбаа онгоцны моторчоос эхлээд байлдааны онгоцны нисгэгч, байлдааны нисэх отрядын даргаар ажиллаж хурандаа цол хүртэж, харийн дайснаас эх орноо хамгаалах байлдаанд эрэлхэг гавьяа байгуулан байлдааны гавьяаны одонгоор хоёр ч удаа шагнуулж байсан нь Улсын баатар Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн нартай эн зэрэгцэх алдарт нисгэгч байжээ.

Тэрээр Ю-13, Ю-33, К-5, Ган-3, Р-1, Р-5, И-3, У-1, У-2 зэрэг тэр үеийн агаарын бүх хөлгийг жолоодон нисэж, морь шигээ унаж эдлэн, чадмаг жолоодож, олон залууг сургасан анхны багш- нисгэгч, Жанжин штабын агаарын шуудангийн тусгай отрядын даргаар ажиллаж байсан Монголын нисэх хүчний анхдагчдын нэг жинхэнэ агаарын зоригт шонхор байлаа. 1925 оны сүүлчээс эхлэн нисэх онгоцны ангид Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн /МХЗЭ/-ийн илгээлтээр шилдэг залуучуудыг сонгож ирүүлсэн байна. Хамгийн түрүүнд А.Содном (хожим нь Цэргийн ерөнхий сургуулийн захирал болсон), Завхан аймгийн хамгаалахын Гүржав, цэрэг Содном, Бүргэд Нацагдорж, Гэндэнжав, дараа нь Цэргийн дэргэдэх “Жавхланг бадруулагч” үүрээс эвлэлийн гишүүн Д.Лхамжав, Н.Сандуйжав, Х.Шарав, Д.Гэлэгравжаа, бусад үүрээс Ч.Шагдарсүрэн, Б.Батцэрэн, Д.Жамбаа нар иржээ. Тэд Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дагалдаж нисэх онгоцны моторчин, төмрийн дархан мэргэжил эзэмшсэн байна. Үүний дундаас сурлага сахилга, идэвх сонирхол, авьяас чадвараараа шалгарсан Д.Жамбаа, Ч.Шагдарсүрэн, Б.Батцэрэн нар Зөвлөлтийн мэргэжилтэн Лозик, А.А.Лапин нарыг хоёр жил шахам дагалдан сургуулилж, байлдааны “Р-1” онгоцны нисгэгчид болсон байна Ч.Шагдарсүрэн, Д.Жамбаа нар 1930 оны тавдугаар сард уг онгоцоор Улаанбаатар-Өндөрхаан- Баянтүмэн-Тамсагбулаг-Улаанбаатар чиглэлд нисч хоёр талдаа 2000 гаруй км урт агаарын замыг анх нээж аялан ниссэн нь ард олонд нисэх онгоцыг сонирхуулан сурталчлахын зэрэгцээ улс орныг батлан хамгаалах хэтийн зорилготой байлаа. Тэдний энэхүү гавьяа зүтгэлийг өндөр үнэлж, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Тэд мөн “Ю-13” онгоцоор алс холын замд чадамгай аялан, Монгол орныхоо нутаг дэвсгэр дээрх агаарын шинэ шинэ замыг нээсэн түүхтэй. 1930-аад оны эхээр Япон улсаас Алс Дорнодод явуулж буй түрэмгий үйл ажиллагаа нь улам идэвхжиж 1932 оны гуравдугаар сард Манжуур, Хятадын зүүн хойд нутгийг эзлэн авч “Манж-Го” гэх тоглоомын улсыг байгуулж, түүний нутгийг ЗХУ, Монголын эсрэг байлдааны талбар болгохоор бэлтгэсэн юм. Япон, Манжийн тал 1934 оны дунд үеэс эхлэн Монгол Улсын дорнод хил дээр удаа дараа өдөөн хатгалга үйлдэж хилийн зөрчил гаргаж эхэлсэн байна. Монгол Улсын эсрэг Япон, Манжийн цэргийн өдөөн хатгалга 1936 оны гуравдугаар сар гарсаар улам өргөжив. 1936 оны гуравдугаар сарын 29- ний өдрийн 11.00 цагийн үед Япон, Манжийн талаас найман машинтай 200 гаруй цэрэг манай улсын дархан хилийг нэвтрэн “Адаг дулаан”-ы харуул руу довтолсон мэдээ иржээ. Энэ үед зүүн хязгаарт өөрийн биеэр хүрэлцэн очоод байсан “Бүх цэргийн жанжин” Г.Дэмидийн тушаалаар нисгэгч Д.Дэмбэрэл, Д.Жамбаа нар 13 цаг 10 минутад тус бүр 20 ширхэг бөмбөг, 2400 ширхэг сум бүхий “Р-5” онгоцоо жолоодон “Тамсаг булаг”- аас нисч халдан довтлогчдын эсрэг эрэлхэгээр тулалдсан байна. Япон, Манжийн талаас дөрвөн машин эвдэрч, 100 шахам хүн алагдаж шархадсан ажээ. Энэ өдрийн байлдаанд Д.Жамбаагийн онгоц дайсны суманд 30 удаа, Д.Дэмбэрэлийн онгоц 29 удаа тус тус оногдсоноос өөр хохирол гарсангүй бөгөөд ямар их ширүүн тулалдаан болсныг илтгэж байв. Япон, Манжийн цэрэгт цохилт өгч эрэлхэг гавьяа байгуулсан нисгэгч Д.Жамбаа, Д.Дэмбэрэл нарыг БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1936 оны 11 дүгээр тогтоолоор “Байлдааны гавьяаны II зэргийн” одонгоор хөхиүлэн шагнажээ.

“Буландэрс”-ний харуулаас гуравдугаар сарын 31-ний өглөөний 06.00 цагийн орчим “Улаантолгой” хавиас баруун урагш “Адагдулаан”- ыг чиглэн Япон, Манжийн цэргийн хоёр хэсэг авто машины цуваа хөдөлсөн тухай мэдээ ирэв. Тэр нь 90 шахам машин 1000 гаруй цэрэг, 12 танк, их буу, долоон нисэх онгоцоор дэмжүүлсэн урьдынхаас том хүч байв. Мөн “Адагдулаан”, “Ар шаврын харуул”-аас дайсны ихээхэн хүч ирж буй тухай мэдээ ирж эхэлжээ. Дайсны цуваа “Адагдулаан”-ы харуулыг чиглэн хөдөлсөн тухай мэдээг хүлээн авсан Бүх цэргийн жанжин Г.Дэмид түүнийг тосч байлдах шийдвэр гаргаж, зургаадугаар морьт дивизд, нисэх онгоцны нэгдсэн отряд, Матадад байрлаж байсан моторжуулсан отрядын дарга нарт зохих тушаал өгөв. Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн тушаал ёсоор А.В.Судец, Д.Жамбаа нарын жолоодсон “Р-5” онгоц Тамсаг булагаас хөөрөв. Д.Дэмбэрэлийн онгоцыг тагнах, холбоо барих үүрэгтэйгээр үлдээжээ. Япон, Манжийн тал дөрвөн онгоцоор Адаг дулааны харуулыг бөмбөгдөж, улмаар эзлэн авсан байжээ. А.В.Судец, Д.Жамбаа нар замдаа 1000 метрийн өндрөөс дайсны хүчийг тагнавал “Адаг дулаан”-ы харуулын дэргэдэх өндөрлөгийн бэлд 60-70 машин байв. “Тамсагбулаг”-аас ниссэн В.А.Судец, Д.Жамбаа нарын хоёр ширхэг Р-5 онгоц цаг хагасын дараа “Баянтүмэн” ниссэн эскадрилийг тосон авч нийлэн “Адагдулаан”-ыг чиглэн нисжээ. Нисэх бригадын сургагч В.А.Судец дайсны хүчийг тагнаж үзээд 1200 метр өндрөөс бүх онгоцны хүчээр бөмбөгдөж, дараа нь пулемётын галаар шумбан дайрах шийдвэр гаргаж есөн удаагийн дайралтыг амжилттай хийсний үр дүнд дайсанд багагүй хохирол учруулжээ. Манай нисэх онгоцнуудын нэлээд нь буудлагын зэвсгийн галд өртсөнөөс гэмтэл авч байлдаанаас гарсан байна. Энэ агаарын дайралтад нэгдсэн отрядын дарга Ч.Шагдарсүрэн, хянагч Өлзийбат, Филь, Новосильцев нар шархаджээ.

Дайсны бүлэглэл манай нисэх онгоцны дайралтад өртөж багагүй хохирол үзсэн бөгөөд байлдааны журам нь алдагдаж эмх замбараагүй тарж бутарсан байна. Энэ байлдаанд дайсны хүчийг бут цохиж ухраахад манай нисэх онгоцууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Монгол, Зөвлөлтийн нисгэгчид эрэлхэгээр байлдсан юм. Нисэх онгоцны дайралт дууссаны дараахан нь байлдаан болж буй газарт “Тамсагбулаг”-аас хөдөлсөн маневрийн групп ирж дайралтад оров. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн 1936 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 17 дугаар хурлын тогтоолоор “дайсан этгээдэд туйлын хатуу цохилт өгч, цаг тухай дор няцаан устгаж чадсаны дээр өөрийн улсын тусгаар тогтносон байдал ба эрх чөлөөт үндсэн газар нутгаа хатуу чийргээр хамгаалж Монгол Улсын эртний үеийн эрэлхэг түүхт байлдааны их сүр хөгжлийг дайсны өмнө ил тодорхойгоор үзүүлж чадсан” учир хоёрдугаар морьт корпусын агаарын отрядын штабын дарга нисгэгч Д.Дэмбэрэлд “БНМАУ-ын агаарын зоригт баатар” цол олгож, нисэх хүчний нэгдсэн отрядын дарга Ч.Шагдарсүрэнд “Улсын эрхэм нисгэгч” цол олгож, Улаан тугийн гуравдугаар зэргийн, нисэх бригадын сургагч В.А.Судецийг хоёрдугаар зэргийн одонгоор шагнажээ. Монголын Ардын Хувьсгалт Цэргийн Нисэх хүчин оролцсон 1936 оны байлдаан нь манай нисэх хүчний түүхэнд анхны томоохон агаарын тулалдаан болсон ба нисэх хүчин сургалт бэлтгэл, байлдах чадвараа ямар төвшинд байгааг мэдэх, харьцуулж үзэх том шалгалт болсон байна. Д.Жамбаа нь ДЯЯ-ны Тусгай хэлтсийн цэргийн тасгийн дарга, байцаагч Мандал, Лувсандоной нарт өгсөн мэдүүлэгтээ “Би 1906 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Асгатын хүрээнд мяндаг тушаалгүй лам байсан, 1925 онд сайн дураар хар болж цэрэгт ирсэн. 1926 оны хоёрдугаар сараас тавдугаар сарын 20 хүртэл хотод оюутны сургуульд явж байсан. 1926 оны тавдугаар сард нисэх онгоцны техникчийн сургууль, 1930-1933 онд ЗХУ-ын Оренбург хотын нисэх онгоцны жолоочийн сургууль хийж төгссөн. 1937 оны наймдугаар сар хүртэл байлдааны нисэх отрядын дарга, баригдахын өмнө цэргийн нисэх онгоцны шуудангийн отрядын даргаар ажиллаж байсан, МАХН- ын гишүүн, хурандаа цолтой, ам бүл зургаа, хувь хөрөнгө 70, сайн ажилласан учир байлдааны буу гурван ширхэг, мөнгөн хайрцаг, цаг тус тус нэгээр шагнуулж байсан. Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Улаан тугийн одонгоор, 1936 онд Япон, Манж лугаа баатарлаг байлдсаны учир Улаан тугийн II зэргийн одонгоор шагнагдаж байсан”, “Жамбаа миний биед хувьсгалын эсэргүү санаа бодлогыг агуулж, Хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож, хувьсгалын эсэргүү ажлыг хийж явсан удаагүй бөгөөд харин манай нисэх онгоцны бригад болоод отрядуудад хувьсгалын эсэргүү, хорлон сүтгэгч этгээд нар байсныг би мэдэх бөгөөд “тэд нарыг яаж илрүүлж эсэргүүцэн тэмцэх билээ” гэж бодож ажиллаж явснаас өөр тийм хувьсгалын эсэргүү ажлыг хийж яваагүй амой” ... гэжээ.

Хожим 1991 онд Улсын дээд шүүхийн Цагаатгах комиссын 108 дугаар магадлангаар түүний гэм буруугүйг нотолж цагаатгажээ. 1965 онд Нисэх хүчний 40 жилийн ойгоор 1964 онд Нисэх хүчний 40 жилийн ойгоор ЗХУ- аас хүндэт зочдыг урихад Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ), Монгол Улсын баатар, нисэх хүчний маршал В.А.Судец ирж Д.Жамбаад Монгол Улсын баатар цолыг нь нэхэн олгох саналыг Ю.Цэдэнбал даргад тавьж тэрээр дэмжсэн боловч төрөлх сумынх нь дарга хөдөлж өгөлгүй хоцроосон” гэж дурссан байдаг. 1964 онд Д.Жамбаад “Улсын баатар цол” нэхэн олгох санал санаачлага гаргасан ч зарим нэг урагшгүй хүний гайгаар бүтэлгүйтэж, улмаар мартагдахад хүрчээ. Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан ИНЕГ-аас алдарт нисгэгч, зоригт шонхор, ахмад үеийн анхны нисгэгч, хурандаа Д.Жамбаа агсны намтар түүхийг сэргээн мөнхжүүлж, түүнд Монгол Улсын баатар цолыг нэхэн шагнуулах санаачлага гаргасныг Зам, тээврийн хөгжлийн яам, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын Гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороо дэмжсэн тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хүргүүлсэн байна.

XX зууны эхний хагаст дэлхийн том гүрнүүдийн бодлого, ашиг сонирхлын зөрчилдөөний шуурганд дайрагдсан, хэт цөөн хүн амтай, бага буурай эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрх, хил хязгаарын халдашгүй дархан байдлын төлөө харийн дайсны өөдөөс халз тулан байлдаж амь бие үл хайрлан тулалдаж явсны эцэст хилс хирэгт гүтгэгдэн хохирсон ч бууж өгөөгүй эрэлхэг нисгэгчийн шонхорын зориг хэзээ ч мохоогүй юм. Хожмын өдөр түүнд авах ёстой Монгол Улсын баатар цолыг нь Монголын төр нэхэн олгох нь тодорхой. Баатар эр хэдий үхэвч байгуулсан гавьяа нь мөнх гэдэг билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • irgen (62.167.114.16)

    2017-09-10

    yamar archaagui um be, yamar toolj barahgui olon say hyn baigaa bishdee,,,,helmegdsen baatruudaa yadaj asuudliig ni shiideegui baihdaa yahavdee,,, hoshoo umiig ni hiigeech, teneg tor barag oortoo hoshoo bosgoh n holgui l baidag