Хүнсний ногооны ханш таван жилийн хугацаанд 300 хувиар савлажээ
- 2017-09-14
- Нийтлэл
- 0

Орчин цагт “Үндэсний үйлдвэрлэл” гэсэн аминчхан үзэл нийтийн дунд хүчтэй дэлгэрч байна. Энэ хандлага мэдээж дотоодын эдийн засагт маш чухал. Төр, засгаас ч гэсэн энэ чиглэлийг дэмжих гэж сүүлийн жилүүдэд эрчимтэй хичээж буй. Энэ чухал хандлагаас үүдээд ч тэр юм уу, иргэд дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг чухалд үздэг болжээ. Гэвч энэ эерэг эрэлтийг хангах бодит нийлүүлэлт байгаа юу гэвэл эргэлзээтэй.
Тухайлбал, хүнс, хөдөө аж ахуйн салбарын дарга нар жил бүр л “Төмс, хүнсний ногоогоо дотоодоосоо бүрэн хангах боломжтой” гэж биднийг тайвшруулдаг. Тэдний тооцоолол өнгөрсөн хугацаанд үнэндээ буруу байгаагүй. Хамгийн гол нь зах зээлийн нөөц бололцоонд нийцсэн ханш тогтохгүй байгаад л иргэд сэтгэл дундуур байгаа юм. Уг нь яг энэ цаг үед найр, наадмууд дуусч, намрын ажил цэгцэрч, төмс, хүнсний ногоо хураах ажил шувтрах шатандаа ороод байна. Гэвч шинэ ургацын төмс, хүнсний ногоо нийслэлийн худалдааны төвүүдийн лангууг эзлэх мөчид үнэ огцом нэмэгддэг хандлага сүүлийн жилүүдэд бий болов. Одоогоос таван жилийн өмнө л гэхэд кг төмс 2500, байцаа 2800 төгрөгт хүрч “галзуурч” байв. Энэ үеэтэй харьцуулахад энэ жил хүнсний ногооны хувьд үнэ нь харьцангуй тогтвортой байгаа тухай “Барс” худалдааны төвийн худалдаачин Л.Бямбасүрэн ярьж байна. Тус худалдааны төвийн хувьд жимс, ногоо мэтийн импортын хүнсний бүтээгдэхүүн шууд “буудаг” гэдэг утгаар бусад худалдааны төвөөс нэлээд онцлогтой. Энэ хэрээр бусдаас бага зэрэг хямд үнэтэй байх нь бий.
Тус захад өчигдрийн байдлаар кг төмс 800, лууван, манжин 1000, байцаа 900 төгрөгийн ханштай байлаа. Өнгөрсөн жил өдийд тус захад кг төмснийг 500 төгрөгөөр худалдаж байв. Тэгвэл энэ жилийн ханшийг 2015 оны мөн үетэй харьцуулахад 50 хувь, өнгөрсөн жилийн дундаж үнэтэй харьцуулахад 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна. Тодруулбал, зөвхөн төмс, хүнсний ногооны тухайд нийслэлийн худалдааны төвийн таван жилийн есдүгээр сарын дундаж ханшийг харвал 300 хувийн хэлбэлзэлтэй байна. Энэ нь манай улсын газар, тариалангийн салбар хэрхэн тогтворгүй болсныг нотолж буй юм. Төмс л гэхэд 2015 онд кг нь 500 төгрөгийн ханштай байсан бол өдгөө үнэ нь 1000 төгрөг болж, дахин нэмэгдэв. Үүнээс өмнөх хоёрхон жилийн түүхийг сөхөж үзвэл 2500 төгрөгт хүрч байсан тохиолдол ч бий. Чухамдаа мах, шатахуун, талх биш учраас энэ тогтворгүй байдал нийтийн шүүмжлэлд бага өртдөг байж болох. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Өндөг бол тансаг хэрэглээ” гэдэг шиг хандлагаар явах боломжгүй нь цөөн жилийн статистикаас харагдаж буй юм. Харин “Барс” худалдааны төвийн замын эсрэг талд наймдугаар сарын дунд үе гэхэд их хэмжээгээр эгнүүлэн тавьчихаад худалдаалдаг шинэхэн ногоонууд энэ удаад харагдсангүй. Үүнээс шалтгаалж “Нийлүүлэлт бага байгаа юм байна” гэсэн хялбархан дүгнэлтэд тэр дороо хүрч амжив.
Тэгвэл “Хүчит шонхор” худалдааны төвийн лангуун дээрх төмс, хүнсний ногооны үнэ “Барс” төвөөс кг тутамдаа 300-500 төгрөгийн өндөр байгаа нь содон. Байрлалын хувьд тэхий дунд нь шахам орших “Бөмбөгөр” төвийн хүнсний ногоо “Хүчит шонхор”-оос кг тутамдаа 100- 200 төгрөгийн нэмэгдэлтэй байх нь бүр ч хачин. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “Бөмбөгөр” худалдааны төвийнхөн “Барс”-аас хүнсний ногоогоо татдаг учир үнэ ийм зөрүүтэй тогтдог гэнэ. Дээрх гурван худалдааны төвийн ханшийг дунджаар авч үзвэл кг байцааг худалдаачид 1200 төгрөгөөс доош үнээр борлуулах сонирхолгүй байгаа бол төмсийг их хэмжээгээр авбал кг тутмыг нь 900 төгрөг болгон бууруулах боломжтой гэнэ. Энэ жилийн хувьд хүнсний ногоо яагаад ийм өндөр үнэтэй байгаа шалтгааныг “Хүчит шонхор” захын худалдаачин Б.Балжир “Шинэ ургацын ногооны ханш өнгөрсөн зуны цаг агаарын байдалтай шууд холбоотой. Бороо бага орсны зэрэгцээ халалт их байсан. Тийм учраас ургац ховор байгаа” гэж тодорхойлов. Тэрбээр сүүлийн 10 орчим жил ахынхаа бизнест туслан энэ захад худалдаа эрхэлж буй аж. Харин худалдагч М.Дуламсүрэн “Энэ жилийн тухайд хүнсний ногооны нийлүүлэлт хэвийн байгаа. Гэвч тариаланчдын бидэнд нийлүүлж буй үнэ өндөр байгаагаас шалтгаалж хүнсний ногооны үнэ буурахгүй байна” гэв. Ер нь худалдаачдын хэлж буйгаар нийслэлийн худалдааны төвүүдэд төмс, хүнсний ногооны нийлүүлэлт хэвийн байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зун хэдий гантай байсан ч хүнсний ногооны тариалалт хэвийн байсан гэсэн үг.
Хөдөө аж, ахуйн яамнаас өгсөн мэдээллээр энэ онд 268 мянган тонн төмс, хүнсний ногоо, дөрвөн мянган тонн жимс, жимсгэнэ хураан авахаар төлөвлөөд байгаа аж. Энэ нь дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээ гэнэ. Мөн үүний зэрэгцээ “Хүчит шонхор”, “Барс” худалдааны төвийн худалдаачид Төв аймгийн Жаргалант, Батсүмбэр, Борнуур зэрэг сумаас таваараа татдаг гэнэ. Ингэхдээ ямар нэгэн дамжлага үгүйгээр нийслэлд оруулж ирдэг тухай ч ярьж байна. Гэтэл дотоодынхоо хэрэгцээг хангах нөөц бололцоо нь байгаагийн зэрэгцээ тээвэрлэлтийн зардал тийм ч өндөр биш байхад яагаад нийслэлийн иргэд өндөр үнээр төмс, хүнсний ногоо худалдан авч байна вэ.
Чухам энэ энгийн асуултад нийслэлийн худалдааны төвийн ногооны тасгийн түрээслэгчид дээр өгүүлсэнтэй адил өөр өөрийн байр сууриа илэрхийлж байна. “Нарантуул 2” худалдааны төвд нарийн ногооны худалдаа эрхэлдэг Х.Амгаланбаяр “Чинжүү, салат навч зэргийн үнэд энэ жил бараг өөрчлөлт ороогүй. Харин өргөст хэмх “хаданд гараад” удаж байна. Өнгөрсөн жил 800-1000 төгрөгөөр бөөндөж авдаг байсан бол энэ жил 3500 хүрсэн. Одоо нийслэлийн худалдааны төвүүдэд монгол өргөст хэмх Хятадаас орж ирснээсээ өндөр үнэтэй байгаа” гэж ярив. Мөн тэрбээр шинэ ургацын ногоо гарсан даруй үнэ өсдөг байдал жил бүр хэвшил болсон тухай нэмж өгүүлсэн. Тэгвэл тээвэрлэлтийн зардал, ашиг шингэсэн өмнөд хөршийн өргөст хэмх, сонгиноос эх нутгийн хөрсөнд “өндийсөн” энэ төрлийн ногоонууд дотоодын зах зээл дээр яагаад илүү үнэтэй байдаг нь бүр ч сонирхолтой. Энэ байдлыг иргэд харин “Биднийг мөлжиж байна” гэдэг ойлголтоор хүлээж авсаар бас л багагүй хугацааг туулаад байна.
Үнэндээ “Үндэсний үйлдвэрлэл” гэдэг гоё үгээр далимдуулан зах зээлийн бус ханш тогтоож иргэдийг хохироодог байдал манай худалдааны төвийнхөнд бий. Өөрөөр хэлбэл хэзээ, хаана ургасан нь тодорхойгүй “Шинэ ургац” гэсэн товчхон тодорхойлолттой хүнсний ногоог бид хилийн цаанаас олон шат дамжлагаар зөөж оруулж ирсэн хүнснээс өндөр үнээр хэрэглэж буй. Мэдээж хэзээ хаана ургасан нь тодорхойгүй юм чинь яаж тээвэрлэж, хадгалж байсныг бодоход бүр ч төвөгтэй. Цөөхөн жишээ өгүүлэхэд, яг өчигдрийн байдлаар газар тариалангийн бүс нутаг болох Дархан-Уул аймгийн худалдааны төвд кг төмс 500-600 төгрөгийн ханштай байна. Мөн Төв аймгийн Баянчандмань сумын тариаланч Х.Даваабат Яармагийн хуучин эцсийн автобусны зогсоол орчимд “Портер” дээрээс кг төмсийг 600 төгрөгөөр худалдаалж ашиг олж болж байна. Тэрбээр “Төвийн бүсийн тариаланчид яг одоогийн байдлаар кг төмсийг 500 төгрөгөөр бөөндөж өгч байгаа. Бусад ногоог ч мөн адил хямдралтай үнээр өгдөг. Учир нь, өөрсдөө жижиглэнгээр худалдан борлуулах боломж байдаггүй” гэв. Тэгвэл үнийн энэ зөрүүтэй байдлыг салбарын мэргэжилтнүүд “Агуулах байхгүй” гэдэг шалтгаанаар тайлбарладаг. Одоогоор улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны зориулалттай 197.5 мянган тонн багтаамжтай 9700 гаруй агуулах ашиглаж байгаа нь хүн амын хэрэгцээг бүрэн хангах зорилтот ургацын 56 хувийг хадгалах боломжтой гэсэн тооцоо гарч байна.
Д.Ганбаатар
МОНГОЛЫН ҮНЭН

Сэтгэгдэл (0)