Г.Ганбаясах: Гэр бүлийн хүчирхийлэл ноцтой хэмжээнд хүрлээ
- 2017-09-14
- Нийтлэл
- 0

Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.ГАНБАЯСАХТАЙ ярилцлаа.
-Та сүүлийн үед жендерт суурилсан хүчирхийллийн талаар нэлээд ярих болсон. Яагаад онцлох болов?
-Сүүлийн үед хэвлэл мэдээллээр жендерт суурилсан хүчирхийллийн тухай хөндөн бичих болсонтой холбоотой. Гэхдээ сэтгүүлчид гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн ганц нэг тохиолдлыг бичиж байна. Миний бодлоор жендерт суурилсан хүчирхийллийг цогцоор бичих нь бага байна. Тодруулбал, жендерт суурилсан хүчирхийллийг мэдээ маягаар бичих биш үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж яаж шийдвэрлэх, бодлогын хувьд ямар байх ёстойг цогцоор нь гаргаж өгвөл хүмүүст илүү ойлгомжтой болно. Ер нь нийгэмд мэдээлэл ямар хэмжээнд яаж хүрэх вэ гэдгийг дөрөв дэх засаглалынхны мэдээлснээр хүмүүс хүлээн авч, ойлгодог. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчдийн мэдээлснээр олон нийт тухайн асуудалд ханддаг учраас энэ талын эерэг зөв мэдээллийг өгч байх хэрэгтэй юм. Тиймээс л нэлээд анхаарал хандуулан ажиллаж байна.
-Жендерт суурилсан хүчирхийлэл гэж яг юуг хэлээд байна. Манай оронд энэ төрлийн ямар хэрэг давамгайлдаг бол?
-Манайд гэр бүлийн хүчирхийллийг түлхүү ярьж байна. Яагаад гэвэл гэр бүлийн хүчирхийлэл Монголд ноцтой хэмжээнд хүрээд байна. Үүнийг ил гарган тавьж байгаа хэвлэл мэдээллийнхний оролцоонд талархахгүй байхын аргагүй. 2016 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлахгүй хойшлуулахад хэвлэлийнхэн эрчимтэй дуугарч, зорилго нэгдэн тэмцсэний үр дүнд тус хуулийг баталж, өнөөдөр хэрэгжүүлээд явна. Дээр хэлсэнчлэн гэр бүлийн хүчирхийллийн дараа бэлгийн хүчирхийлэл орно. Цагдаагийнхан өдөрт нэг, жилдээ 300 орчим хэрэг бүртгэж байна. Гэтэл үүний цаана бүртгэгдээгүй маш олон тохиолдол байна. Өмнө нь ч би онцолж байсан. Ураг төрлийн хүчирхийллийг ихэвчлэн нуун далдалж, эцэг, эх нь хоорондоо тохиролцоод өнгөрөөчихдөг. Мөн эмэгтэйчүүдийн хувьд бусдад хүчиндүүлсэн тохиолдолд тохиролцсон гэх нэрийдлээр буюу хүйсийнх нь хувьд буруутгах хандлага түгээмэл байна. Сүүлийн үед эрчимтэй гарч байгаа хүн худалдаалах гэмт хэрэг болон ажлын байран дахь бэлгийн дарамт үүнд бас багтана. Эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө энэ гэмт хэргийн хохирогч болоод байна. Энэ асуудлыг л бид жендерт суурилсан хүчирхийлэл гэж нэрлэж байгаа юм.
-Жендерт суурилсан гэхээр яалт ч үгүй эмэгтэйчүүдийн эрхийн тухай ярих болно. Ер нь эмэгтэй хүнийг үгүйсгэсэн хэлц үг байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Эмэгтэй хүнийг үнэгүйдүүлэхийн тулд гаргасан хэлц үг байдаг. “Эмэгтэй хүн тулганаасаа дээш гарах эрхгүй”, “Бүсгүй хүний үс урт, ухаан богино” гэх мэт. Хэрвээ энэ үг үнэн байсан бол тухайн үед өрхийн зул хүжийг хэн өргөж, тоосыг нь хэн гөвөх байв. Ийм маягаар эмэгтэй хүнийг илт үгүйсгэсэн, эрхийг нь хязгаарласан зүйл дээр хэлсэнчлэн Манжийн үеэс үүдэлтэй болох нь судалгааны явцад байнга анзаарагддаг. Энэ байдлыг социализмын үед квотын системээр зохицуулаад эхэлсэн. Гэвч ардчиллын үед энэ нь асар ихээр алдагдсан. Эмэгтэй хүнийг хүнийх нь хувьд буюу нөхөн үржихүйн эрүүл мэнд талаас нь сурталчилдаг болсон. Шийдвэр гаргах төвшинд оролцоог нь хязгаарладаг эрчүүд энэ байр суурь руугаа илүү ордог. Тэгэхээр бид үүний сөрөг үр дагаврыг хангалттай харж байна. Мөн үүнээс болж тэнцвэргүй байдал нийгэмд үүсч байна. Ер нь аливаа асуудлыг эрэгтэй, эмэгтэй буюу арга билэг талаас нь тэнцвэртэй байлгах ёстой. Аль нэг нь доголдчихвол аливаа зүйл идэвхгүй болно. Ямар ч төрлөөр шийдвэр гаргасан аль аль талынх нь байр суурийг сонсдог, оролцоог нь бүрэн хангадаг байх учиртай гэж бид үзээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийгэмд эмэгтэй хүний дүр төрхийг хэр сайн эзэгтэй вэ гэдгээр биш хийж байгаа ажил үйлсээр нь бахархан таниулах учиртай юм.
-Жендерийн тэгш эрхийн асуудлаар загвар болж байгаа ямар орон байна вэ?
-Дэлхий нийтэд загвар болж байгаа улс бол мэдээж өндөр хөгжилтэй орнууд байна. Ялангуяа Скандинавийн орнууд Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийг бодитоор нь хэрэгжүүлж чаддаг. Жишээ нь, хүүхдээ харахад ээж, аав хоёрт нь ээлжлэн зургаан сарын чөлөө олгодог. Аль аль нь хүүхдээ харах үүрэгтэй. Иймэрхүү маягаар зохицуулсан хууль маш олон.
-Сэтгэл санааны хүчирхийлэл нийгэмд их байна гэдэг. Энэ нь ямар байдлаар илэрдэг вэ?
-Сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг нь тухайн хүнийг доромжлох байдлаар илэрдэг. Гэр бүлийн гишүүн болон ойр дотнын хүмүүс нь дуугаа өндөрсгөх байдлаар анх илэрч энэ нь даамжирсаар тухайн хүнийг амиа хорлоход хүргэх зэрэг олон асуудал үүсч байна.
-Эдийн засгийн хохирол барагдуулна гэж ярихаас биш сэтгэл санааны хохирлыг авч үзэж барагдуулдаг газар байна уу?
-Сэтгэл санааны хохирлыг өнөөдрийг хүртэл шүүхээр нөхөн төлүүлж чадахгүй байна. Яагаад гэвэл хохирлыг яаж тодорхойлж, тэр хүнд ямар хэмжээний хохирол учраад байгааг мэдэхгүй байна. Тодруулбал, эдийн засгийн хувьд ямар хэмжээний хохирол нөхөн төлүүлэх вэ гэдэгт манайхан хараахан туршлага сууж амжаагүй.
Б.Даариймаа

Сэтгэгдэл (0)