Мал, малын гаралтай түүхий эд Эмээлт захад хяналтгүйгээр нэвтэрч байна
- 2017-09-18
- Нийтлэл
- 0

Сонгинохайрхан дүүргийн XXI хороо буюу бидний хэлж заншсанаар “61-ийн гарам” орчимд малын гоц халдварт шүлхий өвчний шинэ тохиолдол тун саяхан илэрчээ. Энэ талаар тус дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатар “Өвчний шинэ тохиолдол дахин илэрсэн тул Онцгой байдлын алба, эрүүл мэндийн байгууллага, дүүргээс баг гарч хорио цээрийн дэглэмээ сунган ажиллаж байна” гэв.
Тэгвэл яамнаас өгсөн мэдээллээр, энэ онд долоон аймаг, нийслэлийн 29 сум, дүүрэгт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Одоогийн байдлаар Төв, Дундговь Сүхбаатар, Хэнтий Дорноговь аймгийн 10 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа аж. Шүлхий өвчин туссан малаас дээж авч , шинжилгээ хийлгэхээр ОХУ- руу явуулсан учир тохирсон вакциныг ирэх сарын 28-нд ОХУ- аас нийлүүлэхээр болжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, сүүлчийн 10 гаруй жилийн хугацаанд нийслэлд шүлхий өвчний 19 удаагийн тохиолдол бүртгэсэн байдаг аж. Гэвч аль ч энэ удаагийнх шиг нээлттэй байсангүй. Өөрөөр хэлбэл, салбар яам, хотын захиргааны зүгээс нийслэлийн иргэдийг айдаст автуулахгүй гэдэг шалтгаанаар энэ төрлийн мэдээллийг зориуд “далдалдаг” байсан ч байж мэдэх.
Тэгвэл энэ жилийн тухайд улсын баяр наадмаас хойш Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэлээс шүлхий өвчин салсангүй. Энэ таагүй мэдээлэл иргэдийн дунд айдас болон хүрч байна. Ийм нөхцөлд “Эмээлт”, “Баянзүрх” зэрэг түүхий эдийн захаар эрүүл хонь худалдаалж байгаа гэдэгт итгэхэд бүр бэрх юм. Учир нь, Сонгинохайран, Налайх дүүрэгт малын гоц халдварт өвчин дэгдээд одоо хүртэл хэвийн байдалд нь оруулж дөнгөөгүй байна. Одоогийн байдлаар хойд хөршөөс ирүүлэх вакцинаас өөр гарц, хонгил алга.
Тэгвэл өнгөрсөн бямба гаригт түүхий эдийн “Эмээлт” захад малын худалдаа наадмын өмнөх үеэс ч илүү өргөжжээ. Бог мал худалдах зориулалтын хашаануудаас гадна 20 орчим портер эгнэн зогсч малын худалдаа эрхэлж байна. Амралтын өдөр болоод ч тэр үү хөл хөдөлгөөн их байв. Хонь худалдан авахаар ирсэн иргэдийн дийлэнх нь тухайн зах дээр “муулуулж” байж гэртээ харьдаг байна. Тус захад 20 гаруй нядлагч байдаг бөгөөд тэд нэг богийг 15 мянган төгрөгийн үнээр төхөөрдөг. Мөн толгой шийр, өвчүүг нийтэд нь найман мянган төгрөгөөр хуйхалдаг үйлчилгээ ч тус захад бий.
Энд Төв, Өвөрхангай, Дундговь, Архангай, Булган, Орхон аймгаас малчид амьд хонь тээвэрлэн ирж, нийслэлийн иргэдийн махны хэрэгцээг хангаж буй. Энэ нь махны үнэ өсөх, ченжүүдийн давуу байдал бий болохоос сэргийлэх талтай ч “Эрүүл хүнс” гэдэгт ямар ч баталгаа алга байгаа юм. Мэдээж малаа нийслэлд оруулж ирж буй малчид, ченжүүд эрсдэл гаргахгүйн тулд гарал үүслийн бичиг авсан байх нь ойлгомжтой. Харин сум орон нутгийн мал эмнэлэг бүх малд онош тавьж тээвэрлэхийг зөвшөөрдөг гэвэл дэндүү өрөөсгөл ойлголт юм. Үүний эсрэг талд өвчтэй мал нийслэлийн худалдааны төвд орж ирсэн байх өндөр магадлалтай гэсэн үг. Мал эмнэлэг үржлийн газрын тайлангаас үзвэл 2015 онд л гэхэд 21аймаг, нийслэлийн хэмжээнд боом, галзуу, цусан халдварт, листериоз, иж балнад, шөвөг яр, сохор догол зэрэг нийт 17 төрлийн мал амьтны халдварт өвчин бүртгэгджээ. Давхардсан тоогоор 406 суманд 729 удаа малын гоц халдарт өвчин гарсан байх юм. Ганцхан жилийн үзүүлэлт хэмээн тайвширч болох хэдий ч тийм биш гэдгийг батлах өөр бас баримт бий. Тухайлбал, Засгийн газраас 2012-2016 оны хооронд гоц халдварт өвчнөөр өвчилсөн малыг “Нөхөн төлбөр өгөх боломжгүй” гэдэг шалтгаанаар устгалд оруулаагүй байдаг. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд малын гоц халдварт өвчний дэгдэлт буураагүй гэсэн үг. Мөн өнгөрсөн жилийн сүүл хагаст л гэхэд шүлхий, мялзан өвчний голомтыг дарахын тулд Засгийн газраас 13.2 тэрбум төгрөг зарцуулсан бол Сонгинохайрхан дүүрэгт наадмаас өмнө шүлхий өвчтэй 130 орчим үхрийн нөхөн төлбөр олгох замаар тэмцээд байна. Цаашлаад өдөр ирэх бүр энэ өвчний гаралт нэмэгдэж байгаа учир хамгийн багаар бодоход нөхөн төлбөрт олгох мөнгөн дүн өснө гэсэн үг. Цаашлаад тус бүсэд ажиллаж буй 120 орчим мэргэжилтэнд шаардлагатай санхүүжилт, вакцин, ариутгал зэргийг тооцвол харамсмаар өндөр өртөг гарч таарна. Ийм байтал түүхий эдийн захуудаар маш бага хяналттайгаар мал оруулж ирэх нь иргэдийн эрүүл мэнд хийгээд улсын төсөвт ч дарамт болно гэдгийг нийслэлийн удирдлагууд мэдэж баймаар юм. Одоогийн байдлаар тус захын ченжүүд хонийг 80-120 мянган төгрөгөөр худалдаж байгаа бол ямааны үнэ 50 мянгаас эхэлж байна. Энэ нь наадмын өмнөх үеэс ойролцоогоор 80 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Тодруулбал, долоодугаар сарын эхээр тус захад шүдлэн эр хонийг 120, эм хонь 130 мянгаас эхлэн үнэлж байв. Өвөрхангай аймгийн Өндөр-Улаан сумаас 50 гаруй хонь ачиж ирэн худалдаж буй Б.Шинэхүү “Энэ амралтын өдрүүдэд багтаагаад борлуулж амжих байх. Ер нь худалдан авалт зунаас өссөн” гэж ярив. Тэрбээр нийслэлд малын гоц халдвар дэгдээд байгаатай холбогдуулан хяналт шалгалт чангараагүй тухай ч өгүүлэв. Мөн Төв аймгаас Хүй долоон худаг орчимд нүүдэллэн ирж хонь, ямаа худалдаж буй Д.Даваадулам “Хонины үнэ өдөр ирэх бүр буурч байна. Гэтэл тээврийн зардал, шатахуун түлшний үнэ хэвээрээ. Малчид энэ хэрээр алдагдал хүлээж байна гэсэн үг. Иймээс нийслэлд ойрхон ирж мал худалдах нь бага зэргийн ашигтай байна” гэв. Харин малын үнэ буурах болсон шалтгааныг тус зах дээр 10 орчим жил мал худалдаалж буй н.Оюунцэцэг “Хонины үнэтэй байх үе нь наадмын өмнө. Харин намар болохоор оюутан сурагчдын хичээлийн бэлтгэл, сургалтын төлбөрийн бүрдүүлэлт эхэлдэг болохоор үнэ өсдөггүй” гэж тайлбарлаж байна. Маш товчхондоо тус захын ченжүүдийн хэлж буйгаар, малын гаралтай түүхий эд болон амьд мал тус захаар чөлөөтэй нэвтэрч байгаа гэнэ. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудаас лавлахад “Гоц халдварт өвчний голомт биш учраас хэвийн байгаа” гэсэн хариулт өгч байна. Сонирхуулахад тус захад үхрийн шир хамгийн урт нь 40 мянган төгрөг байгаа бол хонины нэхий, ямааны арьс өлөнтэйгээ таван мянган төгрөгт хүрчээ. Ингэснээр энэ ханш сүүлийн хоёр жилийн оргил үзүүлэлт болж байна.
Д.Булган
МОНГОЛЫН ҮНЭН

Сэтгэгдэл (0)