УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээнэ

 

УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг. Харин энэ жилийн тухайд  дээрх өдөр ням гариг таарч байгаа тул УИХ-ын намрын чуулганыг аравдугаар сарын 2-нд нээх ажээ.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах асуудал багтсан байна.

Чуулган мөн эхний өдрүүдийн хуралдаанаараа  Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль, Төрөөс 2018 онд баримтлах Мөнгөний бодлого зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэнэ.

УИХ-ын хаврын чуулганы төгсгөлөөр энэ намрын чуулганаар 17 хуулийн төслийг хэлэлцэхээр урьдчилсан байдлаар товлоод байгаа бөгөөд цаг үеийн байдлаас хамаарч нэмэлт асуудлууд орж ирэхийг үгүйсгэхгүй.  Тухайлдбал, чуулганы эхний өдрийн хуралдаан Засгийн газрын тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцэхээр болж байгаа.

 

Тогтоолын төсөл батлагдсанаар намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Үүнд:

  1. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  2. Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  3. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
  4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
  5. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
  6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
  7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  10. Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
  11. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  12. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
  13. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  14. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  15. Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  16. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  17. Бусад гэсэн асуудлыг багтаажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)