У.Хүрэлсүх: Тамга сольж, сандал ширээ зөөхгүй
- 2017-09-26
- Улс төр
- 3

МАН-ын Бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдад 63.9 хувийн саналаар нэр дэвшсэн Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх аравдугаар сарын эхээр хуралдах ээлжит бус чуулганаар тохоон томигдоно. Түүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн 43 гишүүн дэмжиж байгаа учир асуудал тодорхой юм.
Гэхдээ түүнийг Ерөнхий сайд болоод юу хийх вэ, хэрхэн ажиллах вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.
Ямар ч байсан У.Хүрэлсүх Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийхгүй гэдгээ хэлжээ.
Өвөл болж байхад шинээр яам тамгын газар байгуулахгүй, ажлаа шуурхайлна гэсэн байна. Өвөл хаяанд ирсэн байхад тамга сольж, сандал ширээ зөөж явахын оронд ажлаа шуурхай хийнэ гэжээ.
Улс төрийн доргилтоор аймаг орон нутгийн удирдлагад өөрчлөлт орохгүй.
Үүний оронд төрийн хэт төвлөрсөн удирдлагыг орон нутагт шилжүүлж, орон нутгаа хөрөнгө санхүүгээр дэмжиж ажиллана гэсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын өр 24 их наядад хүрч,ДНБ-тэйгээ бараг тэнцүү болсон. Он гараад их хэмжээний бондын өрүүд төлөгдөх гэж байгаа, үүний бэлтгэлийг хэдэн сарын өмнөөс хангах ёстойг Бага хурлын гишүүддээ хэлсэн байна.
Монголчууд эрдэс баялаг, уул уурхайн салбараа хэтэрхий их шүтэж ирснийг өөрчилж, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн салбараа хөл дээр нь босгох ажлыг хийхээ мөн амласан нь Бага хурлын гишүүдэд таалагджээ. Тэрбээр “Атрын 3”-р аяныг үргэлжлүүлэн хийж, үр дүнд хүргэнэ гэсэн байна.
Түүнчлэн хоёр хөршийн харилцааг эрхэмлэж ажиллахаа илэрхийлжээ. Хоёр хөршийн харилцаанд улстөрийн зарим алдаа гарсныг засаж залруулахаа илэрхийлжээ.
МАН-ын Бага хурлын гишүүдэд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хийх ажлын зорилго, хэлсэн үг таалагдсан учраас 63.9 хувийн санал авсан гэж эх сурвалж хэллээ.
Б.Амараа

Сэтгэгдэл (3)
Zochin (122.201.24.30)
Harjil baiya.
(202.21.112.202)
"Хоёр хөршийн харилцаанд улстөрийн зарим алдаа гарсныг засаж залруулахаа илэрхийлжээ" гэсэн байна. МАШ ЗӨВ. женкогийн алдааг засч, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй шүү. Женкогийн хэлсэн үгнээс "монголчууд Далай ламыг урих гэж байна" гэж хятадууд ойлгоод нүүрс худалдаж авахаа зогсоох гээд бгаа ш дээ. Юу үнэн тэр үнэн
Зочин (202.21.103.138)
Хэр сайн сайд байхыг харжил байя даа. Хүлээлтэй байгаа шүү. Амжилт