Л.Энх-Амгалан: Засгийн газар өөрчлөгдсөн ч бодлого тогтвортой байж, гаргасан шийдвэрийг үргэлжлүүлнэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /НББСШУБХ/-ны дарга Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг нар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын номхон далайн баруун бүсийн захирал Шин Ян-Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэд энэ сарын 25-27-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд ноён Шин Ян-Сү манай улсад долоон жилийн дараа дахин ирж байгаа аж.

НББСШУБХ-ны дарга Л.Энх-Амгалан “ДЭМБ Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэлт өөрчлөлтийг тууштай дэмжин байнга туслалцаа дэмжлэг үзүүлдэг хамгийн чухал донор байгууллагын нэг. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030” бодлогын баримт бичиг ДЭМБ-ын “Нэг ч хүнийг орхигдуулахгүй” гэсэн зорилт, зорилготой нэг байгаа. Энэ удаагийн УИХ, Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө эрүүл мэндийн салбарт хамгийн том зорилт тавьсан. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийг 2020 он гэхэд амжилттай хэрэгжүүлж, элэгний С вирусийн халдварыг зогсоож чадвал бүс нутагтаа сайн жишиг тогтооно.

Монгол Улсын Засгийн газраас халдварт болон халдварт бус өвчний эсрэг олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Манай улс гурван сая гаруй хүн амтай. Ийм хэмжээний хүн амд бодлого нь тодорхой, хэрэгжилт нь үр дүнтэй байвал эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн нэг бүрт хүргэх бололцоотой. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар өөрчлөгдсөн ч МАН УИХ-д 65 суудалтай. Тиймээс өмнөх Засгийн газрын бодлого тогтвортой байж, гаргасан тогтоол, шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллана” гэлээ.

А.Цогцэцэг: Эрүүл мэндийн тогтолцоог олон улсын жишигт хүргэх чиглэлд ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг “ДЭМБ-ын тууштай дэмжлэг, хамтын ажиллагааг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлдэг. Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн тогтолцоог олон улсын жишигт хүргэх, тусламж үйлчилгээ авч буй иргэнээ дагасан санхүүжилтийг бий болгох чиглэлд ажиллаж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлийн даатгалын тухай хууль шинээр боловсруулж 2030 он гэхэд хэрэгжүүлэх Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу тогтвортой хөгжилд хүрэх тодорхой алхмыг хийж байна. Энэхүү хамтын ажиллагааны стратеги нь бидний хамтдаа хийх ажлыг удирдан чиглүүлж, уг үзэл баримтлалын дагуу монголчуудын эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ онд 40-65 насны иргэдийн 40 гаруй хувийг оношлогоо эмчилгээнд хамруулсан. Цаашдаа 2020 онд бүх насны иргэдээ элэгний В,С вирусийн үзлэг оношлогоонд хамруулахаар ажиллаж байгаа талаараа танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар бүх иргэнийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийг зорьсон стратегийн хүчин чармайлтыг бодлого болгон хэрэгжүүлж байгаад ноён Шин Ян-Сү талархал илэрхийллээ. Мөн орон даяар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж 40 гаруй хувьтай байгаа нь дэлхийн бусад оронтой харьцуулахад өндөр хувь гэдгийг онцлоод, 2020 гэхэд элэгний С вирусгүй улс болоход бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ. Түүнчлэн Монгол Улсад зүрх судасны эмгэгээс болсон нас баралтын шалтгаан, үзүүлэлт өндөр байгаа нь хүн ам нэг газар олноор амьдардаг учир агаар, ус, хөрс зэрэг орчны бохирдолтой холбоотой. Иймд УИХ-ын гишүүдэд хүн амаа амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шинэ бодлого, гаргалгаа, гарц гаргаж ажиллахыг хүслээ.

Монгол Улс 1962 онд ДЭМБ гишүүнээр элссэнээс хойш гурван удаа Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллажээ. Хамгийн сүүлд 2010-2013 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажилласан байна. Иймд НББСШУБХ-ны дарга Л.Энх-Амгалан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны чуулганы үеэр Монгол Улс Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр 2018-2021 он хүртэл ажиллах хүсэлтэй байгааг дэмжихийг ноён Шин Ян-Сүгээс хүслээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.195)

    2017-09-27

    Байнгын хороон даргаа, Их дээд сургуулиудыг зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг, шинжлэх ухаанаа түүчээлдэг салбар болгохын тулд ужгирсан захирлуудаасаа салаачээ.Өмнөх засгийн үед хийгдсэн бүтцийн өөрчлөлтийн үр дүнг хэлэлцээчээ,,,,,