Хүлээлт үүсгэсэн олон хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ

Холбогдох хууль тогтоомжийн дагуу УИХ-ын намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг. Харин энэ жилийн аравдугаар сарын 1 амралтын өдөр буюу ням гарагт таарч байгаа. Тиймээс аравдугаар сарын 2-нд буюу ирэх даваа гарагт намрын чуулганыг нээхээр болсон. Хэлэлцэх асуудлыг өнгөрсөн хаврын чуулганаар баталсан. Энэ дагуу арав гаруй асуудлыг хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хэлэлцэх асуудал нэмэгджээ. Тодруулбал, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг шинээр байгуулах асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнээс гадна олонд хүлээлт үүсгэсэн, хуулийн хугацаанд багтаж хэлэлцэх чухал хууль цөөнгүй багтсан.

Тухайлбал, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг мөн хэлэлцэх юм. Эдгээр хуулийн төслийг чуулганаар хэлэлцэн баталснаар нийгэм болон тухайн салбарт өөрчлөлт, ахиц дэвшил бий болно гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. Дээрх хуулийн төслийг баталснаар шийдвэрлэж чадахгүй, гацаанд орсон олон бэрхшээлийг цэгцлэх боломжийг бүрдүүлэх юм. Олон нийтэд хүлээлт үүсгэсэн, цаг алдалгүй батлах шаардлагатай хуулийн зарим төслийг товч танилцуулъя.

Багшийн хөгжлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх олон заалт тусгажээ

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй гишүүд боловсруулж, зургаадугаар сард өргөн мэдүүлсэн. Холбогдох хууль эрх зүйн гурван үндэслэлээр хуулийн төслийг боловсруулжээ. Тодруулбал, Монгол Улсын Боловсролын талаар баримтлах бодлогод “...боловсролын үйл ажиллагааг хэвийн жигд явуулах орчин нөхцөл бүрдүүлэх, багшийн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлж, хөдөлмөрийг бодитоор үнэлэх”, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод "Багшийн мэргэжил, арга зүйн хөгжил болон цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлнэ", Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Багш, эмч, эмнэлгийн ажилтны ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно” гэдгийг үндэслэсэн гэдгийг хуулийн төсөл боловсруулагч тодотгосон. Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Боловсролын тухай багц хуулийг баталсан бөгөөд 2016 онд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Гэвч одоо мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ нь багш хүн өөрөө хөгжих таатай боломж, ажил хөдөлмөрөө үнэлүүлэх зохистой системийг бүрдүүлж чадахгүй байгаа аж.

Иймд дээр дурдсан хууль зүйн болон практик шаардлагыг үндэслэн Боловсролын багц хуулийн үндсэн зарчим, багшийн хөгжлийн арга хэлбэр, хөгжлийн зарим нэр томьёог оновчтой болгох, оролцоог нэмэгдүүлэх, хувь хүний хөгжил болон боловсролын хөгжил, мэргэжлийг дээшлүүлэх зэрэг багшийн хөгжлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх олон заалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар иргэд ам сайтай байгаа ч зарим нь “эцэг” хуульдаа гар хүрлээ хэмээн шүүмжилж байгаа. Гэхдээ Үндсэн хуулийг боловсруулсан 1991 оны үеэс өнөөгийн нийгэм ихээхэн өөрчлөгдсөн. Тодруулбал, нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй. Үүнийг одоогийн нөхцөл байдал ч батлан харуулж байна. Шинэ Үндсэн хуулийн дэглэм үйлчилсэн 25 жилийн хугацаанд төрийн эрх мэдэл, хоорондын харилцан хяналт тэнцлийг хангах, улс төрөөс хараат бус мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлж, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахтай холбогдсон зарим асуудлыг шийдвэрлэх шаардлага нийгмийн хөгжлөөс урган гарчээ. Иймд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг долоо хэмжиж, нэг огтлох зарчмын дагуу хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, бүтцийг эвдэхгүй улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг хэд хэдэн үе шаттай хэлэлцэн, боловсруулжээ. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар хоорондын харилцаа, эрх мэдлийн тэнцвэр, хяналтыг тодорхой болгох, шүүх эрх мэдлийн зарим асуудлыг тодотгох, нутгийн захиргааны асуудал, төрийн хяналт шалгалт, төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр зургаан багц сэдвийн хүрээнд өөрчлөлт хийсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулж, 21 аймаг, есөн дүүрэгт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн УИХ-ын гишүүд, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудлыг судалсан. Энэ мэт олон судалгаа шинжилгээ, хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг үндэслэн зургаан сэдвээр олон нийтийн дунд санал асуулга явуулсан. Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онд УИХ-д өргөн мэдүүлж байсан удаатай.

Төрийн албаны тухай хуулийг баталснаар эерэг үр дүн бий болно

Төрийн албаны тухай хуулийг 1995 оноос мөрдөж эхэлсэн бөгөөд 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Энэ хугацаанд нам төвтэй төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэхэд ихээхэн анхаарч ирсний үр дүнд тодорхой ахиц дэвшил гарсан аж. Гэхдээ цаашид чадахуйн зарчим /мерит/-д суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албаны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Энэхүү хуулийн төслийг баталснаар эерэг үр дүн гарна гэж хууль санаачлагчид үзжээ. Тодруулбал, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлдог болох нөхцөл баталгаажих аж. Мөн төрийн албан хаагч улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцох явдлыг таслан зогсоож, улс төрийн нөлөөнөөс ангид, ард түмнийхээ тусын тулд зөвхөн төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллах Үндсэн хуулийн үзэл санааг бодитоор хэрэгжүүлэх боломжтой болох юм байна.

УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ЖАГСААЛТ:

1. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
2. Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
5. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10. Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
11. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
13. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
15. Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
16. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17. Бусад

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)