Д.Ангараг: Кино бол урлаг, бизнес хоёрын зохицол

 

Хойд Америкийн киноны зах зээлд байр сууриа эзэлж, Холливудын алдартнуудтай мөр зэрэгцэн ажиллаж яваа чадварлаг уран бүтээлч болох зураглаач, продюссер Д.Ангарагтай ярилцлаа. Түүний продюссер, зургийн найруулагчаар нь ажилласан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино АНУ-ын кино театруудад гарах эрх авчээ. Монгол Улсыг дэлхийд сурталчлах бүтээл болсон “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино энэ сарын 10-нд албан ёсны нээлтээ Улаанбаатарт хийх юм. Энэ эрхэмтэй шинэ уран бүтээл хийгээд кино урлаг уу бизнес үү гэсэн сэдвээр ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

 

-Хойд Америкийн зах зээлд гарах “Чингисийн хүүхдүүд” киногоор ярилцлагаа эхэлье. Энэ кино хэр хугацаанд хэдэн төгрөгийн зардлаар бүтэв?

-Энэ кино манай улсыг төлөөлж, Монголын кино урлагийн нүүр царай болон олон улсад гарч буй анхны кино. Эх орноо кино урлагаар сурталчлах хөтөлбөрийн хүрээнд Гадаад харилцааны яам “Чингисийн хүүхдүүд” киног сонгосон. Өмнө нь манай яам, тамгын газрууд, компанийн төлөөлөл, уран бүтээлчид эх орноо сурталчлах ажлыг бие дааж хийдэг байв. Одоо тэр цаг ард хоцорч, Монголоо дэлхийд таниулахын тулд хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг төрийн болон хувийн хэвшлийнхэн ойлгосон. Энэ төслийг амжилттай хэрэгжихэд дотоодын компани, хувь хүн хамтран ажилласан юм. Олон улс дахь соёлын наадам болон кино өдрүүдэд “Чингисийн хүүхдүүд” Монголыг сурталчлах хэмжээний бүтээл болсон. Найруулагч Б.Золбаярын “Чингисийн хүүхдүүд” киноны төсөл жил гаруй хугацаанд үргэлжилсэн ба 1.2 тэрбум төгрөгийн төсвөөр бүтээсэн. Зураг авалтын дараах үйлдвэрлэлийг АНУ-д хийлгүүлсэн юм.

 

-“Чингисийн хүүхдүүд” кино АНУ- ын кино театруудад хэзээнээс гарч эхлэх вэ?

-Бид эх орондоо нээлтээ хийж, монголчууддаа хүргэснийхээ дараа дистрибютор компанидаа хүлээлгэж өгнө. Хэдийгээр “Чингисийн хүүхдүүд” кино эх орондоо нээлтээ хийж амжаагүй ч олон улсын кино наадамд оролцож байна. Хамгийн сүүлд БНХАУ-ын Олон улсын кино наадамд оролцох урилга аваад байна. Тэд хэзээ, хэрхэн гаргахаа шийднэ. Бид төслөө эхлүүлэхдээ л Хойд Америкийн кино театрын “Жи” ангилал буюу бүх насныханд зориулсан бүтээлийн эрх авахыг зорьж, төлөвлөж ажилласан.

 

-“Жи” ангилал гэж юу болох талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-АНУ-д насны ангилал авч киногоо зах зээлд гаргана гэдэг давуу тал болдог. "Жи" ангилалд багтахын тулд маш олон хяналтаар орж шалгуулдаг юм билээ. “Чингисийн хүүхдүүд” кино энэ хүнд давааг давсан Монголын анхны кино. Энэ ангилалд багтсанаар бидэнд бүх насны хүмүүс, дэлхий тэр чигээрээ нээлттэй болж байгаа юм. Насны ангилал гэдэг бол киноны зах зээл. Тиймээс бидэнд АНУ-ын зах зээл нээлттэй болсон гэж ойлгож болно.

 

 

-Та Холливуд гэдэг холын мөрөөдөлд хүрсэн Монголын анхны зураглаач, продюссер. Тэнд хүрэх зам дардан байсан уу?

-Холливуд холын мөрөөдөл биш. Хамгийн гол нь бодлоготой зөв ажиллаж, харилцаа холбоогоо хөгжүүлж чадвал боломж бүгдэд бий. Би АНУ-ын Кино зураглаачдын холбооны шугмаар Холливудад 2013 онд хөл тавьж байлаа. “Mongus Pictures” компаниа байгуулсныхаа дараа “Холливуд биднээс хол, алсын ертөнц биш юм байна” гэж бодоод АНУ-д ажиллаж үзэхээр шийдсэн юм. Өнөөдрийн нийгэм харилцаа холбоонд суурилж байна. Түүнээс “Би ийм сайн кино хийсэн. Би ийм чадвартай, мундаг” гэж яриад хол явахгүй.

 

-Гэхдээ хэдий чөлөөт зах зээлтэй ч Холливудын ертөнцийн нэг эд эс болоход өндөр шалгуур тавьдаг уу?

-АНУ бол энтертайнмент суурилсан зах зээл нь түлхүү хөгжсөн орон. Хамгийн чөлөөт зах зээл тэнд байна. Манай уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлд гарна гэвэл хэзээ ч бүтэхгүй. Кино зах зээл нь АНУ шиг чөлөөт биш. Олон хяналт шалгалтаар ордог хаалттай орон. Хятадын уран бүтээлчид ч дэлхийн зах зээлд гарахад бэрх байдаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ажиллаж, бага гэлтгүй туршлага хуримтлуулж чадсаны үр дүнд өнөөдөр АНУ-ын Кино зураглаачдын холбоо, Продюссеруудын холбоо, Австралийн Кино зураглаачдын холбоонд харьяалагдлаа. Монголын уран бүтээлчид эрсдэлийг давж чадвартай бүтээлээр Хойд Америкт өрсөлдвөл Холливудын шалгуурыг давна.

 

-Гаднын зах зээлд өрсөлдсөн Монголын кино бүтээлүүд АНУ-д дуу дүрсний тохиргоогоо хийлгэдэг. Тэгэхээр чадварлаг уран бүтээлчээс гадна сайн технологитой байж дэлхийн зах зээлд өрсөлдөх үү?

-Бэрхшээл яриад байвал мундахгүй урт жагсаалт гарна. Бид эхлээд маш сайн боловсрох ёстой. Жишээ нь, дууны тал дээр ч юм уу, техникийн албаныхан технологийг маш сайн мэддэг байх ёстой. Хойд Америкт пост продакшны ажил хийж байгаа учраас технологийн тал дээр бага зэрэг алдаанууд гардаг. Тиймээс бид маш сайн суралцах хэрэгтэй юм билээ. Мөн зах зээлд тохирсон менеэер бэлтгэх шаардлагатай.

 

 

-Гаднын зах зээл бидэнд маш хол сонсогддог байлаа. Олон улсад бүтээлээ гаргахын тулд гол нь чанартай кино хийх ёстой байх л даа?

-Мэдээж бид маш сайн кино хийх ёстой. Технологийн шаардлагад нийцсэн, стандартыг барьж хийсэн байх хэрэгтэй. Бид энэ киногоо стандартад нэлээд дөхүүлж хийсэн. Гэхдээ анхных учраас бага зэрэг алдаа оноо байгаа байх. Дараагийн кинон дээр илүү боломж, цар хүрээ байгаа юм байна гэдгийг олж харлаа. Мэдээж миний өөрийн харилцаа холбоо, танил талаар явж байна. Зөв хүнтэй зөв харилцаа холбоо тогтоох нь их чухал.

 

-Монголын жүжигчид олон улсын тавцанд гарахад хаагдмал байсан үе бий. Тэрхүү хаалтыг манай жүжигчид давсан гэж би боддог. Танд ойрхоноор жишээ авахад Хойд Америкийн зах зээлд манай жүжигчид хэр өрсөлдөх чадвартай вэ?

-Монголын жүжигчдийн дэлхийд гарах жимийг соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан татсан. Тэрбээр “Марко Поло” олон ангит кинонд тоглож, Монголын эрэгтэй жүжигчдийн нүүр царай болсон шүү дээ. Манай жүжигчид түүний жимээр явж байна. Монголын жүжигчид Хойд Америкийн зах зээлд өрсөлдөх чадвараараа бусад улсын уран бүтээлчдээс дутахгүй. Бидэнд Холливудыг байлдан дагуулах боломж бий. Гагцхүү тэр боломжоо хэрхэн гаргаж, өөрсдийгөө таниулах нь чухал. Ер нь жүжигчин хүн тайзан дээр, камерын өмнө байдаг учраас өөрийгөө зөв таниулж, сурталчлах хэрэгтэй. Ингэж өөрийгөө гоёор дэлхийд таниулсан хүн бол жүжигчин Б.Амарсайхан, Р.Анхням тэргүүтэй олон жүжигчин бий.

 

-Аль ч орны жүжигчин дэлхийн зах зээлд гарахад продюссерийн компани голлох үүргийг гүйцэтгэдэг. Манайд урлагийн агентлагийн нөлөө дутмаг гэдэгтэй та санал нийлэх үү?

-Жүжигчдийг дэлхийн тавцанд гарахад агентлаг гүйцэтгэх үүрэг асар их. Манайд жүжигчдийг зуучлах агентлагийн суурь тавигдаж байна. Зарим агентлагууд зуучлагчийн үүргээ гүйцэтгээд эхэлсэн.

 

 

-Нэг кинонд олгодог Монгол Улсын төсвөөр түүхэн сэдэвт чанартай кино хийнэ гэдэг амаргүй. Тэгэхээр олон улсын зах зээлд гарахын тулд киноноос гадна их хэмжээний санхүүгийн зарцуулалт гардаг уу?

-Хэрвээ кино урлагийг олон улсын жишгээр бизнес талаас нь авч явбал ивээн тэтгэгчид олддог. Хөрөнгө оруулагч татах, тэдэнтэй бизнесийн хүрээнд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг бодлогыг кино бүтээгчид зөв тодорхойлох ёстой. Бид АНУ- ын зах зээлд киногоо гаргах эрхийг авахын тулд багагүй мөнгө төлсөн. Ер нь Хойд Америкийн зах зээлд нэг кино гаргах гэж чамгүй хугацаа зарцуулдаг. Монголын уран бүтээлчид сайн кино хийхийн тулд нарийн төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Жишээлбэл, бид аймшгийн, инээдмийн, алаан хядаантай, эсвэл супер баатартай кино хийгээд холливудынхантай өрсөлдөж чадахгүй. Бид монгол ахуй, эх түүхээ харуулсан сэдвээр сайн кино хийчихээд тэдэнтэй өрсөлдөх хэрэгтэй. Магадгүй дотоодын зах зээлд гэдэг нэрийн дор 300 мянган үзэгчдэд зориулж кино хийвэл өөр.

 

-Тэгэхээр кино гэдэг урлаг хөлбөмбөгийн спорт шиг бизнес болжээ?

-Киног урлаг гэж үздэг нэгэн байхад бизнес гэж хардаг хүмүүс ч бий. Кино бол урлаг, бизнес хоёрын зохицол. Яг л зоос шиг. Нэг тал нь кино, нөгөө тал бизнес юм. Хослуулж чадвал аль ч салбараа барьж чадна. Манай уран бүтээлчид киногоо хэрхэн хийх вэ, хэнийг сонгож тоглуулах вэ гэдэг асуудлаа сайн шийддэг. Гагцхүү бизнес талаасаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг бодлогыг алдагдуулсан нь алдаа юм. Өөрөөр хэлбэл, манайхан кино бол арилжаа биш, урлагийн бүтээл байх ёстой гээд алддаг. Гэтэл бизнес гэдэг өнцгөөс хийгээгүй кино үзэгчгүй болдог. 100 хүнээс тав нь за магадгүй арван хүн л тэр урлагийн бүтээлийг үзнэ. Үлдсэн хувь нь хэзээ ч үзэхгүй. Магадгүй хэтэрхий арилжааны кино хийвэл 95 хүн үзэж болох юм. Гэтэл тэр кинонд урлагийн шинж чанар байхгүй бол яах вэ. Европчууд киног урлаг талаас нь бүтээдэг бол Хойд Америкт бүрэн утгаар нь бизнес болгож хөгжүүлсэн.

 

-Таныг хүүхэлдэйн киноны продюссероор ажиллахаар болсон гэж сонссон. Энэ үнэн үү?

-“Араатны хаан арслан” төслийн багт продюссерээр ажиллахаар болсон. Анх хүүхэлдэйн кино байсан ч төслийн явцад өөрчлөлт орж уран сайхны кино хийхээр болсон.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)