Шинээр яам байгуулах нь тулгамдсан асуудал биш
- 2017-10-05
- Улс төр
- 0
Засгийн газрын шинэчилсэн бүтцийг гаргаж, Аж үйлдвэрийн, Эдийн засаг хөгжлийн, Хөдөлмөрийн, Соёл аялал жуулчлал, спортын яамыг тусад нь байгуулах саналыг УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан. Энэ талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.
Б.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайдад нэр дэвшигч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахгүй гэдгээ хэлсэн учраас ямар нэгэн байдлаар өөрчлөлт хийхгүй байх. Иргэд, олон нийт нийгэмд тэгш байдал, шударга ёс бий болгохыг 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл хүсч, хүлээж байна. Гэтэл тэгш, шударга байдал биднээс улам холдож байна. Монгол Улсын байгалийн баялаг, уул уурхайг ашиглах ёстой. Гэхдээ энэ нийгэм ашиг завшаан, арилжаа наймаа, мөнгөнийх юм болохоор буруу замаар будаа тээнэ гэдэг боллоо. Одоо 3000 гаруй лиценз тараачихсан хэрнээ дахиад өргөдөл зэрэг янз бүрийн байдлаар зөвшөөрөл олгож байна. Гэтэл Оюутолгой зэрэг томоохон орд газрын үр ашгийг бид хүртэж чадахгүй, хэсэг бүлэг хүн ашигтай байдлаар эргэлдүүлдэг. Үүнийг засахгүйгээр нийгэмд тэгш байдал, шударга ёсыг бий болгоход хэцүү болов уу.
М.Оюунчимэг: -Монгол Улсын хөгжлийн төлөв байдлыг том зургаар харвал үйлдвэр худалдааг дэмжих нь чухал ач холбогдолтой. Мөн Шадар сайдад хөгжлийн бодлогыг хариуцуулдаг байх зэрэг асуудал бий. Жишээлбэл, Үндэсний хөгжлийн газар хөгжлийн бодлогыг боловсруулдаг байх ёстой. Гэтэл концессын асуудлыг зохицуулдаг ч юм шиг бодлого нь тодорхойгүй яваад байна. Тиймээс Монгол Улсын яам, агентлагын чиг үүргийг маш тодорхой болгох асуудал байгааг УИХ-д орж ирээд би харсан. Энэ мэт асуудлыг цаашид бодолцох ёстой.
Д.Сарангэрэл: -Өвөл хаяанд ирсэн энэ үед бужигнуулахгүйгээр одоо байгаа яамдынхаа хүрээнд ажиллаж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурийг Ерөнхий сайдад нэр дэвшигч илэрхийлсэн. Шинээр дөрвөн яам байгуулах саналыг АН-аас гаргасан. Үүнийг нь одоогоор хүлээж авах боломжгүй гэдгээ нэр дэвшигч бас мэдэгдсэн. Хэнийг сайдад нэр дэвшүүлэхийг бүлгийн хуралдаанаар шийднэ. Хамгийн гол нь олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, салбараа мэддэг, чадвар, сэтгэлтэй, тууштай хүнийг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж ажиллуулах нь чухал.
Д.Дамба-Очир: -Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй гэсэн. Хэрэв өөрчлөлт оруулбал, маш их хугацаа алдана. Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх шийдвэрийг намын Бага хурал, УИХ дахь МАН-ын бүлэг гээд бүх шатанд дэмжсэн. Үүнийг эсэргүүцэж, маргах асуудал байхгүй. Тиймээс эхний удаад Ерөнхий сайдаа томилчихоод, дараа нь Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд нарын асуудлыг ярих боломжтой.
С.АЗ

Сэтгэгдэл (0)