Х.Баделхан: Ипотекийн зээлийн хүүг найман хувиас доош бууруулах боломжгүй

 

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай ярилцлаа.

 

-Барилга, хот байгуулалтын салбарт хийх ажил их байгаа болов уу. Таны хувьд салбартаа нэн тэргүүнд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Барилга, хот байгуулалтын сайдын хувьд салбартаа тулгамдсан гурван гол асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг, чиглэл өгч, ажлын хэсэг байгуулсан бөгөөд ахлагчаар миний бие ажиллахаар болсон. Мөн нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлж, шийдвэрлэхээр ажиллана. Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг өмнөх Засгийн газрын үед шийдвэрлэсэн. Тодруулбал, БНХАУ-ын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хийх ажлын жагсаалтыг гаргаж, Засгийн газрын хуралдаанаар батлуулсан юм байна лээ. Үүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд хөрөнгийг нь шийдвэрлүүлж, ирэх оноос эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн салбартаа хийхээр төлөвлөсөн хамгийн том ажил бол ипотекийн зээлийн асуудал юм. Ипотекийн зээлийн төслийг 2003 оноос хэрэгжүүлж яваа. Энэ төслийг хэрэгжүүлснээс хойш 92 мянган айл орон сууцтай болж, ипотекийн зээлийн сангийн хөрөнгө дөрвөн их наяд төгрөгт хүрсэн. Уг төслийг Монголбанкны хөрөнгийн эх үүсвэрээр явуулж байсан. Харамсалтай нь, энэ жил манай улс ОУВС-тай гэрээ хийсэн учир Монголбанкны зүгээс ипотекийн зээлд мөнгө гаргах боломжгүй болчихоод байна. Тодруулбал, ОУВС-тай гэрээ хийхдээ Монголбанкыг хөрөнгө оруулалтын чиглэлийн ажил явуулахыг хориглосон шийдвэр гаргаж, гэрээнд тусгасан. Тиймээс уг төслийг цааш нь хэрхэн үргэлжлүүлэх вэ гэсэн тулгамдсан асуудал үүссэн. Нэг талдаа бэлэн болсон барилга, орон сууц байна. Нөгөө талд гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн орон байртай болох гэсэн хүлээлт байдаг. Үүнийг хэрхэн хослуулах, хөрөнгийн эх үүсвэрийг яаж шийдэх вэ гэсэн маш том асуудал байна. Эхний ээлжид улсын төсвөөс дэмжлэг үзүүлэхээр хөрөнгийг боломжийн хэмжээгээр төсөвт суулгалаа. Цаашдаа яаж явуулах, улсын төсвөөс өгсөн хөрөнгийг банкаар дамжуулаад явах уу, эсвэл банкинд зээл өгч зээлийн зөрүүг нь улсын төсвөөс хөнгөлөлт үзүүлэх юмуу, эсвэл бүр өөр хоёр, гурав дахь зах зээл хайх уу гэсэн тулгамдсан асуудал байна. Үүний хүрээнд санал, бодлого боловсруулах ажлыг нэн түрүүнд хийж байна.

 

-Зээлийн хүүг бууруулах боломж бий юү. Зээлийн хүүг таван хувь руу оруулна гэдэг асуудлыг өмнө нь ярьж байсан. Үүнийг ажил хэрэг болгох уу?

-Өнөөдөртөө зээлийн хүүг найман хувиас доош бууруулах боломжгүй. Гаднаас санхүүжилтийн эх үүсвэр орж ирсэн тохиолдолд ярьж болох юм. Харин зээлийн хүүг таван хувь болгох асуудлын хувьд сонгуулийн өмнө хэрэгжүүлэх гэж үзээд санхүүгийн эх үүсвэртэй холбоотойгоор цаашдаа хэрэгжүүлэх боломжгүй гээд зогсоосон. Судлаад үзэхэд нийт 80 мянган орон сууц бэлэн болсон болон барьж байгаа гэсэн тоо бий. Яг ашиглалтад оруулж, улсын комисс хүлээж авсан 30 мянган орон сууц байна. Жилдээ 10 мянга орчим хүн орон сууцанд ороод байвал ипотекийн зээл хэвийн үргэлжлэх юм байна. Үүний тулд 720 орчим тэрбум төгрөг хэрэгтэй. Тиймээс энэ хөрөнгийн эх үүсвэрийг олох шаардлагатай болж байна.

 

-Барилгын компаниуд нэг үеэ бодоход зээлийн урьдчилгаан дээр нэлээд уян хатан нөхцөлийг хүмүүст санал болгодог болжээ. Харин яамны зүгээс ипотекийн зээлийн урьдчилгаанд ямар бодлого барьж байгаа вэ?

-Урьдчилгаа дээр нэлээд асуудал гардаг. Судлаад үзэхэд 30 хувийн урьдчилгаагаа төлж, зээлийн гэрээ хийгээд орон сууц авах чадалтай хүмүүс нь ерөнхийдөө дуусчихсан. Одоо дандаа урьдчилгаа төлөх чадваргүй нь үлдсэн гэж хэлж болно. Тиймээс эмзэг хэсгийнхний хувьд төрөөс Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ нь хямд орон сууц бариад айл өрхөд зах зээлийн үнээс доогуур үнээр түрээсэлж байгаа хэрэг юм. Өнөөдрийн байдлаар 1500 орчим түрээсийн орон сууцыг ашиглаж байна. Дараагийн нэг төсөл нь Ногоон нуурын орчимд 1000 айлын түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнийг мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаас санхүүжүүлж байгаа юм. Энэ нь Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд гэрээ байгуулсан айлуудыг барилга ашиглалтад ортол суулгах төсөл юм. Нийт 350 сая юанийн буцалтгүй тусламжийг үүнд ашиглана.

 

-Орон сууцны ам метрийн үнэ өндөр байдаг. Гэтэл иргэд худалдаж авах чадвар бага байна. Тиймээс орон сууцны үнэ дээр яамнаас хяналт тавьж үнийг тогтоох боломж бий юү?

-Барилгын ам метрийн үнийг яамнаас тогтоохгүй. Зах зээлийнхээ өрсөлдөөнөөр явна. Улсын хэмжээнд дунджаар тогтсон жишиг үнэ байгаа байх. Гэхдээ зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж байгаа улс учраас үнийг хянах боломжгүй. Нэг үе орон сууц маш ихээр борлуулагдаж, хөрөнгө нь нэмэгдэхийн хэрээр үнэ нь өссөн. Одоо бол борлуулалт зогсчихоод байгаа болохоор үнэ ч буурсан.

 

-УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ахмадууд, багш, эмч нарыг орон сууцжуулах талаар ярьж байсан?

-Ахмад настан, багш, эмч нар болон бусад салбарынхныг орон сууцжуулах бодлогыг цаашдаа хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ яг одоогоор боловсруулсан зүйл алга. Ер нь цаашдаа үүнийг анхаарах нь зүйтэй гэж үзсэн. Улс орны туршлагыг судлах хэрэгтэй юм байна.

 

-Барилгын компаниуд олширч үүнийг дагаад чанар муутай барилга, байгууламж барьж байна гэх шүүмлэл гарах болсоор удлаа. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Барилгын компаниудыг нийт дүнгээр нь харвал орчин үеийн стандартын шаардлага хангасан барилга, байгууламж барих чадвартай болжээ. Мөн мэргэжлийн, чадвартай боловсон хүчинтэй ч болсон байна. Ялангуяа барилгын материалын үйлдвэрлэл хөгжиж, зарим материалаа өөрсдөө үйлдвэрлэх боломжтой боллоо. Тухайлбал, барилгын үндсэн гол материал болох цементийг гаднаас авахгүйгээр дотоодоосоо бүрэн хангах болсон. Мөн арматурыг дотоодоосоо хангах төслийг хэрэгжүүлж байна. Тэгэхээр ерөнхийд нь дүгнэж хэлэхэд, барилгын салбарын материаллаг бааз сайн болж, барилгын компаниуд ч орчин үеийн стандартын шаардлага хангасан барилга барих чадвартай болсон. Гэхдээ тухайлсан ажил, объектийг гүйцэтгэхдээ чанаргүй хийж байгаа дутагдал их гарч байна. Учир нь, тендер зарлаж шалгаруулахдаа жинхэнэ бодит байдлаар тухайн компанийг шалгаруулахгүй, ар өврийн хаалгаар авч байна. Ингэж шалгарсан газар нь цаасан дээрээ сайхан хэрнээ амьдрал дээр ажлын туршлага байдаггүйгээс нэлээд асуудал дагуулдаг. Үүний уршгаар он удаан жил дамжиж, өртөг нь нэмэгдэж байгаа объект олон байдаг юм байна. Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллагатайгаа хамтарч зогсоох арга хэмжээ авна. Ер нь барилга барих стандарт шаардлагыг өндөржүүлэх хэрэгтэй.

 

-Барилгын салбарын төсөв хөрөнгө хэр байдаг юм бол. Сүүлийн үед эдийн засгийн хүндрэлээс болж төсвийг ихээр танаж байгаа шүү дээ?

-Өнгөрсөн жил баталсан энэ оны төсөвт ямар нэг объект нэмж барих хөрөнгө тусгаагүй. Өмнө барьж эхэлснийгээ дуусгахаар шийдвэрлэсэн байсан. Энэ оны хувьд зарим нэг шаардлагатай сургууль, цэцэрлэг буюу нийгмийн чанартай тулгамдсан асуудлыг оруулж байгаа. Ирэх жилийн төсвийн хувьд сургуулийг ямар ч байсан хоёр ээлжээр хичээллэдэг болгоно. Цэцэрлэгийг нэмэгдүүлнэ гэсэн тэргүүн зэргийн зорилт тавьсан. Ер нь хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа.

 

-Хөдөө орон нутагт Орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ ажил хэр үргэлжилж байна вэ?

-Хөдөө орон нутагт Орон сууц хөтөлбөрийг хоёр чиглэлээр хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, ипотекийн зээлийн хүрээнд, хоёрдугаарт, есөн аймагт түрээсийн орон сууц хөтөлбөрийг, хөдөө, хот нийлээд өнөөдрийн байдлаар 1500 орчим түрээсийн орон сууцыг эргэлтэд оруулсан.

 

-Барилгын салбарын хууль эрх зүйн орчин хэр байна. Та цаашдаа юунд анхаарал хандуулж ажиллах вэ?

-Барилгын тухай хуулийг 2015 онд баталсан. Уг хуулийг хэрэгжүүлэх 40 орчим журам заавар гарах ёстой. Үүнийг салбарынхаа хүрээнд батлаад, хэрэгжүүлээд явж байна. Саяхан баталсан энэ хуульд ерөнхийдөө бүх зүйлийг тусгасан байгаа.

 

-Цэвэрлэх байгууламж барих асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэнэ гэж та хэллээ. Ер нь цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал ямар байна вэ. Ажлаа юунаас эхлүүлэх вэ?

-Төв цэвэрлэх байгууламжийг анх 1965 онд барьсан. Үүнээс хойш багахан хэмжээний өөрчлөлт, шинэчлэлт хийсэн боловч өнөөдрийн шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, цэвэрлэсэн ус нь стандартын шаардлага хангахгүй, бохир усаа Туул гол руу цутгадаг. Энэ нь дотроо хоёр хэсэгтэй юм байна. Нэг нь цэвэрлэх байгууламжийн усыг цэвэршүүлэх, нөгөө нь Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой бохирын үнэрийн асуудал байна. Цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш өдийг хүртэлх 50 гаруй жилийн хугацаанд хураагдсан 600 мянган шоо метр лаг байна. Тэр нь халуун болон бороо орсон үед дэвтэж муухай үнэр гардаг юм билээ. Тиймээс юун түрүүнд лагийг зайлуулах асуудал байна. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг 10-аад жил ярьж байна. Өмнө нь Японы ЖАЙКА төслөөс ТЭЗҮ гаргаж байсан. Энэ нь эхлээд шинэчлэл хийж өргөтгөх, цаашдаа шинээр байгуулж болох гэсэн 2013 онд хийсэн ТЭЗҮ. Дараа нь цэвэрлэх байгууламжийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хэлэлцээд “Шинэчлэх нь зүйтэй, Яаралтай ТЭЗҮ хийх ёстой” гэж үзээд үүний үндсэнд Францын “Артилла” компанитай гэрээ байгуулан Улаанбаатар хотоос төсвийг нь гаргаж, таван тэрбум орчим төгрөгөөр ТЭЗҮ бэлэн болсон. Тиймээс уг ТЭЗҮ-д үндэслэн цэвэрлэх байгууламж барих асуудлыг ярих, ойрын хугацаанд буюу ирэх сард багтааж шийдвэрлэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед концессын тендер зарласан юм билээ. Үүнд Хятадын хоёр компани ороод, эцэст нь концессоор барих боломжгүй гэсэн шийдвэр гарсан байдаг. Учир нь, манай айл өрхөөс авдаг бохир усны хураамжийн тариф бага, тэр хураасан дээр улсаас татаас өгөх ёстой юм байна. Гэтэл улсаас татаас өгөх боломжгүй гэснээс концессоор барих боломжгүй болсон юм билээ. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ.

 

М.Энхцэцэг

 

-Төсөв хөрөнгийг хэрхэн шийдэхээр болсон бэ?

-Төсөв хөрөнгийг нь судалж байна. Цэвэрлэх байгууламж барьж өгөхөөр санал тавьж байгаа улс, орон, төсөл бий. Тэр бүгдтэй уулзаж судалж байна. Тухайлбал, Японы ЖАЙКА төсөлтэй уулзахаар төлөвлөсөн. Мянганы сорилын сангийн хүрээнд нэлээд асуудлыг шийдэж байна. Солонгосын КОЙКА төсөл бий. Туркийн ТИКА төсөл буюу Буянт-Ухаагийн цэвэрлэх байгууламжийг барьж байна. Тэдэнтэй уулзаж судлаад ойрын хугацаанд шийдвэрээ гаргана. Бохирын үнэрийг дарахын тулд ирэх оны төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө суулгаж, өөрсдөө зохих хэмжээгээр нь шийдвэрлэх бодолтой байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)