Д.Дамба-Очир: Томоохон бүтээн байгуулалтыг зоригтой эхлүүлэх ёстой
- 2017-11-02
- Улс төр
- 0

-Ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Хэр зэрэг төсөв болсон гэж үзэж байна вэ?
-Зардлаа бууруулж, орлогоо нэмэгдүүлсэн нэлээд чамбай төсвийг УИХ-д өргөн барьжээ. Энэ жил нүүрс, зэсийн үнэ нэмэгдсэнээс үүдэн 900 гаруй тэрбум төгрөг нэмэлтээр төсөвт орж ирсэн. Тиймээс энэ оны төсөвт тодотгол хийж, тодорхой асуудалд хуваариллаа. Харин ирэх жилийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7.2, зарлага 9.6 их наяд төгрөг байхаар тооцжээ. 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай гэсэн үг. Тиймээс төсвийн алдагдлыг аль болох бууруулах хэрэгтэй.
-Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх талаар ирэх оны төсөвт тусгах боломж бий юү?
-Энэ асуудлаар ОУВС-гийнхантай уулзаж шийдвэрлэх хэрэгтэй.
-Ирэх онд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилга барихаар төсөвт тусгасан бэ.
-Энэ онд ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Өнгөрсөн онд бид төсвийг тодотгосон ч тухайн үед нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан учраас хөрөнгө оруулалтын ажлыг яалт ч үгүй танасан. Тиймээс ирэх онд хөрөнгө оруулалт зайлшгүй хийх хэрэгтэй. Тухайлбал, гурван ээлжээр хичээллэдэг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжтэй болгох, цэцэрлэгийн 80 хувиас дээш гүйцэтгэлтэй барилгын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж ашиглалтад оруулах зэрэгт хөрөнгө оруулалт хийхээр тусгасан. Мөн БСШУСЯ-ны концессоор сургууль, цэцэрлэг барихаар ярьж байна.
-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшийг хэдээр тооцож, ирэх оны төсөвт тусгасан байна вэ?
-Зэсийн тонн тутмыг 5000 ам.доллараар тооцсон. Харин алт болон нүүрсийг өнөөдрийн ханшаар тусгалаа. Ирэх онд эрдэс баялгийн үнэ ханш одоогийн байгаагаас нэмэгдэхээс буурахгүй болов уу.
-Ам.долларын ханшийг төсөвт хэдээр тусгасан бэ. Цаашид үнэ ханш нь хэлбэлзэх болов уу?
-Одоогийн байгаагаас ам.долларын ханш нэг их нэмэгдэхгүй болов уу.
-Төрийн албан хаагчдад бэлэн мөнгө тарааснаар ам.долларын ханшид өөрчлөлт орохгүй юу?
-Гайгүй дээ. Яагаад гэвэл, нэгдүгээрт манай улс ам.долларын нөөцтэй. Хоёрдугаарт, Монголбанкны хүү өндөр, 12 хувьтай байна. Тэгэхээр ам.долларын үнэ ханш өсөх нь гайгүй болов уу.
-Манай ам.долларын хэр зэрэг нөөцтэй байна вэ?
-Монголбанк тэрбум 700 гаруй сая ам.долларын нөөцтэй байгаа.
-Нийгэм, эдийн засгийн хямралаас гарч, одоогийн байгаа нөхцөл байдал цаашид сайжрах хандлага ажиглагдаж байна уу?
-Ирэх онуудад томоохон бүтээн байгуулалтыг зайлшгүй хийхгүй бол ажилгүйдэл, эдийн засгийн хямралаас гарах боломжгүй. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станц. Мөн нүүрс, зэс зэрэг эрдэс баялгийг боловсруулж, экспортлох зэргээр том бүтээн байгуулалтын ажлыг зоригтой эхлүүлэх хэрэгтэй. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өр зээлийг цаг тухайд нь барагдуулах, гаднын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт эерэг нөлөө үзүүлж байна.
-УИХ-ын гишүүний хувьд Ерөнхийлөгчийн хоригийн талаар та ямар байр суурьтай байна вэ. Хоригийг хүлээж авах ёстой юу?
-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёсгүй. Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр олон жил ажилласан, энэ талаарх зүй тогтлыг сайн ойлгож мэддэг хүн бол Ч.Хүрэлбаатар. Тиймээс нийгэм, эдийн засгийн энэ хямралын үед Сангийн сайдын үүргийг гүйцэтгэх ёстой гэж УИХ-ын гишүүд үзэж, хоригийг хүлээж аваагүй.
С.ЮМСҮРЭН

Сэтгэгдэл (0)