Халтиргаанаас болж бэртэж, гэмтсэн иргэдийн тоо эрс нэмэгджээ

 

Саяхныг хүртэл налгар намрын дулаахан өдрүүд үргэлжилж, охид бүсгүйчүүд шилэн оймс, өндөр өсгийтөөр гангарч байлаа. Гэтэл сүүлийн гурав хоногт өндөр өсгийт байтугай намхан гутал дээрээ хамаг биеэ чангалж, хөлийн шөрмөс нь татчих вий гэлтэй бээцийн явах боллоо. Учир нь, Улаанбаатарт өнгөрсөн даваа гарагт орсон цасны улмаас халтиргаа үүсч хотын гудамж мөсөн гулгуурын талбай болоод байна. Үүний улмаас халтиргаатай гудамж, талбайд унаж бэртсэн иргэдийн хөлд гэмтлийн эмнэлэг дарагдах болжээ. Тус эмнэлэгт энгийн үед өдөрт 300 гаруй хүн ирж тусламж, үйлчилгээ авдаг байсан бол сая орсон цасны улмаас энэ тоо эрс нэмэгджээ. Тиймээс ГССҮТ-д бодит байдал ямар байгааг сурвалжлахаар зорив.

ГССҮТ-ийн гаднах талбайд автомашин тавих зайгүй, дотор нь хөл гишгэх газаргүй шахам бөгөөд ёолох, ярвайх хүмүүсийн царай угтлаа. Хүлээн авахын эмчид үзүүлэх гэсэн олон хүн дугаарлан зогсчээ. Суга таяг тулсан, гараа сойж боосон, зарим нь өрөөсөн хөлөн дээрээ догонцон яваа харагдана. Эдгээрийн олонх нь халтирч унаснаас бэртсэн гэдгийг хүлээн авахын эмчтэй ярьж байгаагаас мэдэж болохоор байв. Тухайлбал, Нарантуяа гэдэг эгч гэрийнхээ гаднах цасыг арилгаж яваад халтирч унаснаас гараа гэмтээжээ. Тэрбээр “Манайх Эмээлтэд байдаг. Гэр хол болохоор ирж амжилгүй байсаар өнөөдөр ирлээ. Өвчин нь ч нэмэгдсэн. Хугарсан эсэхийг нь мэдэхгүй байна” гэж байлаа. Энэ зуур 60 орчим насны хүн “Халтираад уначихсан чинь ууц, нуруугаар хатгаад байна” гэсээр дарааллын урдуур орж ирэв. Хүлээн авахын эмч түүнийг үзээд нурууны зургийг авахуулах зуур тэр хүн хөдөлж чадахгүй болж, орь дуу тавьсаар дамнуурга дээр гарч, эмчилгээний өрөө рүү явсан. Энэ мэтээр халтиргаа, гулгаанаас үүдэлтэй гэмтэл бэртэл авч ГССҮТ-д хандах иргэдийн тоо эрс нэмэгджээ. Тодруулбал, сүүлийн хоёр хоногт ГССҮТ-ийн Хүлээн авах тусламжийн тасгаар үйлчлүүлж байгаа иргэдийн 50 гаруй хувь нь халтиргаа, гулгаанаас болж бэртэж, гэмтсэн байна. Хүлээн авахын эмч нар чөлөө завгүй үзлэг хийж байсан бөгөөд энэ зуур Хүлээн авах тасгийн их эмч Б.Эрболдоос дараах зүйлийг тодрууллаа.

 

Б.Эрболд: Цас орсон өдөр 600 орчим хүн тусламж, үйлчилгээ авсан

 

-Өнгөрсөн даваа гарагт орсон цасны улмаас халтиргаа, гулгаа ихэсч энэ хэрээр гэмтсэн иргэдийн тоо эрс нэмэгджээ. Хүлээн авахаар өдөрт хэчнээн хүн ирдэг байв, одоо ачаалал ямар байна вэ? -

Өнгөрсөн есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл ГССҮТ- ийн Хүлээн авахын яаралтай тусламжийн тасагт өдөрт 350-аад хүн тусламж, үйлчилгээ авдаг байсан. Харин өнгөрсөн даваа гарагаас энэ тоо эрс нэмэгдэж, өдөрт 500-600 орчим хүн тусламж авлаа. Цас орсон өдөр 600 гаруй хүн ирсэн. Үүнээс 50 орчим нь хэвтэн эмчлүүлж байна. Хүлээн авахаар тусламж, үйлчилгээ авах иргэдийн тоо эрс нэмэгдсэн нь халтиргаа, гулгаатай шууд холбоотой.

 

-Халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл авсан хүмүүс ихэвчлэн ямар эрхтнээ гэмтээж байна вэ?

-Дунд чөмөг, шилбэний хугаралтай хүмүүс түлхүү ирж байна. Дээр нь шуу ясны хугаралтай хүн маш их буюу өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин нэмэгдсэн.

 

-Тархи толгойны гэмтэл авсан хүн ирж байна уу?

-Дагзаараа савж унаснаас тархинд нь цус хурсан тохиолдол байна. Тархинд цус хурсан бол амь насанд аюултай учраас зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.

 

-Насны хувьд авч үзвэл хэдэн насныхан түлхүү унаж бэртэж байна вэ?

-40-60 насныхан илүүтэй ирж байгаа ч дундаж насныхан ч бас байгаа. Бага насны хүүхдийн хувьд сургууль, цэцэрлэгийн амралт таарсантай холбоотойгоор харьцангуй цөөн байна. Өдрийн цагаар ахмадууд харин шөнийн цагаар залуус их ирж байгаа.

 

-Унаж бэртсэн хүмүүс юуны түрүүнд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ. Зарим хүн хөнгөн гэмтлийг өөрсдөө эмчилчихдэг тал бий?

-Халтирч унаад түүнийгээ тоохгүй орхих нь их байна. “Халтираад уначихсан юм. Гайгүй байхаар нь гэртээ хэд хонож байгаад ирлээ” гэх мэтчилэн ярьж, гэмтсэн даруйдаа эмнэлгийн байгууллагад үзүүлэлгүй явсаар хүндрүүлчихээд ирдэг. Тиймээс унаж бэртвэл шууд Гэмтлийн эмнэлэгт хандах хэрэгтэй. Бэртэл авсан бол нэг хоноод л хүндэрч маш их хаван, хавдар үүсдэг. Ингэснээр арга хэмжээ авахад гэмтсэн хүндээ ч, эмч нарт ч хүндрэл үүсгэдэг. Тиймээс шууд л эмнэлэгт хандахыг зөвлөе. Өдөрт 170 гаруй хүн гипс тавиулж байна Халтирч унаснаас зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан сар, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай болдог аж. Харин гар, хөлөө хугалж гипс тавиулбал доод тал нь 2-3 сар болох бөгөөд хөдөлмөрийн чадвартай болтлоо багагүй хугацаа шаардлагатай. Гэтэл ГССҮТ-д өдрийн найман цагт 40 гаруй, оройн ээлжид 70 орчим хүн гипс тавиулдаг байна. Харин сүүлийн гурав хоногт буюу цас орсон өдрөөс хойш өдрийн цагаар 70 гаруй, оройн ээлжид 100 орчим хүн гипс хийлгэж байгааг сувилагч нь хэлж байлаа. Угтаа бол халтиргаанаас болж хөдөлмөрийн чадвараа алдсан хүний тоо хоёр дахин нэмэгджээ. Ийнхүү гипс хийлгэхээр зогсч байсан залуугаас хэрхэн гэмтсэнийг асуухад, “Манайх X хороололд байдаг. Гарч яваад гэрийнхээ хажууханд халтирч унасан. Гарын шууны яс хугарсан. Тиймээс гипс хийлгэ гэсэн. Улаанбаатарт жаахан цас ороход л халтиргаа гулгаа их болчих юм. Ялангуяа орон сууцны дундах цасыг цэвэрлэдэггүй болохоор мөс тогтож явахын эцэсгүй болчих юм. Тиймээс цасыг цэвэрлэх хэрэгтэй шүү дээ” гэв.

Улаанбаатарын явган хүний зам, хавтан гял цал, гялгар гөлтгөр гэж жигтэйхэн. Ийм зам дээр иргэд унаж бэртэх нь их байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төв талбайгаасаа эхлээд албан байгууллагын үүд, талбай нь бүхэлдээ уран гулгалтын зам болж хувирдаг. Ёстой л нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөгөөний дагуу “оцон шувуу” шиг л явахгүй бол тархиа хага савах нь энүүхэнд.

Замын хөдөлгөөний дүрэмд аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмынхоо 50 метр газрын цас мөсийг цэвэрлэнэ гэсэн журам бий. Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн гаднах 50 метр газрын арчилгаа болон цас мөсийг цэвэрлэх үүргийг хүлээсэн юм. Энэ үүргээ биелүүлээгүй, хариуцсан 50 метр газрынхаа цас мөсийг цэвэрлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжид нэхэмжлэл гаргах эрхтэй. Харин олон нийтийн талбайд унаж бэртвэл гомдлоо хотын захиргаанд гаргаж болох юм. Гэхдээ халтирч уначихаад гомдол гаргах бус иргэд өөрсдөө анхаарал болгоомжтой байхыг сануулах нь илүүц биз.

 

М.Энхцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)