Гишүүдтэй холбоотой асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэнэ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох тухай хэлэлцэхэд УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой хэмээн үзжээ. Тодруулбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн сонсгол зохион байгуулах ажлыг судлах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хорооны байгуулсан Ажлын хэсгийн хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын томилгоотой холбогдуулан Томилгооны сонсгол зохион байгуулах эсэхийг хэлэлцэж, УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн лавлагаа, сонсгол явуулах санал гаргасан гишүүдийн тайлбар зэргийг сонсч танилцжээ. Нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуульд нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журмыг УИХ батлахаар заасан боловч томилгооны сонсголыг ямар албан тушаалтанд явуулахыг нарийвчлан заагаагүй аж. Мөн энэ талаарх журмыг баталж гаргаагүй учраас эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна гэж Ажлын хэсгийн гишүүд үзсэн байна. Тиймээс Элчин сайдыг томилох, эгүүлэн татахыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдтэй холбогдсон асуудлыг Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэжээ.

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)