Н.БАЯРАА: ОЛИМПИЙН ЭРХ АВАХАД ИХ ХАРИУЦЛАГА ДАГАЖ ИРСЭН

    Саяхан Катарын нийслэл Доха хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд буудлагын тамирчид багаараа хүрэл медаль хүртэж, ОУХМ Н.Баяраа 60 сумаар 600 онохоос 593 онож олимпийн эрх авсан. Хүсэл мөрөөдөл, эрч хүчээр дүүрэн яваа түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе. -Та Катарын нийслэл Доха хотод болсон Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Үүнээс яриагаа эхлэх үү? -Өнгөрсөн сарын 3-нд буудлагын баг 30 хүний бүрэлдэхүүнтэй Катарын нийслэл Доха хотод очоод найман хоног бэлтгэл хийж байгаад, энэ сарын 13-ны өдөр тэмцээн эхэлсэн. Олимпийн эрхийн төлөө өрсөлдсөн болохоор олон орны чадварлаг баг тамирчид ирсэн. Тэр дундаас хамгийн хүчтэй өрсөлдөгч Солонгос улсын тамирчин байсан. Би урт бууны төрөлд оролцож 60 сумаар 600 онохоос 593 онож, олимпийн эрхээ авсан. Энэ төрлийн хамгийн өндөр оноог Хятадын тамирчин 598 онож авсан. Ер нь дэлхийд 600-аас 600 оносон Хятад, Энэтхэг, Орос, Тайланд гэсэн улсуудын дөрвөн тамирчин л байдаг юм билээ. -Яагаад буудлагын спортыг сонирхож хичээллэх болов? -Би буудлагын спортоор хичээллээд зургаан жил болж байна. Анх сонирхоод л хичээллэж эхэлсэн. Эрэгтэй хүүхдүүд багаасаа бөх барилдаж, нум сум харваж, буудалцаж тоглож өсдөг болохоор сонирхолтой санагдсан байх. Дараа нь энэ спортод дурлаж эхэлсэн дээ. Бүх л спорт хүнээс их тэсвэр тэвчээр шаарддаг. Тийм болохоор спортод дуртай. Спорт хүнийг жинхэнэ хүмүүжүүлдэг гэж боддог. Би ШУТИС-ийн Геодезийн ангид сурдаг л даа. Нэг сөрөг тал нь тамирчин хүмүүсийн хувьд хичээл ном жаахан орхигдоод байдаг. Гэхдээ би хоёуланг нь амжуулаад явах юмсан гэж боддог доо. -Буудлагын спорт тамирчин хүнээс ямар зан чанарыг шаарддаг вэ? -Ер нь тайван, тэвчээртэй зан чанарыг л шаарддаг. Олон цагаар дасгал сургуулилт хийхээр ядрах үе байдаг. Гэхдээ шантрахгүй байх хэрэгтэй гэж боддог. Буудлага бол оюуны спорт. Хүнээс маш их тэвчээр шаарддаг. –Лондонгийн олимпод ард түмнийхээ итгэлийг тээгээд явах гэж байгаа сэтгэгдэл ямар байна вэ? -Олимпийн эрх авах тэр мөчид надад ямар их үүрэг хариуцлага ирж байгааг ойлгосон. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж, ард түмнээ баярлуулах юмсан гэж л бодож байна. Удахгүй С.Адилбиш багштайгаа Эрдэнэт хот уруу бэлтгэлд гарах гэж байна. Өөртөө байгаа бүх хүчийг ашиглан бэлтгэл сургуулилтаа сайн хийнэ. -Ямар ямар уралдаан тэмцээнд оролцож байсан бэ? -Би өнгөрсөн жил “Универсал-2011” тэмцээнд амжилттай оролцож байсан. Саяхан болж өнгөрсөн танай сонины нэрэмжит “Сүхбаатарын Мэргэн бууч” тэмцээнд бага калеберын бууны зургадугаар дасгалд тэргүүн байр, есдүгээр дасгалд гуравдугаар байр, хийн бууны төрлөөр хоёрдугаар байр эзэлсэн.

UNEN.MN

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)