“Хакүхог тайван орхи”

Саяхан гарсан Японы TBS телевизийн “Үэда Шиньягийн Saturday journal” нэвтрүүлэг Сүмогийн холбоо, Таканохана, Хакүхо гэсэн 3 талын байр суурийг бодолцсон, бусад нэвтрүүлэгтэй харьцуулахад тайван нэвтрүүлэг байлаа гэж бодож байна. Сүүлийн үед Японы хэвлэл мэдээлэл тэр чигээрээ Хакүхог “Ялж л байвал боллоо гэж боддог” гэх зэргээр шүүмжилж байгаа ч миний бодол өөр. Дээр дурдсан нэвтрүүлэгт ч “Монгол сүмочид сүмо бөхийн уламжлал, ёс заншил, ариун гэгээн байдлыг хангалттай сайн ойлгодог, мэддэг. Гэхдээ мэргэжлийн сүмод нэгэнт өрсөлдөөний зарчим үйлчилж байгаа хойно ялалтын төлөө зүтгэх нь аргагүй шүү дээ” гэсэн тайлбар гарч байлаа. Энэ “Ариун гэгээн байдал” гэдэг нь бурхан шашны үйлээс өөр ойлголт.

Сүмо бөх бол орчин үеийн систем, өрсөлдөөн, арилжаа, мэргэжил зэрэг талаас харахад эртний өв уламжлалаа хадгалангаа орчин үеийн спортын шинж чанарыг нэвтрүүлсэн мэргэжлийн спорт гэж би боддог. Яагаад гэвэл одоо бидний үзэж байгаа сүмо бөх нь эртний урлаг, үзвэр, шашны ёс заншлын тал нь багасч, ялалт ялагдал нь бөхчүүдийн амьдралын түвшин, цол зэргийн ялгааг гаргадаг болсон болохоор тэр. Товчхон хэлбэл сүмо бөх спортын уралдаан хэлбэрт орж, хадгалагдан үлдсэн ёс заншил нь сүмог улам үнэд оруулж байгаа юм.

Сүмо бөхийн уламжлалыг эсэргүүцэж байгаа юм биш ч эртний уламжлалт үндэсний ёс заншил болох сүмо бөх орчин үеийн зугаа цэнгэлийн нэг төрөл болсон, өөрөөр хэлбэл мэргэжлийн спорт болсон сүмо бөх хоёр өөр зүйл юм. Сүмо бөхчүүд ёс зан заншлыг дээдлэн тахихдаа гол нь биш мэргэжлийн тамирчны хувьд бэлтгэл хийн, зиндаагаа ахиулахыг хүсдэг. Өрсөлдөөний энэ ертөнцөд ялахыг чухалчлах нь ойлгомжтой. Мэдээж соёл, өв уламжлал чухал ч орчин үеийн сүмо бөхөд Ёкозүна цолтны талаар ташаа ойлголт байгаа мэт санагддаг. “Ёкозүна бол бурхан”, “Ёкозүна бурхантай ижил” гэж хэлдэг ч ёкозүна цолтныг шийтгэдэг нь ёкозүнаг бурхан биш, жирийн хүн гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Энэ өнцгөөс харахад Япон бол үнэхээр хачирхалтай орон. Сүмо бөхөд ёкозүна болоход бурхан мэт өндөр зиндаанд өргөн мандуулдаг ч нөгөө талаас нь харвал Японд хүн Бурханыг бүтээгээд, бас өөрсдөө буулган унагаадаг гэж харагдана. Хүн, бурханы энэхүү харилцаа нь ч тун хачирхалтай. Сүмогийн холбоо тухайн бөхийг бурхан болох чанартай эсэхийг Ёкозүнагийн зөвлөлд хариуцуулж, хэвлэл мэдээлэл хэр сайн бурхан болохыг нь шүүнэ. Ялангуяа муу бурхан байвал тун ихэд баярлан, Ёкозүна байх чанаргүй хэмээн түүнийг “нураан сөнөөж” эхэлдэг. Өөрөөр хэлбэл алдаа гаргасан бурхан болох ёкозүна тэр чигээрээ адгийн амьтан болон хувирч, жирийн хүнээс ч дорд үзэгдэж эхэлдэг. Ингэхээр хэвлэл мэдээлэл болон сүмо нь Бурханд шийтгэл оноодог аймшигтай газар болж таарна. Дээр дурдсанчлан энэ бүх зүйл бол ёкозүнаг бурхан гэдгийг өөрсдөө үгүйсгэсэн хэрэг болно. Сүмогийн холбоо, хэвлэл мэдээлэл Ёкозүнаг бурхан гэж шүүмжилж байгаа биш сүмогийн хамгийн өндөр цолтон гэдэг утгаар нь шүүмжилж байгаа. “Ёкозүна бол бурхан” гэсэн үгнийхээ эсрэгээр мах цусан махбодитой хүн гэдгээр нь хэт дайрч байгаа биш үү. Мэргэжлийн сүмогийн түүхэнд яагаад ёкозүна нарын асуудал их гардаг талаар ч бодож үзэх хэрэгтэй.

Сүмо бол дэлхийд гайхагдсан сайхан соёл, заншил, мөн гайхамшигтай спорт мөн. Гэхдээ тогтсон хуучны үзэл бодлоосоо салахгүй бол энэ мэт асуудал цаашдаа ч гарна, сүмо бөх даяарчлагдахад ч их саад хохирол учруулах юм.

Хакүхо Монголын телевизийн ярилцлагад орохдоо “Би сүмо барилдахдаа биеэ орхиж, сэтгэл санаагаа 80 хувь, ур чадвараа 20 хувь бэлтгэдэг. 100 хувь бэлэн байж сайн амжилт гаргадаг” гэж ярьсан. Энэ бол Хакүхогийн барилдаан, түүний замнал. “Хакүход ёкозүна хүний сэтгэл зүй дутдаг гэж ярьдаг зарим хүн хэчнээн буруу бодож байсан нь мэдэгдэж байгаа биз. Өөрөөр хэлбэл тэд Хакүхогийн гаднах байдлыг дүгнээд дотоод сэтгэлийг нь хараагүй, харахыг ч хүсээгүй гэсэн үг юм. Хэвлэл мэдээлэл ч мөн адил. Мэдээж аварга хүн соёл заншлаа хүндлэн, цолондоо тохируулан биеэ авч явах ёстойг бас дурдах нь зүйтэй.

 

Японы Эрүүл мэнд, спортын их сургуулийн дэд профессор, доктор Бат-Очирын Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (66.181.185.84)

    2018-01-05

    та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 50-80 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална. мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй . https://goo.gl/zzx1jE