Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 6 хүн амиа алджээ
- 2018-01-11
- Нийтлэл
- 0

Төрсөн эцэгтээ заазуурдуулсан тавхан настай хүү, гар хөлөө хугартал ээждээ зодуулсан охин, шүүх хурлаас гарч яваад нөхөртөө 12 удаа хутгалуулж амиа алдсан эмэгтэй, амбаарт гурван жил хоригдсон хүүгийн тухай биднийг цочирдуулсан олон хэрэг сүүлийн жилүүдэд гарав. Хамгийн сүүлд л гэхэд бага насны гурван хүүхдээ эхнэрийнхээ хамт хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Хэргийг сөхвөл, Х гэгч нь 39 настай эхнэр, 4, 6, 11 настай хүүхдүүдээ хэрцгийгээр хөнөөж, эцэст нь өөрийнхөө амийг егүүтгэсэн байдаг. Энэ хэргийн гол зангилаа архи, хаалттай хаалганы цаана өрнөж буй гэр бүлийн хүчирхийлэлтэй шууд холбоотой гэдгийг албаныхан хэлэв. Учир нь, хэрэг үйлдсэн Х гэгч нь энэ аймшигт үйл явдлаас амьд гарсан 14 настай дагавар охиноо 10 настайгаас нь хүчирхийлж байсныг цагдаагийнхан шалгалтын явцад тогтоосон байна. Хаалттай хаалганы цаана өрнөж буй гэр бүлийн хүчирхийлэл ямар их аюул учруулдгийг энэ жишээнээс харж болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн батлаад нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 757 гэмт хэрэг гарчээ. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт улсын хэмжээнд 198 эрүүгийн хэрэг үүсгэн шалгасны 130 буюу 65.6 хувь нь нийслэлд гарсан. Мөн нийслэлд гарсан захиргааны зөрчлийн 0.6 хувийг буюу 2028 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүссэн зөрчил байна. “Захиргааны хариуцлагын тухай” хуульд зааснаар зөрчил гаргасан 449 хүнд торгох арга хэмжээ авч, “Зөрчлийн тухай хууль” зөрчсөн 1579 хүнд баривчлах шийтгэлийг ногдуулсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн нэг жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн дуудлага мэдээлэл 2.2, зөрчил гурав дахин нэмэгдсэн. “Өнгөрсөн жил гэр бүлийн хүчирхийллийн улмаас зургаан хүн амь насаа алдсан” гэж НЦГ- ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн ахмад Э.Баярбаясгалан онцлов. Тэрбээр “гэмт хэргийн хохирогчдын 90 хувь нь эмэгтэй, долоон хувь нь хүүхэд, гурван хувь нь эрэгтэйчүүд гэсэн тоо байна. Тэдний эрхийг хамгаалахын тулд хохирогчийг түр хамгаалах байр 2014 онд байгуулсан. Тэр цагаас хойш 1500 хүнийг хамгаалалтад авсан. Өнгөрсөн онд л гэхэд 267 иргэнийг хамгаалалтад авсан” гэв.
Энэ нь зөвхөн цагдаагийн байгууллагад хандсан дуудлагын тоо. Үүний цаана хэчнээн хүн, ялангуяа хүүхэд өдөр бүрийг айдастай өнгөрүүлж байгаа бол гэж бодохоор сэтгэл өвдмөөр. Далд хэлбэртэй, дахин давтагдах шинжтэй энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид байнгын дарамт, айдас дор өдөр хоногийг өнгөрүүлж байна. Манайд гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах эрх зүйн орчин байхгүй биш байгаа. Хүний эрхийн төлөөх байгууллагууд олон удаа шаардлага хүргүүлсний эцэст “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийг батлаад арван жил өнгөрсөн. Мөн “Хүчирхийллийн эсрэг хууль”, Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах болон Хүүхдийн эрхийн конвенц гэж бий. Гэсэн ч хүчирхийлэл нэмэгдсээр байгаа нь хуулийн хэрэгжилт муугаас гадна эрх зүйн орчин бүрдээгүйг харуулж байна.
НЦГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Э.Баярбаясгалангаас дараах зүйлийг тодрууллаа.
Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭГЧ 1598 ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛСАН
-Өнгөрсөн жилд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэчнээн хүнийг баривчилж, хариуцлага хүлээлгэсэн бэ?
-2017 онд нийслэлийн хэмжээнд 1598 хүчирхийлэл үйлдэгчийг баривчилсан. Зөрчлийн тухай хуульд зааснаар 7-30 хоногийн хугацаанд саатуулж, хариуцлага хүлээлгэсэн. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд нэмэгдсэн том заалт оруулсан нь хүчирхийлэл үйлдэн, шүүхээр шийтгэл хүлээсэн хүмүүсийг баривчлаад зогсохгүй зан үйлийг нь өөрчлөх сайн аав, сайн ээж, гэр бүлийн гишүүн байлгах албадан сургалтад явуулж байна.
-Саатуулсан хүмүүсээс давтан хүчирхийлэл үйлдсэн хүн бий юу?
- Энэ төрлийн хэргийг гурван удаа давтвал гэмт хэрэг болж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч дахин давтан хэрэг хийсэн нь бага. Өнгөрсөн онд 20 хүн л давтан хэрэг хийсэн байна.
-Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж нас барсан хэдэн хүн байна?
-2017 онд зургаан хүн нас барсны нэг нь насанд хүрээгүй хүүхэд байсан.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (0)