Бид тэднийг дэмжсэн ч тэд биднийг өчүүхэн ч бодсонгүй
- 2018-01-19
- Нийтлэл
- 0

Монголчуудын уламжлалт баярын нэг болох Цагаан сар тун удахгүй болно. Сар хүрэхгүй хугацаа үлдсэн тул хүмүүс аль хэдийнэ бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Жилд ганц тохиох уламжлалт баяраар айл өрх бүр өнгөлөг, элбэг хангалуун байхыг хичээдэг. Мөн зочдыг дайлж цайлахын зэрэгцээ гарын бэлэг өгдөг бичигдээгүй уламжлал бий. Иймд сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэм жиж, нэг нэгэндээ Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн бэлэглэе гэдэг уриалга, санал санаачилгыг дээр дооргүй өрнүүлэх болов. Ёстой л төрийн үе үеийн гурван өндөрлөгөөс эхлэн УИХ-ын гишүүд, олны танил дуучин, жүжигчин гээд олон нийтэд нөлөөлж болохуйц хүн бүр ийм уриалга дэвшүүлж, тэр хэрээр үндэсний үйлдвэрлэгчид чамгүй олон хэрэглэгчтэй болсон. Түүний нэг нь би, уншигч та ч байж магад. Өөрөөр хэлбэл, сүүлийн хэдэн жилд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлага хүмүүсийн дунд тогтож, тэр дундаа Цагаан сараар монгол хүний ур ухаан, оюун билэг, хүч хөдөлмөр шингэсэн бараа, бүтээгдэхүүн солилцох болов. Ингэснээр их биш ч гэлээ монгол хүн ажил, орлоготой болж, гадагшаа гарах мөнгөний урсгал дотооддоо тогтох нь тэр. Хэдэн жилийн өмнө нөхцөл байдал одоогийнхоос тэс өөр байсныг хүн бүр биш юмаа гэхэд үндэсний үйлдвэрлэгчид мартаагүй биз ээ.
Гэтэл сүүлийн үед юу болох нь тэр вэ. Үндэсний үйлдвэрлэгчдэд эргэлзэх, итгэл алдрах болов. Тэд өөрсдөө хүмүүсийг ийм байдалд хүргэсэн. Тэр талх, хиам, гурилан бүтээгдэхүүнээс хадаас, хурууны боолт, скоч зэрэг тийм, ийм зүйл гарлаа гэх бол энүүхэнд. Санамсаргүй байдлаар эсвэл өрсөлдөгч тал санаатай хийсэн байж болно гээд хэрэглэгчид олон удаа чимээгүй өнгөрүүлж байсан тохиолдол бий. Харин энэ удаад яавч дуугай өнгөрүүлж үл болом нэгэн асуудлыг Ж.Батбилэг гэдэг хүн баримттай дэлгэжээ. Тодруулбал, энэ хүн үндэсний үйлдвэрлэгч гэх тодотголтой “Витафит” компанид дөрвөн жилийн өмнө хариуцлагатай жижүүрээр ажиллахдаа хийсэн нууц бичлэгээ цахим хуудастаа саяхан оруулж, асуудлыг ил болгов. Хугацаа нь дууссан дөрвөн төрлийн жүүсний код буюу он сарыг сольж буй дүр зургийг бичлэгт буулгасан байна.
Ж.Батбилэг цахим хуудастаа “Бичлэг хийж явахдаа хараад үнэхээр цочирдсон. Ямар газар ямар хүмүүс (цөөн тооны)тэй ажиллаад байгаагаа үнэхээр гайхсан. “Витафит” группийн цөөн тооны хүн амралтын өдрөөр буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 13-нд үйлдвэр дотроо бусад ажилчдаасаа нууцаар 2014 оны долоодугаар сарын 30-нд хугацаа нь дууссан “Bio” брэндийн дөрвөн төрлийн жүүсийг 2015 оны гуравдугаар сарын 1-нээр хугацаа нь дуусахаар огноог нь засан кодлох гэж байгааг баримтжуулсан. Энэ бичлэгийг би хийсэн бөгөөд өөрийн нүдээрээ энэхүү үйлдлийг харсан. Амралтын өдрөөр мэргэжилтнүүд хариуцлагатай жижүүрээр гардаг бөгөөд тус өдөр миний ээлж таарсан юм. Би үйлдвэрүүдээр явж, юу хийж байгаатай танилцах ёстой байсан болохоор үүнийг олж мэдсэн. Харин тус өдрөөс хойш хэд хоногийн дараа үүнээс болон бусад төрлийн ундаанаас ажилчдад (ойролцоогоор 700 хүн байх) цалинд нь суутгал хийн тараасан. Хугацаа дууссан бүтээгдэхүүнийг дахин хугацаа дуусаагүй мэтээр кодлохыг мэдсэнээр би “Витафит” группэд ажиллаж байгаагаараа бахар хахаа больж, он сарыг нь солих шийдвэрийг гаргаж байсан этгээдэд эрүүгийн хариуцлага тооцуулах ёстой гэсэн бодлоо нийгэмд түгээмээр санагдсаар ирлээ. Бичлэг хийсэн, ярьсан яриа маань үнэн гэдгийг хаана ч хэлэхэд би бэлэн. Өмнө нь айдаг байлаа. Харин бидний монголчууд зөв зүйлээ өмөөрөхтэйгөө болсон. Маш олон хүн элдэв төрлийн өвчин (хугацаа нь дууссан түхий эдээр хийсэн, үйлдвэрлэснээс хойш хугацаа нь дууссан хүнснээс болсон байх)-өөс болж зовж шаналж, хорвоогоос зүй бусаар одож байгаад гүнээ харамсч байна” гэжээ.
Олон нийтэд ил болсон энэхүү мэдээллийг ‘’Витафит’’ групп гүтгэлэг гэж үзэн хуулийн байгууллагад хандахын сацуу Мэргэжлийн хяналтын газраар холбогдох шинжилгээг хийлгэж байгаа гэнэ. Энэ асуудлын үнэн мөнийг шүүх байгууллага тогтоох биз. Гэхдээ хүн чихээр сонссон биш нүдээр харсан зүйлдээ итгэдэг юм.
Ингэж л үндэсний үйлд вэрлэлээ дэмждэг, дэм жихийг бодож яваа олон хүний халуун сэтгэл рүү ус цацав. Энэхүү бичлэгт гарах “Витафит” компани бол Монголын үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг. Уг нь бусад үйлдвэрлэгчдэд үлгэр дуурайл үзүүлж, хугацаа нь дууссан бараа, бүтээгдэхүүнээ устгалд оруулж байх учиртайсан. Ер нь үндэсний үйлдвэрийн төдийгүй импортын хугацаа нь дууссан аливаа бараа, бүтээгдэхүүнийг устгалд орууллаа гэдэг мэдээлэл би л хувьдаа сонссон удаагүй. Бодитоор харж ч байсангүй. Гэтэл үүний гол учир нь, үүнд байж. Тухайн компани, аж ахуйн нэгж хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг бус зөвхөн ашиг орлогоо бодож ийм үйлдэл гаргадаг байх нь. Хүнсний бүтээгдэхүүн хүний эрүүл мэнд, цаашлаад амь настай шууд хамааралтай байдаг. Тийм ч учраас хэрэглэгчид худалдан авалт хийхдээ хамгийн түрүүнд тухайн бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг хардаг. Гэхдээ тэд хугацаа нь дууссаныг сольсон эсэхийг мэдэхгүй бас таамаглах ч үгүй. Хэрэглэгчид үйлдвэрлэгчдэд зөвхөн итгэдэг. Товчхондоо, хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёрын итгэлцэл дээр үйлдвэрлэл, үйлчилгээ тогтдог гэж болно. Гэтэл хэрэглэгчдийн итгэл, сэтгэл рүү үйлдвэрлэгчид ус цацдаг нь харамсалтай. Тухайлбал, Монголд үйлдвэрлэж савласан бараа, бүтээгдэхүүний кг дутуу байх тохиолдол хэдэнтээ гарч байсан. Нэг кг гурилыг ойролцоогоор 800 граммаар савлаж худалдаалсан бодит жишээ бий. Ийм байдлаар үйлдвэрлэгчид граммаар луйвардаг аргад гаршсан гэж болно. Үндэсний үйлдвэрлэгчид энэ мэт зөрчил, дутагдал олонтаа гаргадаг ч бид тэднийг аль болох дэмждэг. Мөн төр, засгийнхан ч тэдэнд хөнгөлөлттэй зээл, тусламж олгож хөл дээрээ тогтох нөхцөлийг бүрдүүлдэг, бас хэрэглэгч болохыг олон нийтэд уриалдаг. Гэтэл эцэст нь хэрэглэгчид хохирч байна. Хатуухан хэлэхэд үндэсний үйлдвэрлэгчид төр, засаг руу, хэрэглэгчид рүүгээ нулимж байна.
Дээр дурдсан үйл явдал цаг хугацааны хувьд нэлээд хожуу боловч хэрэг хуучирдаггүй гэдэг юм. Бас өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг дахин давтаагүй, цаашид ч давтахгүй гэх баталгаа үгүй. Тэднийг бид чадлынхаа хэрээр дэмжсэн ч тэд биднийг өчүүхэн төдий ч бодсонгүй дээ.
С.Юмсүрэн
МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

Сэтгэгдэл (0)