“Чимээгүй тахал”-аас сэргийлэхэд зөв зохицуулалт хэрэгтэй
- 2018-03-30
- Эрүүл мэнд
- 0
-МАНАЙ УЛСЫН ТАВАН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ БАЙНА-
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын анхаарлын төвд ороод байгаа нэг асуудал нь таргалалт юм. Дэлхий нийтийг аалзны тор шиг хэрж буй энэ чимээгүй тахал өдгөө манай улсын хувьд ч үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар болоод байна. Үүнийг “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний хэмжээнд явуулсан саяхны судалгаанаас харж болно. Энэхүү судалгааг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран гаргасан бөгөөд хүн амын хоол тэжээлийн байдал, эрүүл зөв хооллож чадаж байгаа эсэхэд хариулт өгч, өргөн цар хүрээг хамарч чаджээ. Судалгаагаар тав хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь, 6-11 насны хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь нь таргалалттай, 15-49 насны эхчүүдийн 46.2 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 16.5 хувь нь тарган гэсэн дүн гарчээ. Түүнчлэн 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 14.6 хувь нь тарган байгаа нь Монголын нийт хүн амын 30 орчим хувь илүүдэл жинтэй байгааг харуулж байна. Үүнээс бага насны хүүхдүүдийн дунд таргалалтын хувь өндөр байгаа нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоосон асуудлын нэг болоод байна. Энэ талаар Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн хоол тэжээлийн мэргэжилтэн Л.Мөнхжаргалаас тодруулахад “Монголын нийт хүн амын 29 хувь нь илүүдэл жинтэй буюу таргалалттай байна. Таргалалтад хоол тэжээл, дасгал хөдөлгөөн гэсэн үндсэн хоёр хүчин зүйл нөлөөлдөг. Судалгаагаар нийт хүүхдийн дунд илчлэг ихтэй, эрүүл бус, чихэр болон давс ихээр агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ өндөр гарсан. Ялангуяа Улаанбаатар хотын хүүхдүүдийн дунд энэ үзүүлэлт их байна. Тэр дундаа 6-11 настай хүүхдүүдийн 80-аас дээш хувь нь долоо хоногт нэг удаа хийжүүлсэн ундаа хэрэглэдэг. Эрүүл бус хүнс буюу чихэрлэг ихтэй бялуу, чипс гэх мэт зүйлийг хүнсэндээ хэрэглэдгийг судалгаагаар тогтоосон. Түүнчлэн нийслэлд амьдарч буй бага насныхан орон нутгийн хүүхдүүдээс хөдөлгөөн багатай болох нь нотлогдлоо. Тэдгээрийн биеийн тамирын хичээлд хамрагддаг байдлыг авч үзэхэд хотынхон орон нутгийнхнаас бага ирцтэй гарсан. Гэтэл орон нутагт амьдарч байгаа хүүхдийн 99 хувь нь биеийн тамирын хичээлд хамрагдаж байна. Энэ мэт олон зүйлээс шалтгаалж илүүдэл жинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна” гэсэн юм. Таргалалт халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлт хүчин зүйлийн нэгд ордог. Илүүдэл жинтэй хүн цусны даралт ихсэх, зүрхний өвчин, харвалт, чихрийн шижин, зарим төрлийн хавдар, остеоартрит буюу үенд яс ургах зэрэг өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байдаг. Дээр нь тарган, илүүдэл жинтэй гэсэн шалтгаанаар өөрийгөө чамлах, турах хүсэлд хэт автсанаас сэтгэл зүйн эмгэгтэй болоход нөлөөлдөг талаар судлаачид ярьсаар байна. Тиймээс чимээгүй энэ тахалтай улс орнууд тэмцэж эхэлжээ. Тодруулбал, хүүхдэд багаас нь илүүдэл жинтэй болохын хор холбогдлыг тайлбарлан таниулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өвчин туссаны дараа бус өвчлөхөөс өмнө сэргийлэх боломжтойг эртнээс ойлгуулж байгаа хэрэг. Манай улсын 6-11 настай таван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. Түүнчлэн тав хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь илүүдэл жинтэй байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хүн амын дунд түгээмэл, үндэсний аюулгүй байдлын төвшинд авч үзэхэд хүргэж байна. Тиймээс төр засгийн зүгээс үүнд анхаарал тавьж зарим ажлыг хийхээр төлөвлөөд байна.

СУРАГЧДАД НОМ ХУУЛУУЛДАГ БАГШ ХЭРЭГГҮЙ
Хүүхдүүд илүүдэл жинтэй болох ямар сөрөг нөлөөтэй, урьдчилан сэргийлэх нь ямар ач холбогдолтой талаарх мэдээллийг хамгийн түрүүнд эрүүл мэндийн хичээлээс олж авах ёстой. Гэтэл хэдэн жилийн өмнөөс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнөөс энэ хичээлийг авч хаяснаар эрсдэлийг улам нэмэгдүүлсэн. Нүдээ олоогүй энэ шийдвэрийг төр засаг, холбогдох байгууллагаас эргэн харснаар 2018-2019 оны хичээлийн жилээс сурагчдад эрүүл мэндийн хичээл заахаар болсон билээ. Ийм шийдвэр гаргалаа гээд бид алга ташин суух цаг болоогүй. Учир нь, энэ хичээлийг жинхэнэ утгаар нь оруулах тал дээр анхаарах шаардлагатай юм. Сурагчдад ном хуулуулаад суулгах бус тэдний амьдралд хэрэгтэй мэдлэг, туршлагаас зааж сургах нь чухал. Тухайлбал, хийжүүлсэн ундаа уух ямар сөрөг нөлөөтэй, олон удаа хэрэглэсэн тосоор хайрсан пирожки идэх нь ходоодыг хэрхэн өвчлүүлдэг талаар заах хэрэгтэй. Хүүхдүүд хоол тэжээлийн талаарх мэдлэг дутмагаас эрүүл мэндээрээ хохирч буй нь томчуудтай холбоотой. Яг үнэндээ томчууд ч эрүүл, зөв хоол хүнсийг хэрэглэж чаддаггүйг судалгаагаар тогтоосон байдаг. Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн хоол тэжээлийн мэргэжилтэн Л.Мөнхжаргал манай эмч нар ч хоол тэжээлийн талаар хангалттай мэдээлэл өгч чадахгүй байгааг хэлсэн. Харин сүлжээний чиглэлээр худалдаа эрхэлж буй хүмүүс зөв хооллолтын талаар мэдлэг мэдээлэл олгож байгаа тухай тэрбээр ярьсан юм. Энэ мэт зүйлээс шалтгаалан эрүүл мэндийн хичээлийг чанаржуулахад анхаарах шаардлагатай байна.
НИЙСЛЭЛЧҮҮДЭД ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ ТАЛБАЙ ДУТАГДАЖ БАЙНА
Хөдөлгөөний дутагдал нь таргалахын үндсэн шалтгааны нэг юм. Гэтэл дасгал хөдөлгөөн хийх битгий хэл чөлөөтэй алхах боломжгүй манай нийслэлд хүмүүс амралт чөлөөт цагаараа дасгал хийх, спортоор хичээллэх боломж хомс байна. Ийм нөхцөлд нийтийн биеийн тамирын тухай дурсаад ч хэрэггүй. Дэлхийн хотууд иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч нийслэлийнхээ зураг төсөлд хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэн төлөвлөсөн байдаг. Гэтэл манай улсад хүүхдүүд наадчих тоглоомын талбай алга. Бас нэг харамсалтай мэдээ нь, өнгөрсөн оны байдлаар нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 40 орчим сургууль биеийн тамирын заалгүй байгаа талаар салбарын сайд ярилцлагадаа дурдсан байдаг. Эдгээрээс шалтгаалан Монгол Улсыг Зүүн Ази, Номхон далайн бүсдээ “Тарган хот”-уудын тоонд нэрлэж байжээ. Энэ байдал өдгөө ямар болсныг мэдэхгүй ч яаралтай арга хэмжээ авах ёстой нь зайлшгүй үнэн. Одоогоос нийслэлд байгаа багахан ногоон байгууламжаа хайрлан хамгаалж, тоог нь нэмэх тал дээр анхаарал хандуулах шаардлагатай байна. Хотын удирдлагууд үүнд анхаарч ногоон байгууламжаа өргөжүүлэх талаар анхаарч байгаагаа мэдэгдсэн билээ.
Б.СЭЛЭНГЭ

Сэтгэгдэл (0)