Жудочдын медалийн буухиа үргэлжилсээр
- 2012-02-13
- Спорт
- 0
Австрид болж буй жүдо барилдааны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээний 66 кг-ийн жинд манай улсаас дөрвөн бөх зодогложээ.


Австрид болж буй жүдо барилдааны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээний 66 кг-ийн жинд манай улсаас дөрвөн бөх зодогложээ. Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо Голландын бөхийг ялсан ч дараагийн тойрогт хүрэл медаль хүртсэн БНСУ-ын Чо Жүн Ход ялагдав. Б.Хишигбаяр мөн хоёрдугаар тойрогт тэмцээнийг орхисон бол Д.Алтансүх хэсгийн аваргын төлөө Японы бөхөд ялагдсан ч Германы Себьястан Сиедл, өөрийн улсын бөх А.Батсуурь нарыг ялж хүрэл медалийн болзол хангажээ. 73 кг-ийн жинд барилдсан Г.Алтанбагана гуравдугаар тойрогт, Г.Одбаяр хоёрдугаар тойрогт, Н.Хадбаатар хоёрдугаар тойрогт тус тус ялагдсан байна. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жин өгсөж барилдсан ч гуравдугаар тойрогт эзэн орны бөхөд ялагдсан. Харин Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж буй. Өнгөрөгч амралтын өдрүүдэд гурван хөнгөн жингийн барилдаан явагдсан. 52 кг-д зодоглосон М.Уранцэцэг эхний тойрогтоо Румынийн бөхийг ялж хоёрдугаар тойрогтоо мөнгөн медаль хүртсэн Голландын жүдоч Ж.Сандбергт ялагджээ. 57 кг-д барилдсан Т.Баттөгс эхний тойрогтоо ялагдал хүлээв. Түүний жинд хүч үзсэн Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөж, Герман, Швейцарь, Куба, Болгарын жүдочдыг ялж хэсгийн аваргын төлөө Японы бөх Ямамотод ялагдаж хүрэл медалийн болзол хангасан ажээ.
www.UNEN.MN

Сэтгэгдэл (0)