Монголын эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлж байна

Экспортын хэмжээ өндөр, дотоодын эрэлт эрс нэмэгдсэнээс Азийн хөгжиж буй дийлэнх орны эдийн засаг өслөө гэж Азийн хөгжлийн банк (АХБ)-ны шинэ тайланд дурджээ. Тус тайланд Ази-Номхон далайн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)- ий өсөлтийг энэ онд зургаа, 2019 онд 5.9 хувь болно гэж таамагласан нь өнгөрсөн жилийн 6.1 хувийн өсөлтөөс ялимгүй бага үзүүлэлт юм.

“Зөв бодлого хэрэгжүүлж, экспорт нэмэгдэж, дотоодын эрэлт өндөр хэвээр байх нөхцөлд Азийн хөгжиж буй орнууд одоогийн өсөлтийн чиг хандлагаа хадгалж чадна” гэж АХБ-ны Ерөнхий эдийн засагч Ясуюки Савада дүгнэж, бүс нутгийн худалдааны хэлхээ холбоо сайжирч, санхүүгийн нөөц давхарга нэмэгдсэнээр олон улсын худалдаанд хурцадмал байдал үүсэх, хөрөнгө гадагшлах гэх мэт гадаад шок, эрсдэлийг даван туулах чадвартай болохыг онцлон тэмдэглэжээ.

Аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн сэргэлт үргэлжилж, АНУ, евро бүс, Япон зэрэг улсын өсөлт нийлээд 2018 онд 2.3 хувь хүрэх боловч 2019 онд өсөлтийн эрч нь бага зэрэг саарч хоёр хувь болох төлөвтэй байна. Саяхан татварын хэмжээг бууруулсан нь АНУ-ын өсөлтийг дэмжих бол мөнгөний хатуу бодлогыг аажмаар хэрэгжүүлснээр Холбооны нөөцийн банк инфляцыг зохих хэмжээнд байлгах ажээ. Харин евро бүс, Япон улсын хувьд бизнесийн итгэл сайжирч, мөнгөний зөөлөн бодлого хэрэгжсэнээр өсөлт нэмэгдэнэ гэж үзсэн байна.

БНХАУ-ын 6.9 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ онд 6.6 хувь, ирэх жил 6.4 хувиар өсөх төлөвтэй байна. Эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дотоод, гадаадын эрэлт өндөр байгаа нь тус улсын ДНБ-ий өсөлтийг ханган, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бүрдүүлэх суурийг бий болгож байна.

Өмнөд Азийн хамгийн том эдийн засаг болох Энэтхэгийн эдийн засаг сэргэсэнтэй холбоотойгоор тус бүс нутгийн өсөлт дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байна. Энэтхэгийн ДНБ-ий өсөлтийг өнгөрсөн оны төсвийн жилд 6.6 хувь байна гэж тооцсон бол энэ онд 7.3 хувь, 2019 оны төсвийн жилд 7.6 хувь болно гэж төсөөлжээ. Том дүнтэй мөнгөн дэвсгэртийг хүчингүй болгосны үр нөлөө сарниж, бараа, үйлчилгээний татварыг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2019 он хүртэл хүчтэй байх ажээ.

Дэлхийн худалдаа нэмэгдэх, түүхий эдийн үнэ өсөх зэрэг хүчин зүйлсийн ач тусыг Зүүн Өмнөд Азийн орнууд хүртсээр байна. Уг дэд бүсийн өсөлт 2017 онд 5.2 хувь байсан бол 2018, 2019 онд энэ эрчээ хадгална гэж үзжээ. Хөрөнгө оруулалт их, дотоод хэрэглээ өндөр байх нь Индонез, Филиппин, Тайланд зэрэг орны өсөлтийн хурдыг нэмэгдүүлэх бол аж үйлдвэрлэлийн суурь нэмэгдэх нь Вьетнам Улсын өсөлтийг дэмжиж өгөх аж. Төв Азийн орнуудын эдийн засгийн өсөлт 2018 онд дөрөв, 2019 онд 4.2 хувьтай гарна гэж үзсэн нь түүхий эдийн үнэ өсөх төлөвтэй байгаатай холбоотой юм. Харин Номхон далайн орнуудын ДНБ дараагийн хоёр жилд 2.2 болон гурван хувиар өсөхөд тус бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Папуа Шинэ Гвиней газар хөдлөлтийн улмаас тасалдсан байсан байгалийн хийн олборлолтоо хэвийн болгох явдал голлох нөлөө үзүүлэх ажээ.

Азийн хөгжлийн төлөв 2018 тайланд 2017 онд 5.1 хувьтай байсан Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлтийн хурд 2018 онд саарч 3.8 хувь болох ч, 2019 онд эргээд бага зэрэг нэмэгдэж 4.3 хувь болно гэж таамаглажээ. ДНБ-ий өсөлт 2016 онд 1.2 хувьтай байв. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, нэн ялангуяа Оюу Толгойн далд уурхайн хөгжүүлэлт нь өсөлтийг дэмжих гол хөдөлгүүр хэвээр байх болно. Гэвч тээвэрлэлтийн саад бэрхшээлээс улбаалан нүүрсний экспортын хэмжээ 2017 оны гүйцэтгэлд хүрэхгүй, харин 2019 онд асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ гэж үзсэн байна.

“2018, 2019 онд Монголын эдийн засгийн өсөлт хүчтэй байх төлөвтэй байна. Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх нь өсөлтийн эрчийг хэвээр хадгалах үндэс болно. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хэрэгжилт төсөөлснөөс илүү сайн байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулахад дэмтэй байна. Уг хөтөлбөрийг засгийн газрын зүгээс үргэлжлүүлэн дэмжих нь ирээдүйд макро эдийн засгийн нөөц, бодлогын орон зай бүрдүүлэхэд төдийгүй Монголын мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен тэмдэглэв.

Онцгой албан татвар нэмэгдэж, төгрөгийн ханш хоёр жилийн өмнө 24.7 хувиар суларсан нь импортын үнэд нөлөөлсөн, мөн гантай байснаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөн зэргээс шалтгаалж өнгөрсөн онд инфляцийн төвшин 4.3 хувьтай гарсан. Энэ төвшин 2018 онд нэмэгдэж найман хувь, ирэх онд долоон хувь болно гэж АХБ таамаглажээ. Дотоодын эрэлт нэмэгдэж, газрын тос, хүнсний үнэ олон улсын зах зээл дээр өсөхийн зэрэгцээ 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр энэ онд инфляц өсөх аж. Харин газрын тосны үнэ буурч, дотоодын эрэлт саарахын хэрээр эдгээрийн үр нөлөө ирэх жил саармагжих төлөвтэй байгаа юм.

Монгол Улсын төсвийн алдагдал 2017 онд ДНБ-ий 3.9 хувьтай тэнцэж байсан бол энэ онд 6.4 хувь, ирэх онд 5.1 хувь болно гэж тооцоолсон байна. Энэ нь нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал, тоног төхөөрөмжийн зардал нэмэгдэхийн хажуугаар жижиг, дунд үйлдвэрүүдийн татварын ачаалал, тайлагналын шаардлагыг бууруулах шийдвэр хэрэгжиж эхэлснээр төсвийн орлогын бүрдүүлэлт хумигдах магадлалтай байгаагаар тайлбарлагдаж байгаа юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс сэргэсэн, олон улсын хөгжлийн түншүүд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, худалдааны нөхцөл сайжирсан зэргээс гадаад өрийн томоохон хэсгийг дахин санхүүжүүлэх боломж бүрдсэн. Эдгээрээс шалтгаалан төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2.5 хувиар чангарсан юм. Урсгал дансны алдагдал тухайн онд буурч 6.3, харин ирэх жил долоон хувь болно гэж тооцоолсон байна.

Эдгээр төлөвт нөлөөлж болох сөрөг эрсдэлд нүүрс, зэсийн үнэ буурах, өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтэд саад учрах, махны үнэ өсөх, Оюутолгойн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт тасалдах, банкуудын бүтцийн өөрчлөлтийг хийх явцад санхүүгийн тогтвортой байдал алдагдах зэргийг дурдаж байлаа. “Харин ашигт малтмалын үнэ өсөх, уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж эхлэх зэрэг нь энэхүү төлөвт эерэг нөлөө үзүүлж болзошгүй юм” гэж АХБ-ны ахлах эдийн засагч Доклан Магий дүгнэж байлаа.

 

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)