Аялaлын автобусыг ирэх сарын 1-нээс үйлчилгээнд явуулахаар болжээ
- 2018-04-15
- Улаанбаатар
- 0

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Хүн амын ахуй үйлчилгээ-2020”, “Худалдаа хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” дэд хөтөлбөр батлах, “Сити-тур” төсөл хэрэгжүүлэх, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити- тур” төсөл хэрэгжүүлэхээр болсон. Нийслэлийн ЗДТГ- ын дарга М.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Сити-тур” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг танилцууллаа. Уг төслийн хүрээнд хот болон хот орчмын автобустай аяллаар Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газрууд, томоохон бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж болох юм. Түүнчлэн гадаад, дотоодын жуулчдаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг уг аялалд түлхүү хамруулах зорилго тавьж ажиллах юм байна. Төслийг ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
“Сити-тур” аялалд АСЕМ-ын чуулга уулзалтад зориулан авч байсан шинэ автобуснуудаас үйлчилгээнд явуулах юм. Ийнхүү нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн шинэлэг үйлчилгээг бий болгох, гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах арга хэмжээний тоог нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түүх соёл, аялал жуулчлалын үзмэрүүд, хотын өнөөгийн хөгжлийг танилцуулах зорилгоор “Сити-тур” төслийг хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болгов.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)